Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

Дэлхий дээр найман тэрбум хүн амьдардаг ч бүгд өөрийн гэсэн дурдатгал бүхий номыг туурвин буй. Номын хуудас бүрт гэгээн дурсамж, хүсэл мөрөөдөл, аз жаргалтай мөч, хөнгөн гуниг хөвөрнө. Хүмүүний амьдралын цаг хугацааны дурдатгал, тойрог гэдэг дахин давтагдашгүй үнэ цэнтэй зүйл юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин  “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийн булангаараа долоо хоног бүр уншигчтайгаа уулздаг билээ. Бид энэ удаа Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны дарга Б.Мөнхцэцэгийг онцолж байна.

 

ӨВӨӨГИЙН “АМИН” ОХИН

Б.Мөнхцэцэг Дорнод аймгийн Чойбалсан хотын уугуул. Тэрбээр эхээс долуулаа. Түүний аав нь П.Бадам Дорнод аймгийн театрт хөгжимчин, хөгжим ангийн багш, удирдаачаар ажилладаг байжээ. Харин ээж Ж.Жигжид нь бүжигчин мэргэжилтэй. Тус театрт анх бүжгэн жүжгийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлсэн гавьяатай нэгэн. Аав ээж нь тоглолтоор их явна. Бэлтгэл сургуулилтаа хийнэ гээд зав муутай байсан учир охиноо зургаан сартайд нь өвөө эмээ дээр нь аваачиж өгчээ. Эмээ нь түүнийг сургуульд ордог жил бурхан болсон байна. Нийтлэлийн баатар маань аравдугаар анги төгсөтлөө өвөөтэйгөө амьдарчээ. Өвөөгөө аав хэмээн дууддаг, амины охин нь байв.


Түүний хүүхэд насны нэгэн ертөнц ном байв. Б.Мөнхцэцэгийн ангийнхан номоо хоорондоо дамжуулж, шимтэн уншина. Энэ тухайгаа “Олон хүн дамжуулж уншсаар байгаад ном бүр сэмэрчихсэн байдагсан. Хичээл дээрээ урдаа өөр юм тавьчихаад номоо уншаад суудаг хүүхдүүд байлаа. ЭЕШ дөхсөн үед орой гал тогооныхоо өрөөнд шалгалтынхаа билетээ унших нэрээр дуртай номоо шимтэн уншина. Өрөөний буланд шуудайтай мод тавьчихсан. Тэр үед Дорнодод их хүчтэй газар хөдлөлт болсон юм. Шуудайтай мод тар гээд л унатал хөдөлсөн гэдэг. Би тэрийг анзаараагүй. Номынхоо амтанд орохоор орчноосоо тасарчихдаг хүүхэд байлаа. Голдуу тууж, роман, үргэлжилсэн үгийн зохиол унших дуртай” хэмээн хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцлаа. Тэдний анги төгсөх хүртлээ багшгүй байсан хэдий ч сургуулиас зохион байгуулж буй бүх арга хэмжээнд оролцдог, тэргүүний  анги байсан гэнэ.


Б.Мөнхцэцэг шинэ жилээр цасан охины бүжгэнд орно, хөгжим тоглоно. Тэр аав ээжээсээ өвлөсөн урлагийн авьяастай охин байв. Харин тавдугаар ангиасаа сагсаар хичээллэж, зургадугаар ангидаа сургууль, аймгийнхаа  шигшээ багийн гишүүн болжээ. Энэ үеэс спортод эргэлт буцалтгүй татагдаж эхэлсэн байна. Түүний өвөө буюу ээжийнх нь аав Ж.Жамц биологи, ургамал, амьтан судлалын багш мэргэжилтэй. Тэрбээр өвөөгийнхөө тухай “Өвөөд маань сургуулиас нь гурван өрөө байр өгч, аав ээж хоёр бидэнтэй хамт амьдардаг болсон. Тухайн үед аав ээж хоёр маань  театрынхаа хашаанд амьдардаг байлаа. Би аав ээжийгээ “залуу аав, ээж” гэж дууддаг байсан юм. Манайд өвөө, аав, ээжийн тоглодог төгөлдөр хуур, хуучир, хийл гэсэн хөгжмийн зэмсэг байсан. Гэртээ дүү нараа хараад үлдэхээрээ төгөлдөр хуур тоглоно. Өвөө минь спортод сонирхолтой, мандалин хөгжим сайхан тоглодог байсан. Ээж минь өвөөгийн  хөгжмийн авьяасыг өвлөсөн байх гэж боддог. Мөн миний спортод хайртай, багш мэргэжилтэй болох хүсэл мөрөөдөл минь ч өвөөтэй салшгүй холбоотой” гэсэн юм. 

