Аян замын тэмдэглэл-1

 

Томоороо дэлхийд нэгд ордог Токио хот шинийн есний торойх үүлгүй, тортог тоосгүй мэлцгэр цэнхэр тэнгэрийн доор амгалан дүнсгэр, ихэмсэг дүнжгэр. Эргэн тойрны хот тосгодтойгоо гучин найм шахам сая хүн оршин суудаг нүсэр энэ хот барагтайд хөл алдамгүй, хаана юу болж байгаа нь ч мэдэгдэмгүй. Тэгтэл харин сумогийн ертөнцийн төв болсон Рёгокү дүүрэг, тэр дундаа арван нэгэн мянган хүний суудалтай сумогийн Рёгокү Кокүгикан ордон олны хөлд дарагдаастай, бүрээ эгшиглэж, бөмбөр нүдэх мэт битүү бөглүү хөг эгшиг тэртээ тэндээс нүргэлээстэй. Улаанбаатар хотод улсын наадам ид өрнөж байх шиг л санагдана. 
Мянга таван зуу гаруй жилийн буурал түүхтэй сумо хэмээх японы үндэсний бөхийн барилдаан мэргэжлийн болж, таван зууны нүүрийг үзэхдээ Мөнхбатын Даваажаргал гэдэг монгол хүү шиг ийм эгнэшгүй их аваргыг төрүүлж байсангүй, тэгтэл бас ойрын тойрд ахин төрнө гэж ам гарах хүн ч алга. Тийм л хосгүй нэгэн аварга, 2023 оны нэгдүгээр сарын 28-ны торойх үүлгүй тэнгэртээ наран тухлан гийсэн энэ өдрөөс хойш дохё хэмээх тойрог дугуй дэвжээн дээрээ барилдана гээд өрж түрж зогсохгүй, олны сэтгэлийг оргилуулан буцалгаж,  тэмүүлэн дүүлэхгүй. Зодог тайлна гэдэг энэ л юмсанж. Ингээд бодохоор, цагийг ухааруулсан цаанаа жаахан гунигтай ч юм шиг.


Масу секи гэх дөрвөн талдаа хашлагатай, тэгш дөрвөлжин талбай дахь дөрвөн олбогны нэгнээ би тухалж авав. Сумогийн ганц бөх тэрхүү дөрвөн суудлыг бүхлээр нь эзлээд ч дөнгөн данган багтахаар тийм зай багатай ч гэлээ, цаанаа нэг л тухтай тавлаг, цухалдсан сэтгэл ч тэгсгээд амаржиж тайвширмаар. 
Ёслол хараахан эхлээгүй байлаа. Монгол дээл хувцас гэдэг яасан нүд тусахаар гоё ганган юм бэ хэмээн дуу алдмаар, зүс мэдэх, мэдэхгүй нутаг нэгтэн эрэгтэй эмэгтэй хүмүүс энүүгээр тэрүүгээр зөрнө, ирж зарим нь мэндэлнэ. Хэдэн мянган япон хүмүүсийн дотроос ингэж ялгарч байхыг бодоход, олон л монгол хүн иржээ. 
Үзэж суугаа бид хүртэл сэтгэл хөөрч, суудал дээрээ тогтохгүй шахам догдолж байхад энэ их ёслолын эзэн Хакухо аварга яаж байдаг бол? Биеэ тун ч сайн эзэмддэг, алдаа хий гаргадагүй, насандаа баймгүй хэрсүү залуу билээ. Ухаантай л хүний шинж гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тэгтэл бас хүний удам судар, хувь заяаны талаар ч элдэв бодол эргэж хургана. 


Хойтон гэхэд жаран жилийнх нь ой тохиох Ази тивд болсон анхны олимпын наадам, 1964 оны намар. Тэрхүү их наадмыг долоон бөх, эмч, дасгалжуулагч, албаны хоёр хүн бүгд 11-үүлээ зорьжээ. Жараад жилийн тэртээд яаж одоогийнхтой юм бүхэн адилхан байх вэ! Хүрч очих зам нь хүртэл тойруу, ядаргаа зүдэргээ ихтэй байж. Улаанбаатараас онгоцоор гарч, Эрхүүгээр дамжин ниссээр Хабаровскт хүрнэ. Тэнгэрээр ирсэн хүмүүс газраар явгалж, Хабаровскаас галт тэргээр хөдөлж, Владивосток хүрнэ. Тэндээсээ Находка орно. Тэгээд цааш яаж Токио хүрэх вэ? Япон тэнгисийг туулах 990 километрийг усан онгоцоор эвхэхээс өөрөөр яах билээ. Тийнхүү бууж сууж, гурван төрлийн унаа сэлгэж сольсоор ядарч сунжиндсан хэдэн монгол хүн Токио хотноо хөл тавьжээ. Тэдний дунд 23 настай, улсын арслан, спортын мастер цолтой Жигжидийн Мөнхбат гэдэг махлаг цагаан залуу явж байв. 


