Б.ДОЛЖИНЖАВ

 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл нийгэм дэх хэвшмэл ойлголтыг халахад чиглэсэн жендэрийн мэдрэмжтэй бүтээлүүд гаргах санаачилгыг дэмжихийн тулд виртуал редакцын хэлбэрээр ажиллахаар боллоо. Энэ цахим редакц нь жендэрийн тэгш байдлын сэдвээр даацтай бүтээл туурвиж, хэвшмэл ойлголтыг халахад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдэд ур чадвараа ахиулах, уншигч, үзэгч, сонсогчдынхоо итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, урам зориг өгөх зорилготой юм. Тодруулбал, виртуал редакцид нэгдсэн сэтгүүлчид олон улсын туршлагатай редактортай хамтран ажиллаж, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Учир нь “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын редактор Д.Мөнхчимэг нь ОХУ-ын Иваново хотын их сургуулийг сэтгүүлчээр төгсөж, Латви улсын Рига хот дахь Стокхолмын эдийн засгийн сургуульд медиа менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2008 оноос өдөр тутмын “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан” сонин, “Монголиан экономи”, “Гэрэг”, “Үндэстний тойм” сэтгүүл болон олон улсын “Ройтерс” агентлаг, “Глобал пресс жоурнал”-д сэтгүүлч, тоймч, редактораар ажиллаж байсан туршлагатай. Одоо Хэвлэл мэдээллийн зөвлөлд хараат бус зөвлөхөөр ажилладаг юм.


Бүтээл туурвих, зөвлөгөө авах бүх үйл явц цахимаар үргэлжлэх тул сэтгүүлчид үндсэн ажлынхаа хажуугаар дээрх редакцын үйл ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулж, жендэрийн мэдрэмжээ нэмэгдүүлэх боломжтой. Нэг жилийн хугацаанд сар бүр өөр өөр сэдвийн хүрээнд бүтээл туурвих учир редакцууд жендэрийн мэдрэмжтэй бүтээлийг цувралаар гаргаснаар олон нийтийн санаа бодолд эерэг өөрчлөлтийг авчрах юм. Тухайлбал, “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц энэ оны II-VI сарын хооронд сар бүр тодорхой сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс нийт 15 бүтээлийн санал хүлээн авч, редакторын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм. Дээрх 15 бүтээлээс сар бүр нэг шилдэг бүтээл сонгон шалгаруулж, нэг сая төгрөгийн урамшуулал олгоно. 


Гуравдугаар сарын 8-н буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “DigitALL: Жендэрийн тэгш байдлын төлөөх инновац ба технологи” сэдвийн дор тэмдэглэхээр НҮБ шийдвэрлэсэн. Мөн ЦХХХЯ-наас мэдээлснээр манай улсын  харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 64 хувь нь эрэгтэй, 36 хувь нь эмэгтэй байна. Тиймээс “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан II-III сарыг “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд бүтээл туурвих сар болгон зарлалаа. Үүнд оролцох сэтгүүлчид хоёрдугаар сарын 15-ны 15:00 цагаас өмнө Google form-оор бүтээлийн саналаа өгнө. Бүтээлийн саналуудыг “Мэдрэмжтэй мэдээлье” баг тухайн өдрөө хэлэлцэж, батална. Шалгарсан 15 бүтээлийн санал гаргасан сэтгүүлчдэд хариу өгч, сэтгүүлчид бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлнэ. Редактортай зөвлөлдөх уулзалт цахимаар хийж, зөвлөгөө авч бүтээлээ сайжруулснаар олон нийтийн хүртээл болгох юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)