Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Монголчуудын түүхийг эмэгтэйчүүдээр төсөөлөхийн аргагүй. Хөдөлмөрийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хийсэн ажил байдаггүйг онцлон тэмдэглэе. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анх удаа малчид, малчин эмэгтэйчүүдтэй холбоотой тусгайлсан заалт орсон. Туслах малчдын хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд хэрхэн зохицуулах уу, үүнтэй холбоотой цалин хөлсийг хэрхэн зохицуулах шинэ заалтыг хэрэгжүүлээд нэг жил болжээ. Энэ бол бидэнд зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг мэдэрч байна.Малчдын хөдөлмөр бол их хүнд, ариун, шударга хөдөлмөр юм.Сүүлийн хоёр жил эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ.Малчин эмэгтэйчүүд малаа маллахын сацуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Өнөөдрийн байдлаар 30 мянган малчин тэтгэврээ тогтоолгосны 47 хувь нь эмэгтэйчүүд байна. ХНХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулинд малчидтай холбоотой чухал заалт орсон. Тодруулбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаанд төр хариуцах гэсэн шинэ заалт орсон.Үүнийг УИХ-аас батална гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрбээр цаг үеэ олсон зөвлөгөөнийг зохион байгуулсан Ази дахь хамгийн анхны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлж байсан “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлд талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn