Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Танхимд буй босоо монгол бичгээр урлан бичсэн бүтээлүүд уран зураг мэт тансаг харагдана. Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн-2022”  улсын 26 дахь уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. Бүтээл бүр өөрийн өнгө аяс, өгүүлэмжтэй аж. Өвөрмөц бичлэг, дуудлага бүхий монгол үндэстний гайхалтай өв соёлын нэг бол босоо монгол бичиг билээ. Монгол Улс Азийн цээжинд оршин тогтносон цагаас эхлэн түүх дурдатгал бүхэн монгол бичгээр бууж, өнөөгийн орон зайд өртөөлөн ирсэн. Тиймээс монгол хүмүүн  бүрийн мэдэж,  сурах ёстой үнэт өв мөн. “Чингисийн билиг сургаалийн өв” хэмээн гарчиглаж, уран тансгаар буулгасан бүтээлийн эзэн Ч.Өнөрзаяаг “Зууны мэдээ” сонин урьж ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Жаргалант сумаас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцож, XII ангийн сурагчдын ангилалд  тэргүүн  байр эзэлсэн юм.  

 

-Бүтээлийнх нь сэдэв сонирхолтой санагдлаа.  Яагаад энэ сэдвийг сонгож, монгол бичгээр буулгахаар болов?
-“Чингисийн билиг сургаалийн өв” сэдвээр 300 үгтэй эссэ бичиж, уралдаанд оролцсон. Эссэгээ бичихийн тулд Чингисийн сургаалийн эх сурвалжийг уншиж судлан 25 хоногийн хугацаа зарцуулсан. Харин монгол бичгээр буулгах бүтээлийн санаагаа гаргаж, зүгшрүүлж бичихдээ 21 хоног болсон. Бүтээлээрээ ертөнцийн их амар амгаланг тогтоосон Чингис хааны алсын хараа, зоримог байдал, суу билгийг  харуулахыг зорьсон. Мөн Чингисийн билиг сургаалиас өнөөгийн бидэнд юу нь өвлөгдөж ирсэн бэ гэдэг санааг гаргахыг хичээсэн.


-Олон өдрийн хичээл зүтгэлээс шилдэг бүтээл нь төржээ. Бүтээл нь шилдгээр шалгарч, шагналаа гардах мөчийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Аав ээж, ачит багшийнхаа өмнөөс хараад шагналаа авах мэдрэмж үнэхээр сайхан байсан. Зорьсондоо хүрээд хичээсэн өдөр бүхэндээ, бэлтгэсэн багшдаа, дэмжсэн аав ээждээ маг их талархаж байна. Уралдааны арванхоёрдугаар  ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлж МУИС-д урилгаар суралцах эрхийн бичиг гардсан. Уралдаанд оролцсон бүтээлээ бийрийн бичлэгээр бичсэн. Мөн дүрмийн шалгалт өгсөн. 


-Удахгүй сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгох хариуцлагатай мөч ойртсон байна.  Ямар мэргэжил эзэмшихээр зорьж байна вэ?
-МУИС-д монгол хэлний багшийн мэргэжлээр сурна. Сургуульдаа сайн сурч, эзэмшсэн эрдэм мэдлэгээ зааж өвлүүлэх үүргээ хичээнгүйлэн биелүүлэхийг зорьж байна. Багш шигээ чадварлаг багш болохыг хичээнэ.


-Багш нь ямар арга барилаар монгол бичгийг заадаг вэ?
-Би Төв аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 12-р ангийн ангийн сурагч.  Манай монгол хэлний багшийг Б.Сэнгээ гэдэг. Тэргүүлэх зэрэгтэй мундаг хүн бий. Багш маань бидэнд зургадугаар ангиас монгол бичиг заасан. Анх би ангийнхаа хамгийн муухай бичигтэй, үсгээ нүдэлдэггүй хэнэггүй хүүхэд байлаа. Багш маань хичээлийн дараа авч үлдээд давтуулдаг байсан. Тэгээд би VI ангиа төгсөхдөө сайн бичдэг болсон. Манай суманд долоо хоногт хоёр цаг  монгол бичгийн хичээл ордог. Манай ангийнхан монгол бичгийнхээ хичээлд дуртай. Ялангуяа, унших их сонирхолтой. Манай анги "Төв аймгийн тэргүүний уншигч анги" болсон. “Хүмүүн бичиг” сонины идэвхтэй захиалагчид.
 Багш маань багаас нь цагийн юмыг цагт нь хийхийг сургаж,  энгийнээр ойлгомжтой заадаг. Бас шавь нараа үргэлж урмаар тэтгэж хичээх хүслийг нь бадраадаг. Бэрхшээлийн цаана бэлэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж дандаа хэлдэг. Мөн өөрөө ч үлгэр жишээ үзүүлж хичээж суралцаж байдаг нь надад урам зориг өгдөг. Намайг үргэлж дэмжиж, эрдэм мэдлэгийн охь шимээ хүртээж, амжилтын минь хөтөч болдог Б.Сэнгээ багшдаа талархаад баршгүй. Цаашид их сургуульдаа хичээнгүйлэн суралцаж эх орондоо хэрэгтэй, чадварлаг сайн багш болно. Мөн тэмцээнд оролцоход гэр бүл, багш нар, найзууд маань намайг үргэлж дэмждэгт талархдаг.


