Б.ДОЛЖИНЖАВ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан “Малчин эмэгтэйчүүд-Манлайлал” зөвлөгөөн, өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр 21 аймаг 330 сумаас ирсэн 1000 малчин эмэгтэй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм соёлын тухайд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр бид Ховд аймгаас ирсэн малчин эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдаж байгаа талаар сонирхлоо.

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Д.Батбилэг

-Ховд аймаг бол Улаанбаатар хотоос 1500 километрийн зайтай, нэлээд алслагдмал бүс нутаг. Манай аймагт түүхий эдийн үнэ бага, эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай сайн авч чаддаггүйгээс эхлээд тулгамдсан олон асуудал бий.  

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Б.Ариунцэцэг

-Ховд аймаг төвийн зах зээлээс хол учир бараа, бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа авч чаддаггүй. Манай суманд нарийн мэргэжлийн оношлогооны аппарат дутмаг. Сумын эмэгтэйчүүдийн эмч мэргэжил дээшлүүлж ирсэн учир анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд аймгийн төв рүү явуулдаг. Мэдээ мэдээллийг телевиз, олон нийтийн сүлжээ гээд бүх сувгаар авдаг. Төр засгийн шийдвэрээс малчид хоцрохоо больсон.

Ховд аймгийн Цэцэг сумын малчин Г.Уянга

-Түүхий эд, ноос ноолуурыг өндөр үнээр борлуулах ямар арга зам байна гэдэгт төрөөс анхаараасай гэж хүсч байна. Малчид малаас гаргаж авсан түүхий эдээ өндөр үнээр борлуулж чадахгүй бол орлого буурна. Бидний орлогын гол эх үүсвэр нь малын түүхий эдээ борлуулах юм. Үүнд Засгийн газар анхааран ажиллаасай гэж хүсч байна.

 Эх сурвалж:www.polit.mn