 

 

ГУРАВДУГААР ДАМЖААНЫ “БАГШ”

Б.Мөнхцэцэг 1980 онд 10 жилээ дүүргэжээ. Түүнийг сургуулиа төгсөх жил  идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн дөхөж бэлтгэлд гарсан аж. Энэ тухайгаа “Тухайн үед манай багт аравдугаар анги төгсөх дөрвөн хүүхэд байсан. Бид дөрвийг багш өглөө эрт босгоод хичээл уншуулдаг байлаа” гэсэн юм.  Ийнхүү нийтлэлийн баатар маань ЭЕШ-аа өгч, МУИС-ийн монгол хэлний багшийн ангийн хуваарийг авчээ. Тухайн үед хуулийн ангид орох, Орос руу сургуульд явах боломжтой байсан ч өвөө нь “Ганц охиноо хол газар явуулахгүй” гээд зөвшөөрөөгүй байна. Түүнийг сургуулийнхаа хуваарь авах үеэр нь идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн  Дарханд болжээ.  Тэр үед бусад газраас их, дээд сургуулийн багш нар очиж, сайн тоглодог  хүүхдүүдийг  шигшиж авсан байна. Учир нь сагсан бөмбөгийн УАШТ болох гэж байсан үе аж. Тэрбээр нэг сар гаруй хугацаанд бэлтгэлд гарч. Энэ тухайгаа “Бэлтгэлээ дуусгаад л их сургуулийн шинэ ангидаа очтол таньдаг хүүхэд байдаггүй. Тэр үед дөрвөн групп болгоод би манж хэл, монгол хэл болон бусад хичээл үздэг нэгдүгээр группт орж, ангийнхантайгаа  дотно танилцаж эхэлсэн. Манай оюутны ангийнхан өнгөрсөн жил шинэ жилийн өмнө уулзахад “Манай Мөөгий Дорнодоос ирсэн гээд цав цагаан, царайлаг охин орж ирсэн. Эхэндээ даруухан харагддаг байсан ч хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан” гэж ярьсан гэв. Нийтлэлийн баатар маань 10 жилдээ салаан дарга, бүлгийн дарга хийхээс гадна бусдыгаа  уриалах, зохион байгуулах авьяастай хүүхэд байжээ.  


Тэрбээр оюутан байхдаа ханьтайгаа танилцаж, 1984 буюу гуравдугаар дамжаанд байхдаа анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш дөрвөн хүүхдийн аав, ээж болж, гал голомтоо бадрааж явна. Нөхөр нь барилгын инженер мэргэжилтэй, тэр үед дөнгөж сургуулиа төгсөж байсан гэнэ. Нөхрийг нь Өвөрхангай аймгийн Дөлгөөн хороонд “Өвдөг худаг” хэмээх ханын материалын үйлдвэрт инженерээрээ томилоход нь ажил, амьдралынх нь нэгэн шинэ хуудас бичигдэж, нөхөртэйгөө Өвөрхангай аймгийг зорьжээ. Энэ үед түүнийг багшаар ажиллах санал ирэхэд нь сургуулиа төгсөөгүй, гуравдугаар дамжааны оюутан ажиллаж чадах болов уу гэж эмээж байсан нь саяхан мэт санагдаж байна хэмээн дурсамжаа уудаллаа.  Тэрбээр “Монгол хэлийнхээ хичээлийг заана гэж бодтол амьтан судлалын багшаар ажилла гэсэн. Энэ үед өвөөгөөсөө харж, өссөн бүхэн нь том эрдэм болсон. Өвөө маань конспектоо бэлдэхдээ их гоё зурна. Ургамал, амьтны кабинетынхаа орчинг  амьд ертөнцөд очсон мэт тохижуулдаг байсан. Тэгээд  хичээлдээ бэлдэж, самбар дээр зурж үзээд л шинэхэн багш ажлын гараагаа  амьтан судлалын багшаар эхэлж байлаа. Өвлөөс нь монгол хэлний багшаараа ажилласан” гэлээ.  