78 кг-ын жинд барилдсан 22 бөхийн дотроос тун ч одтой сайхан барилдаж, дараалан гурав ялжээ. Дөрөв дэх гараандаа Олимп, дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Туркын алдарт бөх Огантай эн тэнцүүхэн үзсэн ч, тухайн цагийн чөлөөт бөхийн дүрмээр торгуулиар ялагджээ. Тийнхүү Жигжидийн Мөнхбат гэдэг залуу монгол хүн олимп, дэлхийн дэвжээнээ сайн барилдаж болох юм байна, медальд ч хүрэх цаг холгүй юм байна гэсэн дэврүүн сайхан итгэл сэтгэлийг анх түрүүн хэн бүхэнд төрүүлжээ. Тэртээх жараад онд Токиогийн тэнгэрийн дор хийморьтойхон алхаж явсан суутай бөхийн цуутай хүү өнөөдөр зодог тайлж байна. Хүний удам судар, учрал ерөөл гэгч яасан ч сонин, давхцал тохиолоор дүүрэн байдаг юм бэ дээ гэх бодол өөрийн эрхгүй төрж суулаа.    


Ахиж дохё дээрээ барилдана гэж гарахгүй их аварга Хакухо, Өсөхөө аваргын хүү, төрсөн эгчийнхээ хүү, өөрийн хүү гэсэн монгол түмний ирээдүй болон цахилан гарч ирэх гурван хөвгүүнтэй ёслолын барилдаан хийсэн, “Миний бөхийн замнал ингээд өндөрлөлөө, тэс өөр орчинд ингээд би хөл тавьж байна, одоо би шавь нараа л бэлдэнэ” гэж хэлээд дэвжээн дээрээс буусан, урд нь 45 удаа гардаж авсан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг нь дархан аварга, төрийн сайд Б.Бат-Эрдэнэ үүрд хадгалуулахаар гардуулсан, аав нь амьд сэрүүн байсан сан бол, хүүгийнхээ үсэнд хүрээд үнсэх байлаа даа гэх Ө.Тамир гэдэг  ухаант сайхан эхийн уярам үг, “нэгэн цаг үед барилдаж явснаараа бахархана” гэсэн Харүмафужи Бямбадоржийн үг, “аавынхаа үс толгойд хүрч болдоггүй байлаа, одоо би эрхлүүлж илнэ дээ” гэсэн бага охиных нь хүүхдийн өхөөрдөм үг гээд аль аль алтан торгон агшиныг хэлж бичиж барах билээ! 


Тэр бүхний дотроос нүд дүүрэн хүний үр гэж хэлж болохоор, дуучны хосгүй хоолой харамгүй заяасан Ганбаатарын Ариунбаатар Монгол Улсын төрийн дууллыг дуулсан тэр агшин монгол хүн бүхний тархи толгойноос замхрахгүй, мөнхөрч үлдэнэ. Японы төрийн дууллыг дуулсан дуучныг арай дутуу үнэлэх хүмүүс байх шиг байсан. Яаж тэгж болох вэ?! J-pop-ын жинхэнэ од, япон хүн бүрийн мэддэг, таньдаг, шүтдэг нөгөө алдарт Гакт шүү дээ! Гакуто Оширо буюу Гакт гэдэг тэр алдарт дуучин тайзан дээр гарч ирж, үзэгдсэн төдийд л болно гэдэг хүмүүс ч бий. Гадаад олон хэлтэй, таеквондо, карате, бокс, холимог тулааны мастер, дуучин, жүжигчин, хөгжимчин тэр хүн хоолойны нэн хүнд өвчний учир эмч нар дуулж болохгүй хэмээн хатуу хориглодог юм гэнэ билээ. Нөхөрлөлдөө үнэнчдээ, их аваргыг аргагүй хүндэлдэгтээ л зодог тайлах ёслолд нь хүрэлцэн ирж, төрийн дууллаа тийнхүү дуулсан хэрэг юм. 


Сумогийн ордноос холгүйхэн, алдарт тэнгэрийн цамхагийн хажууханд байх Тобу Левант хэмээх тохилог том буудалд буусан бидний хэдэн нөхөд орой үдшийн цагаар бие биенийхээ өрөөгөөр хаа нэг орох нь бий. Нэг тэгж ортол алдарт уяач, хөдөлмөрийн баатар Д.Даваахүү гуай сумогийн ордонд болсон зодог тайлах ёслолын тухайд ийн өгүүлэв. “Энэ ёслол ч тэр дутуу гэх юмгүй, аргагүй сайхан боллоо. Ганц юм л жаахан үгүйлэгдлээ.” “Юу тэр вэ?” “Уртын нэг дуу дуулаадахсан бол доо” гэж суув. Урд өмнө ирэхдээ тэрбээр Токиогийн тэнгэр доор Норовбанзад гуайн хэрхэн яаж, сонсож суугаа хүн болгоны тархины хялгасан судсыг чимчигнүүлэнхэн, суудал дээрээсээ тасарч салтал нь дуулахыг сонссондоо, аргагүй түүнийг үгүйлсэндээ тийн өгүүлсэн биз ээ.       
Японы ард түмэн бол улс орон нь улам бүр хөгжихийн хэрээр уламжлалт соёлоо орхиж гээхгүй, хадгалж авч үлдэх гэж хичээж байгаа үндэстэн. Тийм гэдэг нь юухнаас ч бол илэрхий. 
Сумогийн ордонд болсон их ёслолын дараа Нью Отани хэмээх таван одот зочид буудлын их танхим дахь мянган хүний хүлээн авалтын эхэнд кагами-бираки буюу саке архины торх нээх ёслол болов. Тусгайлан зассан индэр дээр тус бүр нь 72 литр саке нэрж дарсан лужир том япон хушин торх эгнүүлэн өрсөн харагдана. Хуран цугласан мянган хүний дундаас нэн хүндэт зочдыг нэр зарлан дуудсаар тэрхүү индэрт гаргана. Хүн тус бүрт алх гэхээсээ сүх гэмээр том модон алх хүндэтгэлтэйгээр атгуулна. 


Японы Ерөнхий сайд асан Мори Ёсиро, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр гэдэг нэрс тэрхүү хүмүүсийн тэргүүн дээр дуудагдсан боловч, гарч ирэлгүй нэлээд удав. Тэр хооронд япон, монгол болон өөр бусад орны алдар цуутай хүмүүс ээлж дараалан гарч ирж, нэг нэг модон алх атган заасан аль нэг торхны хажууд очиж зогсоно. Тэгтэл ч өдгөө 86 настай, хөл нь нэлээд муудсан болов уу гэмээр Мори гуайн тохой дээрээс дэмнэсээр Намбарын Энхбаяр гарч ирэв. 
–Хүүш, Мори гуайг хөтлөөд гараад ирлээ шүү дээ хэмээн тэрхэн зуур манай ширээнд дөхөж ирсэн монгол хэлтэй нэгэн япон хүн илт олзуурхан хэлэх нь чих дэлсэв. Хүний хүндэтгэл багаддаггүй, олны хөлд дарагддаггүй юмсанжээ. 
Японы Мори, Монголын Энхбаяр гэдэг хоёр хүн ч ямар нэг хэмжээгээр барилдлагатай л хүмүүс юм. Намбарын Энхбаяр 2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд болчихоод гадаад айлчлалаа Японоос эхлэхэд Мори Ёсиро гуай ч Засгийн газрынхаа тэргүүн болчихсон угтаж байсан түүхтэй. Тэгж тогтсон хоёр орны, хоёр улстөрчийн халуун дотно харилцаа тасарсангүй, өдий хүртэл явж иржээ. 


Би ч гэлээ, орчин үеийн японы хамгийн алдартай, хурц тод гялалзсан улстөрч гэгддэг тэр хүний намтрыг ихэд сонирхож, англиар орчуулж гаргасан “Миний түүх: Мори Ёсирогийн дурдатгал” хэмээх номыг нь орчуулахсан гэж бодож л явсан. Их хүн гэдэг ихээрээ үлддэг, нийгмийн томоохон үйл явдлын тодорхой эзэн нь болж байдаг гэдгийг Мори гуай биеэрээ харуулсан хүн. 2014 оны Токиогийн  олимп зохион байгуулах хороог толгойлж байсан долоон жилийн адармаатай түүх ч түүнд бий. “Мори гуайн зөвлөгөө одоо ч бидэнд үнэ цэнтэй хэвээрээ” хэмээн энэхүү хүндэтгэлийн хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын үг түүний хэн болохыг бэлээхэн илтгээд өгөх шиг санагдана. 