-“Монголын сайхан бичигтэн” уралдаанд хэдэн жил оролцож байна? 
-Долдугаар анги буюу 2017 оноос хойш тасралтгүй оролцсон. Харин бийрэн бичлэгийг  2018 оноос бичиж эхэлсэн.


-Бийрэн бичлэгээр бичихэд юуг анхаарах вэ? 
-Монгол бичгийг үзгээр бичихэд харьцангуй хялбар байдаг. Харин уран бичлэг их төвлөрөл, дадлага ажил, сэтгэл зүйн бэлтгэл шаарддаг. Нуруу цэх, бийр босоо байх хэрэгтэй. Бухимдсан эсвэл хэт их сэтгэл хөөрөлтэй үед бичиж болдоггүй.  Сэтгэл зүй тайван үед уран бичлэг сайхнаар буудаг. Бийрээр бичих нь нэгэн төрлийн бясалгал болж сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг.


-Бүтээл эхлэхээс өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?
-Эхлээд тухайн бүтээлийнхээ санаагаа олж, түүнийхээ дагуу олон өдөр монгол бичгээр буулгаж, зүгшрүүлдэг. Ингээд чимээгүй орчинд анхаарлаа төвлөрүүлээд бичнэ. Алдвал дахин эхэлдэг. Тэвчээртэй, хянамгай байхыг шаарддаг урлаг. Бичих явцдаа өөртөө урам өгч сөрөг зүйл бодохгүй байхыг хичээдэг. 


-Монгол бичгийн ямар мөн чанар илүү татаж, ирээдүйн зорилгод хөтөлсөн бэ?
-Монгол хүний өв соёлын алтан ганжир болсон босоо монгол бичиг яах аргагүй бидний бахархалт бичиг үсэг. Каллиграфийн бүтээлүүдийг анх хараад л сэтгэл хөдөлж догдолж байсан. Нэг тийм хүний зүрх сэтгэлийг догдлуулж чаддаг нь уран бичлэгийн онцлог байх. Тиймээс хичээнгүйлэн суралцсан. Бичих явцдаа сүр хүчинд нь дарагдаж, уран яруу тансаг зурлага бүрт нь хөглөгдөж орчлонгоос тасарч чаддаг. Тайвшралыг мэдрүүлэхийн зэрэгцээ миний урласан бүтээлийг хүн хараад сэтгэл нь хөдөлнө гэж бодохоос л улам хичээмээр санагдаж эхэлсэн дээ.

 

Амжилтууд

Ахлах ангийн сурагчдын ангиллын цахим уралдааны шилдэг 10 сурагчийн нэг.

Уран бичлэгийн улсын уралдааны ахлах ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр.

“Мөнх тэнгэрийн бичиг “олон улсын уран бичлэгийн уралдаанд тусгай байр.
 
Гандантэгчинлэн хийд, БШУЯ хамтран зохион байгуулдаг “Миний монгол бичиг” улсын олимпиадад дэд байр.

Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг “Хичээнгүй бичигтэн”  улсын IX уралдаанд гутгаар байр. 

“Монгол туургатны өв соёл олон улсын дүрслэх урлагийн их наадам”-д ахлах насны ангилалд тусгай байр.

Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдаанд тусгай байр.

Чой.Лувсанжавын нэрэмжит монгол бичгийн уралдаанд тэргүүн байр.

Хаан бичиг номын дэлгүүрээс зохион байгуулсан уран бичлэгийн цахим уралдаанд тусгай байр.

“Монголын сайхан бичигтэн-2022”  улсын хоёрдугаар уралдаанд XII ангийн сурагчдын ангилалд дэд байр.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 31, 32 (7016, 7017)