Т.САЙХАН

Аялал жуулчлалын хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл орж ирж, хэлэлцэгдэнэ.Өнгөрсөн хугацаанд хуулийн төсөлтэй холбогдуулан аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор нэлээн олон санал ирсэн. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор мөн санал ирсэн. Салбар яамнаас гадна орон нутгийн удирдлага аялал жуулчлалын бүс зарлаад тусгай зөвшөөрлийг олгохоор хуулийн төсөлд зааж өгсөн. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах асуудалд санал шүүмжлэл нэлээн өрнөж байгаа. Тухайлбал, Музей үзэхэд Монгол хүүхэд үнэ төлбөргүй үздэг бол гадаад хүүхдээс 15000-25000 төгрөг авдаг гэхчлэн.Жуулчдыг татъя гэдэг ч гадаад агаарын тээврийн тийзийн үнийг бууруулах асуудал орхигдсон. Аялал жуулчлал хөгжсөн орнуудын менежемэнтийг судлахаар аялал жуулчлалын компани нь зочид буудлуудтайгаа нягт хамтарч ажиллаж, үнэ ханш гаргаж, жуулчдыг татах бодлого хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд гурван цагийн нислэг 100 ам.долларын үнэтэй болсон байх жишээтэй. Энэ жишгээр ажиллах, мөн гадаад нислэгийн тийзний үнийг бууруулах нь хамгийн чухал асуудал юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn