Т.САЙХАН

Зураг дээрх эмэгтэйг Д.Баярмаа гэдэг.  Тэрбээр ажлын өдрүүдэд өглөө болгон Төрийн ордны өмнө ирж, эсэргүүцлээ тайвнаар илэрхийлдэг байна.   Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таны үзэл бодлоо илэрхийлж байгаагийн гол учир шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд  үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх  эрх чөлөөний тухай тодорхой заасан байдаг.  Гэвч сүүлийн үед Монгол Улсын  иргэний энэ язгуур эрх чөлөө хөндөгдөх боллоо.  Миний олж авсан мэдээллээр үгээ хэлж үзэж бодлоо илэрхийлсний  төлөө Монгол Улсын зургаан иргэн хуулийн байгууллагын хаалга татаад байна.   Зарим иргэд маань үгээ хэлэхдээ мэдээж эмоц өндөртэй, янз бүрийн сэтгэл хөдлөл гаргадаг байх.  Тэглээ гээд хүний язгуур эрх чөлөөнд нь халдаж болохгүй.  Уг нь үг хэлж байгаа хүмүүсээ хүний ёсоор хүндэтгээд хүлээн авч уулзаад, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, ярилцаж тайлбарлах ёстой.  Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Үгээ хэлснийх нь төлөө тэдгээр хүмүүсийг  барьж хорьж байгаа нь нэг ёсондоо хэлмэгдүүлж байна гэсэн үг.

-Таны үг хэлэх эрх чөлөө зөрчигдөж байв  уу?

-Надад одоогоор тийм зүйл тохиолдоогүй байна.  Би гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй. Үг хэлэх эрхийнхээ төлөө өглөө хүүхдээ унтаж байхад талбай дээр ирж 30 орчим минут зогсоод явдаг. Ерөнхийдөө тайван замаар үзэл бодлоо илэрхийлдэг.

-Зургаан хүн хоригдсон гэлээ.  Тэдний талаар мэдээлэл хуваалцахгүй юу?

-Эрдэнэсувд ээжтэйгээ хамт хоригдож байна.  Мөнхбаяр гуай байна.  Д.Мөнх-Эрдэнэ сая суллагдангуутаа эргээд хоригдчихлоо.  Миний хардаж байгаагаар бол гэрээс нь 44 тэрбум төгрөг гарч ирдэг Батдөлтэй нэг газар хоригдохдоо түүнээс сонссон мэдээллийг цахим сүлжээнд мэдээлсэнтэй холбоотой эргээд хоригдчихов уу гэж хардаж байна.

Эх сурвалж:www.polit.mn