Б.ОД

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн онд нийт 98  мянга гаруй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад Эрүүгийн хэрэг 18 хувиар, Иргэний хэрэг 27 хувиар, Зөрчлийн хэрэг 10 хувиар тус тус нэмэгджээ. 

Анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 67 хувийг нь эцэслэн шийдэж, 15 хувийг  нь прокурорт буцаажээ. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна. 

Мөн тус онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн гэдгийг албаныхан хэлэв. 2022 онд бусдыг залилах гэмт хэрэг 11 хувиар өссөн байна. 

 Эх сурвалж:www.polit.mn