Чойжилсүрэнгийн Гантулга 

 

Эмийн чанар гэдэг эрдэнэт хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хамгийн чухал сэдэв. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа иргэд чанаргүй эмэнд эргэлзэж буй тухайг олон талын байр суурь, мэргэжилтнүүдийн санал бодолтойгоор хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад холбогдох байгууллагууд эмийн чанарт хэрхэн анхаардаг болоод хүчтэй антибиотик удаан хугацаанд хэрэглэснээр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай хөндөхөөр бэлтгэлээ. 

 

ЗАХ ЗЭЭЛД ЭРГЭЛДЭЖ БУЙ ЭМИЙН 19 ХУВЬ НЬ БҮРТГЭЛГҮЙ 

 

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан ажээ. Мөн 2018 онд хийсэн судалгаагаар Монголын зах зээлд эргэлдэж буй эмийн 15 хувь нь бүртгэлгүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Харин 2019 онд хийсэн судалгаагаар энэ тоо 11 хувь болж буурсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил Төрийн аудитын байгууллага төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар эмийн бүртгэлийн үйл ажиллагаа болон учир дутагдалтай олон зөрчил илэрсэн. Тухайлбал зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг тогтоосон байна. Мөн Эрүүл мэндийн даатгалаас олгодог хөнгөлөлттэй олгож байгаа нийт эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн байна. Энэ зэргээс харахад импортоор орж ирж буй болон эскпортод гарч буй эмнүүдэд тавих хараа хяналт өнөөдрийг хүртэл сул хэвээр байгаа юм.
 Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Монгол эмч нар дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж чадаж байна. Гэтэл эмчилгээний үр дүн хангалттай болохгүй байгаа нь эмийн чанартай шууд холбоотой. Тиймээс эрүүл мэндийн салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох эм үйлдвэрлэл, тээврийн хяналтын тогтолцоо сайн байх шаардлагатай. Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа. Чанартай эмээр нэг хүнийг долоо хоног эмчлэх боломжтой байхад бид 14-21 хоног эмчилж байна. Хурдан хугацаанд эрүүл болох эсэх нь эмийн чанартай шууд холбоотой” гэж ярьжээ. Үүнээс гадна манай улсад худалдаалагдаж буй эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байгааг тогтоожээ. 
Энэхүү үнийн огцом өсөлт нь ч эмийн салбар өнөөдөр ямар ч хариуцлага хүлээх эзэнгүй олон жил явсны нэг сөрөг үр дагавар юм.   Одоогоор манай улс дэлхийн 47 улсаас 3391 төрлийн эм импортоор авч байна. Эдгээр эмэнд Үндэсний аюулгүй байдал стратеги судалгааны хүрээлэнгээс шинжилгээ хийжээ. Үүнээс жишээ дурдахад 13 улсын 42 янзын Ципрофлоксацин, 12 улсын 39 янзын Диклофенак буюу өвчин намдаах үйлдэлтэй, ходоод гэдэсний салстыг цочроож шарх үүсгэх эрсдэл ихтэй эмийг оруулж ирж байна. Ийнхүү жагсаалтад хамгийн олон давтамжтай 61 нэршлийн эмийг 10-42 янзаар дэлхийн 13 улсаас авч буй нь эмийн аюулгүй байдал хангагдахгүй байгааг харуулж байгаа юм. 

 

ЭМИЙН ЧАНАРТ ХУГАЦАА ЧУХАЛ 

 

Эмийн чанар муудаж буй нь олон зүйлээс шалтгаалж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар үйлдвэрлэлээс гадна хадгалалт, тээвэрлэлт зэргийг онцолж болох. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн эм эмнэлзүйн газрын эм зүйч Б.Отгончимэг “Манай зах зээлд эргэлдэж буй эмийн 70 гаруй хувь нь гаднаас ирдэг.  Импортоор орж ирж буй эм ихэвчлэн Энэтхэг болон Хятад, Герман улсаас ирж байна. Мэдээж тээвэрлэлт хурдан ирэх боломжгүй. Үүнээс гадна эм, бэлдмэлүүд хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимтой. Гэвч үүнийг яг журмын дагуу авчрах хэцүү. Энэ мэт олон шалтгаан нь эмийн чанарт нөлөөлж байна. Мөн өөр нэг хүчин зүйл нь хугацаа юм. Тиймээс эм худалдан авч байгаа бол он сарыг харж хэвших хэрэгтэй. Нэг эмийн үйлчлэл төгс буюу 100 хувь байх нь ердөө л зургаан сар байдаг. Тэгэхээр үйлдвэрээс гараад зургаан сар өнгөрчихсөн бол тухайн эм чанараа алдаж эхэлж байна гэсэн үг” гэв. Монгол Улсын хяналт шалгалтын цахим санд 1400 орчим эмийн сан, 2000 орчим эрүүл мэндийн байгууллага бүртгэлтэй байдаг. Эдгээр байгууллагууд эм эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн заасан горимын дагуу хадгалж буй эсэхийг улсын байцаагч нар шалгалт хийдэг ажээ. Тэгвэл хяналтын зарим эм ханган нийлүүлэх байгууллага эмээ зориулалтын аргаар тээвэрлээгүй, тусгай хэмийн дагуу хадгалаагүй зэрэг зөрчлүүд илэрдэг байна.

 

ЖИЛД ДЭЛХИЙД ХАТГАА ӨВЧНӨӨС БОЛЖ 250 мянган ЗҮРХ  ЗОГСДОГ

 

Ханиад томуу их, эмнэлгүүд нь хүнээр дүүрсэн энэ үед өрх болон дүүргийн эмч нар хөнгөн зовиуртай хүүхдэд ихэвчлэн антибиотик бичиж өгөөд явуулдаг. Тэгвэл тухайн эм нь үйлчлэхгүй үед эмч нь дахин уух хугацааг сунгах, эцэг эхчүүд нэмэлт тунгаар өгөх нь бий. Тэгвэл энэ нь ямар хор хөнөөлтэй тухай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч Б.Батцэцэг “Манайд ирж буй хүүхдийн ихэнх нь ханиад нь хүндэрч хатгай болсон, хоолой нь үрэвссэн зовиуртай ирдэг. Бидний хувьд тодорхой арга хэмжээг яаралтай авдаг ч эм үйлчлэхгүй, удааширах нь бий. Энэ нь тухайн хүүхдийн бие антибиотик хүлээж авахгүй дархлаа нь унасан гэсэн үг. Учир нь эмнэлэгт ирэхээс өмнө 7-10 хоног хүчтэй эм хэрэглэчихсэн байдаг. 


Тэгэхээр тэр бяцхан хүүхдийн ашигтай хамаг эд эсүүд нь унтаа байдалд орчихно. Энэ үед юу ч хэрэглээд хүлээж авахгүй. Ер нь олон улсын стандартад бага насны хүүхдэд антибиотикийг гурав, дээд тал нь таван өдрөөр л бичиж өгөх ёстой гэж заадаг” гэсэн юм. ДЭМБ-аас чанаргүй, хуурамч эмнээс болж жилд 250.000 хүүхэд амьсгал хурааж байна гэсэн судалгаа гарчээ. Ихэвчлэн хатгаа зэрэг өвчнийг эмчлэхэд чанар муутай эм өгсөн нь өвчний эдгэрэлтийг дэмжихгүй, цаг алдахад хүргэж, олон мянган хүүхдийн  аминд хүрч буйг онцолсон байна. Мөн чанаргүй антибиотик нь уушгины үрэвсэл, ханиад, мэнингит зэрэг өвчнийг улам хүндрүүлж байгаа аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 31, 32 (7016, 7017)