Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан "Малчин эмэгтэйчүүд-Манлайлал" зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Мөн малчны хотноос төрөн гарсан алдартнууд ирж үг хэллээ. Ийн Монгол ахуй, малчдын үнэт өв соёл, малчин эмэгтэйчүүдийн талаар хэн юу хэлснийг хамтдаа сонирхоё.

Ардын жүжигчин, дуучин А.Долгор:Малчин айлын хүмүүжлээр өссөндөө талархдаг

-Монгол хүнийг тодорхойлох өв соёл, зан заншилтай холбоотой бүх зүйл Монгол гэрт, хот айлд байдаг гэж би боддог. Хамгийн сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон малчин эмэгтэйчүүддээ өдрийн мэнд хүргэе. Би малчин хүний хүүхэд. Хурга ишиг хариулж, тугал татаж цагаан идээн дээр бага нас минь өнгөрсөн. Малчин айлын хүмүүжил их онцгой. Бүх зүйл нь ил. Ийм хүмүүжлээр өссөн малчид бол үнэхээр сайхан. Намайг өглөө сэрэхэд ээж хэдийнэ үнээгээ саачихсан ихэнх ажлаа цэгцэлчихсэн сууж байдаг. Өөртөө өглөө эрт бослоо гэхэд ээжийн хувьд үд болсон мэт санагддаг байв. Олон ажлыг зэрэг амжуулдаг учир хэзээ нь амардаг юм болоо гэж гайхдаг байсан. Өглөө босоход дээл оёод бэлдчихсэн байдаг. Биднийг унтсан хойно ч үйл хийдэг гэрт өсөж торнисон. Ээжийн хийж өгсөн дээл, нарны малгайгаар гоёод аавтайгаа хамт сумын наадамд явж байсан дурсамж их тод байдаг. Одоо ч нутагтаа очиход Монгол ахуйгаа дурсан санахад сэтгэл их хөдөлдөг. Хөдөөний айлууд зурагт, хөлдөөгч, угаалгын машинтай болж маш сайхан болжээ. Тиймээс малаа маллаж, малынхаа үр шимийг хүртэж хөдөө амьдрахыг залуучууддаа уриалж байна. Гэхдээ хөдөө орон нутагт үнээгээ саахаа больчихсонд харамсал төрдөг. Хонины сүү өтгөн гэж үнээнийхээ хажуугаар хонь, ямаагаа саадаг байв. Үүнийгээ сэргээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:Малчин эмэгтэйчүүд бол энх цагийн баатрууд юм

-Малчин эмэгтэйчүүд бол туурга тусгаар улсын өрх тусгаар айлыг гэрлээрээ гийгүүлж, ухаанаараа сүлж, хайраараа ивж яваа дарь эхүүд билээ. Эмэгтэйчүүд, эхчүүд, хань гэдэг бол нөмөр нөөлөг, түшиг тулгуур байдгийг та бүхэн мэднээ. Малчин эмэгтэйчүүд бол энх цагийн баатрууд юм. Төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваадаа ханиа зөв сонгосон эр хүн гэж өөрийгөө боддог. Миний хань /Ардын жүжигчин Д.Мэндбаяр/ “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяагийн дүрд тоглож малчдын амьдрал ямар байдгийг мэдэрсэн нь өөрийгөө бүтээхэд их тусалсан гэдэгт би эргэлздэггүй. Ханийг минь малчдын дундаас төрсөн баатар болгосон та бүхэндээ баярлалаа.

Ардын эмч Б.Бүлтэн:Монголын давтагдашгүй өв, уламжлалыг тээж яваа хүмүүс нь малчид

-Би 10 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Малчдын амьдрал ямар хүнд хэцүү байдгийг сайн мэднэ. Монголын давтагдашгүй өв, уламжлал, нүүдлийн соёлыг авч яваа хүмүүс нь малчид билээ. Малчин эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлчхээд гурван нас хүртэл нь юу ч хийхгүй гэртээ суух боломж байдаггүй. Энэ бол та бүхэн эрч хүчтэй ажилладаг гэдгийн илрэл юм. Малчдын амьдрал намайг хүүхэд байх үеэс сайжирчээ. Үзлэгээр хөдөө орон нутгаар явахад манай малчин эмэгтэйчүүд суурин газрын эмэгтэйчүүдээс дутахгүй ганган, хөөрхөн, биеэ сайхан авч явдаг болсон байна. Эмч хүн учир үргэлж олон нийтийн эрүүл мэндэд санаа зовж явдаг. Тиймээс та нар минь эрүүл мэндээ сайн бодож, урьдчилан сэргийлэх үзлэгтээ сайн хамрагдаарай. Эрүүл хүн юуг ч бүтээж чадна. Намайг бага байхад үнээ, хонь, ямаагаа саагаад сүү, цөцгийгөө гарган авдаг байв. Гэтэл одоо үнээ, ямаагаа саахгүй байгаад харамсаж байна. Үүнийгээ дэлгэрүүлээд гэрийн аж ахуйгаа сайжруулаасай гэж хүсч байна. Мөн бүх хүүхдээ сургуульд явуулна гээд зүтгэвэл хөдөө малчин үлдэхгүй ээ. Үүнд анхаараасай. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” малчин эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулж асуудлыг нь яриулж байгаад баяр хүргэе. Миний нэг дүү Б.Улаан энэ зөвлөгөөнд оролцож байгаа. 40 жил мал маллаж Төрийн ордондоо анх удаа орж үзсэндээ дүү маань маш их баяртай байна. Монголд олон ТББ бий. Тэдгээрээс ялгарч далайцтай ажил зохион байгуулж байгаа МЭХ-доо баярлалаа.

Эх сурвалж:www.polit.mn