 

АЖИЛ, АМЬДРАЛ ӨРНӨСӨН ДУРДАТГАЛ ДҮҮРЭН ЦАГ ХУГАЦАА

Нийтлэлийн баатрын маань амьдрал хэмээх номын хуудас баяр, гуниг, ололт амжилтаар дүүрэн хөвөрсөөр, нэгэн дурдатгал дүүрэн цаг хугацаа Өвөрхангай аймгийн хоёрдугаар сургуулиас эхэлжээ. Б.Мөнхцэцэг МУБИС-ийн эчнээ ангид сурч, багш мэргэжлийг эзэмшсэн байна. Тэр үед нөхөр нь Өвөрхангай аймгийн төвд Бетон заводын даргаар очиход аймгийнхаа хоёрдугаар сургуульд 11 жил багшаар ажиллажээ. 1995 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуульд хүний оронд түр ажиллажээ. Энэ хугацаандаа өвөөгөөсөө  харж сурсан эрдмээрээ монгол бичгийн кабинетыг байгуулж байсан гэв. 


Мөн тэрбээр 1996-2002 он хүртэл Үйлдвэр урлалын сургуульд багшаар ажиллахдаа тэнхимийн зохион байгуулалтыг сургуульдаа бий болгож боловсруулалт хийж захиралдаа танилцуулахад нь дэмжиж, түүнийг тэнхимийн эрхлэгчээр нь томилжээ. Тэр үед Үйлдвэр урлалын сургууль дэргэдээ хэвлэлийн жижиг үйлдвэртэй байсан аж. Тиймээс оюутнуудад зориулсан хаяггүй чин сэтгэлийн захидал гэсэн олон сонирхолтой булантай “Key” сонин гаргаж байсан талаараа хуваалцсан юм. 2003-2004 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Мөн 2005 онд няравын түр сургалтад хамрагдаж төгсөөд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст няраваар ажилласан аж. Ингээд  хагас  жилийн дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжилтнээр ажилласнаар түүний амьдралын бас нэгэн шинэ хуудас эхэлжээ. 


Энэ үед нөхөр нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд томилогдож дөрвөн жил хоёр талд амьдарч байсан үе. Тэрбээр тав дахь өдөр болохоор галт тэргэнд суун  Дорноговь аймагт очоод нэг дэх өдөр ирдэг байж. Ингээд 2009 онд Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн газарт шилжсэн нь амьдралын хамгийн өрнөлтэй цаг хугацаа байсан гэсэн юм. Түүнийг Замын-Үүдэд очиход хөдөлмөрийн чиглэлийн үйл ажиллагаа нь хоцрогдоод халамж нь давамгайлсан байв. 
Нийтийг хамарсан ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн талаар ИТХ дээр нь ярьдаг байлаа. Төсөл хэрхэн бичихийг ч мэддэггүй байсан. Хамгийн анхны төслийг бичиж өгснөөр Замын-Үүдээс гутал үйлдвэрлэл, оёдол, эсгий урлал, утас засвар гэсэн 14 төсөл  аймгийн төвийн хэлтсээр дамжиж, яаманд ирж байсан. Дорноговь аймаг 14 сумтай. Дорноговь аймгаас 20 гаруй төсөл шалгарснаас 14 төслийг нь Замын-Үүд сум авч байсан. Ийн хоёр жил гаруй Замын-Үүд суманд ажиллаж амьдарч, хотод гурван хүүхэд нь байдаг, амьдрал амьжиргаагаа зохицуулах шалтгаанаар хүсэлтээ өгсний улмаас шилжиж иржээ. Энэ үед  Нийслэлийн хөдөлмөрийн газрын орлогч даргаар ажиллах санал ирсэн байна. Ийнхүү түүний амьдралын хуудаст  нийгмийн хамгааллын чиглэл  гэсэн  нэгэн том салбар бичигдэж, Нийслэлийн хөдөлмөрийн газрын орлогч дарга, хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Гавьяаныхаа амралтад гарсан хугацаандаа нэг жил кафе ажиллуулж мөн Сүхбаатар дүүргийнхээ IX хорооны  Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр жил гаруй хугацаанд ажилласан байна.

