Б.НАНДИН

Байгалийн гамшгийн хүнд үеийг туулж буй Турк, Сири улсын нөхцөл байдлын талаар Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, Х.Сэлэнгийн байр суурийг хүргэж байна.


-Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд бүс дэх Кахраманмараш, Хатай, Газиантеп, Шанлиурфа, Адияман зэрэг 10 орчим хотод 7,8 болон 7,6 баллын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болж амь үрэгдэгсдийн тоо 3500 орчим болоод байна. Харин Сирийн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 1500 орчим иргэд амь үрэгдсэн байна. Турк Улсад 1939 онд 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж ойролцоогоор 33 мянга орчим хүн амь үрэгдсэн бол 1999 онд Истанбул, Мармарис зэрэг хотуудыг хамарсан газар хөдлөлтөөр нийт 17 мянган хүн амь үрэгдсэн байдаг.

Тухайн үед тус улсын эдийн засаг эмзэг, том хэмжээний байгалийн гамшгийн байдалд бэлэн бус, онцгой байдлын үед ажиллах туршлага харьцангуй бага байсан. Энэ удаагийн газар хөдлөлт нь 1939 онд болсон газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь болж байна. Нэг өдрийн дотор хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон тул асар их хэмжээний хохирлыг нийгэм, эдийн засагт учируулах нь тодорхой болоод байна. Өмнө болж байсан газар хөдлөлттэй харьцуулахад энэ удаагийн нөхцөл байдлыг илүү хурдан даван туулах чадамжтай, туршлагатай байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Нийт 6000 орчим байшин, барилга нурсан бөгөөд эрэх хайх, аврах ажиллагаанд одоогийн байдлаар 25 мянга орчим хүн оролцож байгаа нь гамшигт байдлыг даван туулах туршлагатайг харуулж байна. Түүнчлэн олон улсын тусламжийн байгууллага болон бусад улс орнуудын дэмжлэг нэмэгдэж байгаа нь давуу тал болж байна.

Сири улс мөн адил газар хөдлөлтийн гамшигт асар их хэмжээний хохирол амсч, маш хүнд нөхцөлд байгаа. Сирийн хувьд Турк Улстай харьцуулахад эдийн засаг, дэд бүтэц, хүн хүч, эмнэлэгийн салбар, онцгой байдал, аврах ажиллагаа зэрэг бүхий л талаараа хүчин чадал сул учир олон улсын байгууллага болон улс орнуудаас очих тусламж, дэмжлэг ижил хэмжээнд байгаасай гэж бодож байна. Мөн цаг агаарын хувьд бороо цас холилдсон хүнд нөхцөлд аврах ажиллагаа явуулахад бэрхшээлтэй, амь нас тулсан асуудал яригдаж байгаа учир цаг хугацаатай уралдан бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа гэж мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Хэдийгээр гамшгийн байдал Турк Улсын эдийн засагт маш хүнд цохилт болж, олон талын сорилтуудыг авчирч байгаа ч түүнээс авах сургамж нь ирээдүйд техник технологи болон барилгын салбарт инноваци авчрах болов уу.

Жишээ нь: барилгын салбарт шинэ стандарт нэвтэрч илүү хяналттай болох байх. Ингэснээр барилгын салбар сайжрах суурийг тавих байх. Ер нь Туркийн барилгын салбар маш сайн байдаг. Ялангуяа Истанбул, Анкара зэрэг томоохон хотуудын байшин барилга маш хурдацтай хөгжиж байгаа ч бүс нутгуудаас хамаараад барилгын чанар нь өөр өөр. Би Туркийн Анкара хотод оюутан байхад оршин суугчдын барилга голдуу 5-10 давхар байдаг байсан. 10-аас дээш давхар барилга ер нь л цөөхөн. Гэтэл энэ газар хөдлөлтөд 5-10 давхар барилгууд нуран унаж, газартай тэгшлэгдэж байгаа нь барилгын салбарын хувьд дотооддоо маш их шүүмжлэлийг дагуулж байна. Ингэснээр цаашид барилгын салбар нь технологио шинэчлэх болов уу. 


Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд БНТУ-ыг “гуравдагч хөрш” үздэг бөгөөд хоёр орон нь олон мянган жилийн тэртээгээс түүх, соёлын дотно харилцаатай байсаар ирсэн. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байгаа. Ялангуяа худалдаа эдийн засаг, бараа эргэлт, аялал жуулчлалын салбарт харилцаа онцгой сайн байгаа нь 50 гаруй жилийн түүхэн дэх маш идэвхтэй үе юм. 2010 оноос Монгол иргэд Турк Улс руу визгүй зорчих болсон. Өнөөгийн байдлаар 8000 орчим монгол иргэд Турк улсад сурч, ажиллаж амьдарч байна. Истанбулд хамгийн их монгол иргэд сурч, ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. 
Турк Улс нь Ази, Европ тивийг холбосон, гео-стратеги, гео-эдийн засгийн хувьд маш онцгой газар зүйн байршилтай. 2022 оны байдлаар Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 23-т орж байна. Энэ удаагийн газар хөдлөлт нь зөвхөн Турк, Сирийн асуудал биш, бусад улс орнуудын хувьд ч томоохон сургамж, анхааруулга болж байна. Ялангуяа манай улс Туркийн гамшиг, онцгой байдал болон барилгын салбараас суралцах зүйл маш их байгаа гэж бодож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 31, 32 (7016, 7017)