Н.Энхбаяр даргын хувьд их аваргын зодог тайлах ёслолд биеэр оролцох учир жанцантай, тэр ч дагуу уригдсан төдийгүй, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийн өмнөөс төрийн бэлгийг ёс төртэй гардуулах үүрэг хүлээсэн юмсанжээ. Хөндлөнгөөс харж суухад олон зүйл анзаарагддаг. Улс орныхоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайдын албыг хашиж, хаанахын хэнтэй ч эн тэнцүүхэн ярьж, ямар ч тулгамдсан шийдвэрийг гаргаж ирсэн төрийн хүний ажил хэрэгч, эрхэмсэг чанар, намба төрх, зангараг зиндааг өөрийн эрхгүй мэдэрч, ийм хүн их ажлын улмаас хүрэлцэн ирж амжаагүй улсынхаа Ерөнхийлөгчийг төлөөлж байгаад дотроо ихэд бахдаж суув. Хакухо Даваажаргал бол цагийг эзэлсэн давтагдашгүй аварга, Монгол, Японы ард түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл, үнэн бахархалт хөвгүүн мөнөөсөө мөн. Тийм хүнийг бүрэн үнэлж, гүйцэд хүндэтгэх ёстой.   


Нэр гарсан нэн хүндэт зочид нэг нэг лужир торхны хажууд модон алхаа барин өөд өөдөөсөө хэдэнтээ толгой дохиж, хэдэнтээ инээвхийлж, монголоор бол, хүнд зүйлийг хүчлэн өргөхдөө гаргадаг нэгэн авиа адил, ёо-ий-шо хэмээн гурвантаа давтаад алхаа буулган ёсыг гүйцэтгэв. Тийнхүү торх савны бин битүү тагийг нээх буюу эв найр, аз жаргалыг билэгдсэн, нөгөө талаар цоо шинэ эхлэл, амьдралын их өөрчлөлтийг илэрхийлсэн ёслол өндөрлөж, дайллагын ширээнд тухалсан зочин бүр масу хэмээх модон тагшаар кампай хэмээсээр ариун идээ саке хэмээх сархдыг дээдлэн байж хүртэцгээв. 
Улсын Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Мөөеө аваргатай идэр залуу наснаасаа үерхэж нөхөрлөсөн Дүгэрсүрэн зэрэг бидний хэдэн хүн Тамир эгчийн ширээнд таарсан байв. Хүүгийнхээ тухай магтсан, ёслол хүндэтгэл сайхан болж байгааг хэлсэн ярьсан хүнд хариу олныг үл өгүүлэн, -Ээ, бурхны минь аврал, төрийн минь сүлд, олны минь ач тус. Эцэг дээдсийн минь ивээл хайр байх даа хэмээн хариулах нь чихнээ их л зөөлхөн сонсогдоно. 


Цаглашгүй их авъяас билэгтнийг арчилж тордож авч явна гэдэг тийм ч амар зүйл биш байх. Их авъяас гэдэг бол дандаа хөөргөдөж болохгүй, бас дарж болдоггүй асаж дүрэлзсэн амархан тайлчих аргагүй тийм л нэг араншин юм. Зүй зохисыг тааруулж, дэврээж шатаачихгүй, дарж байгаад унтраачихгүй авч явахад ухаан, ууч сэтгэл, тэвчээрийн аль аль нь л хэрэгтэй биз. 
Монгол даяар суу нэр нь түгсэн Мөөеө аваргыг ухаанаараа түшиж, Монгол, Японгүй нэр алдар нь цуурайтсан энэ цагийн суутны нэг Хакухо аваргыг ухаанаараа амлуулан байж өлгийдсөн Тамир гэгч энэ турьхан эмэгтэй ямар амар хүн байж таарах вэ! Ийм л ухаант монгол эхчүүд энэ Монголыг минь, ирээдүй хойчийг минь дархалж ирсэн, дархлах ч болно гэж бодоход дотор уужрах шиг болж, Токиогийн тэнгэр дор би монгол хүн, бид монгол хүмүүс гэсэн бахархал аяндаа төрнө. Ер нь ч эзэн Чингис шиг аугаа их өвөг дээдсийн удам судар  монголчууд бид уруу дорой явах учиргүй, тийм тийм гэж Хакухо аварга шиг энэ цагийн эгэлгүй сайхан монгол хөвгүүд ятгаж ухуулаад ч байх шиг санагдана.  “Сайхан монгол хүн” гэсэн нэр төрөө хадгалж, хамгаалж явъя хэмээн дахин дахин хэлмээр бодогдоно.

Долгорын Чулуунбаатар, Токио хотноо татлав. 
Үргэлжлэл бий.  

 

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 34 (7019)