 
БИДНИЙ ЗОРИЛГО АХМАДУУДЫГ НИЙГМИЙН АМЬДРАЛД ТАТАН ОРОЛЦУУЛАХ

Б.Мөнхцэцэг 2020 оны есдүгээр сараас Сүхбаатар дүүргийн Ахмадын хороооны даргаар ажиллаж эхэлжээ. Тус дүүрэг 20 хороотой, 19187 ахмадтай аж. Хороо бүр  ахмадын зөвлөлийн даргатай гэсэн. Тэрбээр “Ганцаардаж байгаа, гэр орны асуудлаа түр мартахыг хүссэн ахмадуудыг нийгмийн амьдралд татан оролцуулах, идэвх санаачилгатай болгохыг зорьдог байна. Тиймээс ахмадын зөвлөлийн дарга нараа чиглүүлээд ахмадад зориулсан үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байгаа. Ахмадад зориулсан үйл ажиллагааг тогтмолжуулаад ирэхээр тэд маань чөлөөт цагаа өнгөрөөхөөр шатар, даалуу, хөзөр, теннисний бөмбөгөө бариад ирдэг болно.  Хорооныхоо ахмадын зөвлөлийг хуваарийн дагуу соёл урлагийн ажлыг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөний хомсдлыг бууруулахыг  дэмжин гүйлтийн зам, дугуй  зэрэг төхөөрөмжөөр хангах, эрүүл мэндийн сэргээн засахад нь зориулж серажим ор, бумба, шээс задгайралтаас сэргийлсэн төхөөрөмж сандал авсан. Ингээд байнгын үйл ажиллагаатай болоод ирэхээр аяндаа идэвхжээд ирдэг” гэсэн юм. 


Тус дүүрэг  2-3 хороонд ахмадын  хуримтлал үүсгээд ажиллаж байгаа аж. Түүнчлэн 20 хороогоо дөрвөн бүсэд хувааж, зөвлөлийн дарга нараасаа ахлагчаа томилсноор аливаа мэдээллийг бүсийн дарга нар мэдээллийн групп дээрээ тавьж өдөр бүр хянана гэсэн үг. Мөн удахгүй программтай болохоор дата баазаа  бүрдүүлэх  судалгаа явуулж байна. 
Тус дүүрэг ахмадын шинэ байртай болсон ч улсын  комисс хүлээж  авах дутуу байгаа аж. Энэ байр нь өдөр өнжүүлэх, сэргээн засах, фитнесс, гүйдэг замтай хөдөлгөөн дэмжих өрөөтэй мөн уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулах том заалтай ажээ. Шинэ төвөө ашиглалтад орсны дараа хуваарь гаргаж, нэгэн хэвийн биш сонирхолтой үйл ажиллагааг санаачилж зохион байгуулах юм байна. 


Б.Мөнхцэцэгийг Сүхбаатар дүүргийн Ахмадын хорооны даргаар томилогдоход цар тахлын үе таарчээ. Тиймээс ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах хориотой байв. Гэвч тэр энэ хугацаанд гараа хумхиж суулгүй олон шинэ зүйлийг хийжээ. Энэ тухайгаа “Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр” гэж байдаг. Энэ хөтөлбөр хоёр дүүрэгт л хэрэгждэг юм байна. Дүүрэгтээ “Ахмад настны хөгжил, хамгааллын дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, иргэдийн хуралд өргөн бариад батлуулсан” гэлээ. Энэ хөтөлбөр нь дөрвөн зорилттой. Эхнийх нь судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх. Хоёр дахь нь ахмад настны чадамжийг дэмжих, нийгмийн амьдралд татан оролцуулах. Үүнд урлаг, спорт, аян, сургалт багтах аж. Гурав дахь хөтөлбөр нь  ахмад насны  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Энэ хүрээнд “Хоёрдогч залуу нас” гэсэн төсөл боловсруулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Тэрбээр энэ тухайгаа “Хүн тэтгэвэрт гарахаар сэтгэлээр унадаг. Энэ нь нэгэн амьдралын шинэ үе эхэлж байна гэсэн үг. Би хөдөлмөрийн байгууллагад ажиллаж байсан учраас хэдэн наснаас хойш ажилд ороход хүндрэлтэй вэ гэдгийг мэднэ. Хүн насан туршдаа сурч, хөгжиж байх ёстой гэдгийг ойлгуулж, дахин мэргэжил эзэмшиж, хоёр дахь залуу насаа эхлүүлээсэй гэсэн үүднээс энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөртөө 40-55 насныхныг хамруулахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн жил авсан судалгаагаа энэ жил шинэчилж авна” гэлээ. Харин дөрөв дэх хөтөлбөр нь ахмад насны эрүүл мэнд, насжилтыг хамгаалах. Энэ хөтөлбөрийн хүрээнд Геронтологийн үндэсний төвтэй хамтарч ажиллаж байгааг онцоллоо.

