П.Амгаланбаяр

 “Зууны мэдээ” сонин “Дэлхийн хүн” буландаа монгол хэмээх алдрыг дэлхийд дархалж яваа хүмүүсийг онцлон хүргэж байна.  Бид энэ удаа  гоо сайхны салбарт өөрийн орон зай, өнгө төрхийг бүтээж яваа маникюрчин Д.Хонгорзулыг урьж, ярилцлаа. Тэрбээр Лас Вегас хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гурван төрөлд тэргүүн байрт шалгаран, цомын эзэн болсон билээ.

-Үндэсний хээгээр чимэглэсэн бүтээлээрээ олон орны маникюрчдаас шалгарч шилдгээр тодорсон. Их догдлол дүүрэн  мөч байсан болов уу?
-Дэлхийн олон орны гоо сайханчид өрсөлдсөн тэмцээнд амжилт оролцсон доо баяртай байна. Энэ тэмцээнд 56 орны гоо сайханч оролцож үсчин, нүүр будалт, сормуус, хумс гэсэн төрлөөр шилдгээ шалгаруулдаг. Тэмцээнд оролцохдоо шилдэг мастеруудтай өрсөлдсөн болохоор чадах болов уу гэж бодсон. 50 орны шилдэг маникюрчдын 6000 гаруй бүтээлээс гурван төрөлд тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсноо сонсоод гайхах, баярлах мэдрэмж зэрэгцсэн цаг хугацаа байсан. Цаашид улам их хичээж, өөрийгөө хөгжүүлэн,  Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөхийг зорьж байна.


-Энэ удаагийн тэмцээний онцлог нь юу байв?
-Зөвхөн хумс гэхэд 100 гаруй сэдвээс сонгож, бүтээлээ урлах боломжийг бүрдүүлж байсан. Тухайн төрлүүдээс маникюрчин өөрөө сонгож, ур чадвараа харуулах боломж олгож байсан нь давуу тал болсон. Би сувинер хумсны материалаар юуг ч хийх боломжтойг харуулах үүднээс, бүсгүй хүнийг байгальтайгаа уялдуулан холбож  бүтээлээ урласан.


-Шилдгээр шалгарсан бүтээлдээ үндэснийхээ хээг тусгасан нь их өвөрмөц харагдсан. Бүтээлийнхээ санааг хэрхэн олов?
-Тэмцээнд шагнал хүртсэн  бүтээлээ олон дахин туршиж, тэр бүртээ шинэ санаагаа шигтгэж байсан. Намайг тэмцээнд оролцоход чиглүүлсэн багш маань өв соёлоо гоо сайхны салбараараа төлөөлүүлэн  дэлхийд сурталчилж яваа мундаг хүн бий. Багш маань дэлхийн болон олон улсын тэмцээнээс 62 алтан цом хүртсэн, олон улсын дээд шүүгч. Тэмцээнд оролцохдоо багшийнхаа  зөвлөгөөг дагаж, дахин давтагдашгүй нарийн зурлага болон өнгийн төгс нийлэмжтэй хээгээрээ гангарсан.  Уламжлалт хээг, орчин цагийн хумсны технологитой нэгтгэж бүтээлээ хийснээрээ онцлог. Ер нь  бүтээл бүхэн минь  цаг хугацаа,  тэвчээрийг шингээсэн. 


-Маникюрчин мэргэжлийг эзэмшиж,  ажиллаж байгаа олон гоо сайханч бий. Өөрийнхөө  ялгарах давуу талыг  тодотгохгүй юу?
-Би үйлчлүүлэгчидээ тав тухтай байлгаж, гэртээ байгаа мэт  мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Харилцаа хандлага болон найдвартай үйлчилгээндээ анхаарч ажиллаж байна.


-Өөрийнх нь хувьд нилээд тэмцээнд амжилт гаргасан. Тэгвэл ямар үед энэ мэргэжлийг сонгож,  зүрх сэтгэлээ зориулж яваагаараа  хамгийн их бахархаж байв?
-Шинэ оноо  амжилт  дүүрэн эхлүүлж байгаагаа хараад  тууштай хөдөлмөрлөсний минь үр дүн  гэж баярлаж байгаа. Тиймээс үйлчүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, инээд хөөрөнд бялхаж өдөр болгоныг аз жаргалтайгаар өнгөрөөж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 30 (7015)