Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Манай улсад 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэгвэл түүний 21 мянга нь хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй. Тэгвэл тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг нэг асуудал бол нийтийн тээврээр зорчих байдаг. Монголд болон гадаадад тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээвэр хэрхэн үйлчилдэг талаар “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцоллоо. 


Түүнийг Г.Эрдэнэзул гэдэг 35 настай. Баянгол дүүрэгт амьдардаг. 2014 онд автын осолд орж хүзүү нугасны гэмтэлтэй болсноор тэргэнцэртэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох болсон. Г.Эрдэнэзул “Би МУБИС-ийг төгссөн. Их сургуульд сурч байхдаа баянхошуунд амьдардаг байсан бөгөөд ах, ээж хоёроороо сургуульдаа хүргүүлдэг байсан. Гэмтсэнээсээ хойш 2017 онд анх удаа ангийнхантайгаа автобусанд сууж байсан. Тухайн үед хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж их санаа зовж байсан. Энэ үед ангийнхан маань намайг тэргэнцэртэй өргөөд л автобусанд суулгадаг байсан. Харин одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл Хөгжил “ТББ ажиллаад дөрвөн жил болж байна. Ажил маань 25 дугаар эмийн санд байдаг. Ажил гэр хоёр маань гурван буудлын зайтай. Тиймээс ажилдаа ирж очихдоо алхах буюу тэргэнцэр дээрээ суугаад явдаг” гэв. 
Харин хотын төв рүү явах шаардлага тулгарсан үед урт цэнхэр автобусанд суудаг байна. Тус автобус нь хүртээмж сайтай бөгөөд ороод зогсох зайтай байдаг нь зорчиход тухтай байдаг ажээ. 
Энэ талаар “Тэргэнцэртэй хүн орох хаалгаар нь хүний тусламжтай суудаг. Угсраа автобусны зарим нь налуу замаа буулгаж өгдөг. Өвлийн улиралд бол налуу замаа буулгаж өгөх нь ховор. Хөлдчихдөг гэсэн. Харин гадаадад бол өөр байдаг юм байна лээ. Японд очоод автобусаар зорчиход жолооч нь бууж ирээд налуу шатаа буулгаж өгөөд, суусан хойно бэхэлж өгдөг. Харин Монголд бол автобусны жолооч хэзээ ч тэргэнцэртэй хүнд үйлчилдэггүй. Бүр төвөгшөөх нь элбэг байдаг” гэсэн юм.  Гэхдээ нийтийн тээврээр тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд тэр бүр зорчоод байдаггүй тухай Г.Эрдэнэтуяа ярьж байсан юм. Учир нь манай улсын нийтийн тээврийн салбар энэ иргэдэд чиглэсэн үйлчилгээ байдаг эсэхийг мартчихсан гэхэд болно. Мөн нийтийн тээврийн хүртээмжтэй автобус цөөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуур гарах нийтийн тээврээр сууж явна гэдэг нь өөрсдөд нь хэцүү сэтгэл зүйн хувьд хүнд байдаг учир үйлчлүүлдэггүй байна. 
Тэгвэл сүүлд нийтийн тээврийн парк шинэчлэлээр 100 шинэ автобус ирсэн. Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатараас энэ талаар тодруулахад “Шинээр орж ирсэн автобуснуудын хувьд үйлдвэрийн зориулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан. Тиймээс манайхаас энэ чиглэлд зориулалтын дагуу ашиглахыг даалгасан” гэсэн юм. 
Гадны улсуудад энэхүү асуудлыг хэрхэн шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил нийтийн тээврээр зорчих боломжийг олгодог талаар сонирхуулъя.

 

Лифттэй автобус

Олон улсын жишгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийтийн тээврээр саадгүй зорчих бүх боломжийг нь хангаж өгсөн байдаг байна. Үүний нэг нь лифттэй автобус. Ийнхүү автобусанд бичил хэмжээний лифтийг шийдэж өгсөнөөр хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тулгуур эрхтэний гэмтэлтэй иргэд бусдад саад учруулахгүйгээр зорчих боломж бүрддэг байна.

 

Нийтийн тээвэрт тусгайлсан бэхэлгээ суурилуулах

Дээрх шийдлүүдээс гадна олон улсын нийтийн тээврийн стандартад тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусггай хэсгийг автобусны нэг хэсэгт бий болгож, давхар аюулгүйн бэхэлгээг суурилуулсан байдаг байна.

 

Өндөрлөгөөтэй зогсоол

Колумба улс тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэддээ туслах үүднээс автобусны зогсоолуудааа ийнхүү өндөрлөгөөтэй, налуу замтай шийдэж өгчээ.

 

“Non step” буюу шатгүй автобус

“Non step” буюу шатгүй автобус нь бууж, суух хэсгийг ийнхүү шатгүй хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай боломжийг олгож байгаа юм. Ингэлээ гээд бусдад  ямар нэгэн саад учруулдаггүй байна.

 

Жолооч нь өөрөө үйлчилдэг

Японд автобусны жолооч нар нь налуу шатаа буулгаж хүнээ оруулдаг байна. Орсон хойно нь бэхэлгээнд бэхэлсэн хойноо хөдөлдөг байна. 

Дэлхийн улс орнууд ингэж л хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч, нийтийн тээврээр зорчих боломжийг нь хялбархан шийддэг байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)