 

“МӨРӨӨДӨЛ” АЛХАЛТЫН КЛУБТЭЙ БОЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн ахмадууд дулааны улиралд өглөөний дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэхээр ажиллаж байна. Дүүргийн хойно байрлах гэр хороололд амьдардаг ахмадууд талбайтай учраас өглөө бүр дасгал хөдөлгөөн хийдэг уламжлалтай. Харин дүүргийн урд байрлах хорооны ахмадууд дасгал хийх зай талбай бага учраас ойролцоох сургуулийн талбайг сургуулийн удирдлагуудтай ярилцаарай гэж хорооны дарга нартаа хэлдэг аж. Тус дүүрэг ахмадын явган аялал “Мөрөөдөл”  алхалтын клубтэй болжээ. Он гараад анхны алхалтаа хийсэн байна. Үүнээс хойш долоо хоног бүр алхалтаа хийж байгаа аж. Мөн ахмадын байртай хороод арга хэмжээ зохион байгуулах боломжтой, байргүй нь ахмадын хорооны байранд  урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг байна. 


Тус дүүрэг нь урлагийн хоёр хамтлагтай. Нэг нь үдэсний хөгжмийн мэргэжлийн бус ахмад, өнөөх нь мэргэжлийн тэтгэвэрт гарсан ахмадуудаас бүрдсэн хамтлагтай байна. Ийнхүү дуун цэнгүүн, нийтийн бүжиг заах, бүжиг явуулдаг тогтсон өдөртэй аж. Сүхбаатар дүүргийн ахмадын хороо уламжлал болгон хоёр ажил зохион байгуулж буйн нэг нь “Юмхнаар юм хийцгээе” хог хаягдлаар бүтээл хийх уралдаан. Энэ уралдаанаар ахмадууд сонгины хальсаар улавч, сонингийн цаасаар чихрийн таваг, сувинер, үлээдэг шаараар ширээний гэрэл зэрэг санаанд оромгүй зүйлээр урлагийн бүтээл хийжээ. Харин өнөөх тогтмол арга хэмжээ нь Ахмадын хорооны нэрэмжит Сортын тэмцээнийг дөрвөн төрлөөр зохион байгуулдаг аж. Энэ жилээс зургаан  төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг онцолж байв. Мөн 
Монголын мастеруудын биеийн тамир спорт холбоо ТББ-ын  даргаар Б.Мөнхцэцэгийг томилжээ. Энэ хүрээнд тус дүүргийн ахмадууд софт волейболын тэмцээнд идэвхтэй оролцож нас насны ангиллаар софт волейболын баг тамирчидтай болжээ. Одоо софт волейболын 50-54, 55-59 гэсэн таван насны ангиллын тэмцээн болж байгаа аж. Мөн энэ төрлөөр Баянхонгор аймгийн наадамд софт волейболын  гурван насны ангилалд  оролцоод хоёр насанд мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн гранд гольфийг хөгжүүлж 20 гаруй хүний багтай болохоос гадна дартс, теннис, шатар хариуцдаг хүнтэй  болжээ.


Хэн нэгэнтэй ярилцахдаа, аливаа ажлыг хийхдээ чадваргүй байсан ч чин сэтгэлээсээ хийж, шударгаар хандах хэрэгтэй.  Би хүүхдүүд, ач, зээ нартаа энэ талаар байнга л хэлж, сургаж байдаг даа хэмээн нийтлэлийн баатар маань өгүүлсэн юм. Б.Мөнхцэцэг гэх эмэгтэйн амьдралын зарчим, цаг хугацааны дурдатгал нь ийм тууштай, хөдөлмөрч зам мөрөөр гэрэлтэж байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 28, 29 (7013, 7014)