Т.САЙХАН

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргалаа.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.

Цаг уурын байгууллагын шинэчилж гаргасан (тав дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35 хувь нэн их, 41 хувь их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай  харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Эх сурвалж:www.polit.mn