Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

Урлагийн мөн чанар нь биднийг соён гэгээрүүлж, сэтгэлийн таашаал, бодол ухраалыг  өгөх. Тайзны жүжиг утга санаагаараа нийгэмд үг хэлж, болохгүй байгааг нь шүүмжилж, ард түмэн бидний дуу хоолой болсоор ирсэн. Өдгөө ч энэ үүргээ биелүүлсээр байна. Гэвч үзэгчдийн урд гардаг жүжигчин найруулагчаас гадна тухайн уран бүтээлийг бүтээхэд жижүүр, үйлчлэгч, гэрэлтүүлэгч, тайзны ажилтнаас эхлээд олон хүний хүч хөдөлмөр шингэдэг билээ. Тэгвэл ачааны хүндийг  нуруундаа үүрдэг ч ард нь чимээгүй үлддэг эдгээр уран бүтээлчдийн тоо өдрөөс өдөрт багасаж, театр арын албаны мэргэжилтнүүдээр цангаж буй тухай “Зууны мэдээ” сонин цувралаар хөндсөөр байна. Бид өмнөх дугаартаа Монголын үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театрын орон тоо болоод тайзны арын ажилтнуудын хүртээмж ямар байгаа тухай сурвалжилсан. Харин энэ удаад бидэнд дутагдаад байгаа эдгээр уран бүтээлчдийг хэрхэн бэлтгэх вэ. Үүний тулд хамгийн эхэнд ямар алхам хийх ёстой тухай хөндөж байна. 

 

ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭР ЖИЛД 700-800 ОЮУТАН ТӨГСДӨГ 

 

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд соёл урлагийн мэргэжилтэн дагнаж бэлтгэдэг 10 хүрэхгүй сургууль бий. Эдгээр сургуулийн оюутнуудын 80 хувь нь жүжигчин, найруулагч, дуучин зэрэг мэргэжлээр суралцдаг. Жишээлбэл, Кино урлагийн дээд сургуулийн жүжигчиний анги 28 оюутантай бол зураачийн анги нь долоон хүүхэдтэй. Үнэндээ жилд зөвхөн жүжигчин мэргэжлээр багаар тооцоолоход  700-800 хүн төгсөж байна. Гэвч ажлын байран дээр гараад бүгд мэргэжлийн театр, телевиз, урлагийн байгууллагад ордог гэвэл худал болно. Учир нь тэдгээрийг бүгдийг нь авах олон мэргэжлийн урлагийн байгууллага манайд байхгүй. Ингээд  дөрвөн жил эцэг эхийнхээ мөнгийг үрж, диплом өвөртөлсөн ч урлагийн үнэнч фен, соёлтой үзэгч болж байгаа нь ихэнх хувийг эзэлнэ. Гэтэл дөнгөж долоохон оюутан төгсөж байгаа зураач гэсэн мэргэжил өнөөдөр Монголын соёл урлагийн салбар, театруудад өдрийн од болоод байна. Мэргэжлийн байгууллагын удирдлагууд ч тайзны арын албаны мэргэжилтнүүд хомс байгаа учир тэс өөр мэргэжилтэй хүнийг сургаж авдаг тухайгаа ярьж байсан юм. Тиймээс агаар, ус мэт хэрэгтэй болж буй арын албаны уран бүтээлчдийг бид хэрхэн бэлтгэх вэ. 

 

АЙМГУУДЫН МСҮТ Ч УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭДЭГ БОЛЧИХВОЛ ... 

 

Өнөөдөр манай улсад театр киноны зураач гэсэн хосолсон мэргэжлээр СУИС болон КУДС мэргэжилтэн бэлтгэж байна. Харин тэдгээр төгсөгчдийн 80 хувь нь дэлгэцийн уран бүтээлд ажиллах хүсэлтэй байдаг тухай ярьж байв. КУДС-ийн сургалтын менежер Б.Мөнхжаргал “Манай сургууль театр киноны зураач гэсэн мэргэжлээр оюутан элсүүлдэг. Эхэндээ энэ ангид хүүхэд тун бага элсдэг байсан ч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Манай төгсөгчид ихэнх нь кино урлагийн салбарт амжилттай ажиллаж байна” гэв. КУДС нь үүнээс гадна дэргэдээ “Урлаг-Урлан” МСҮТ-ийг хичээллүүлж эхэлсэн байна. Тус МСҮТ нь телевиз, техникийн тоног төхөөрөмжийн засварчин, дуу бичлэгийн техникч, фото зурагчин, гэрэлтүүлэгч, тайз чимэглэгч, тайз засалтын мэргэжилтэн, урлагийн болон үндэсний хувцасны оёдолчин, нүүр хувиргагч, гоо засалч зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа юм байна. Энэ нь яг өнөөдрийн бидний хөндөж буй театрын арын албанд дутагдаад байгаа мэргэжлүүд билээ. Гэхдээ 21 аймагтай, аймаг бүртээ урлагийн театр, чуулгатай манай улсын хувьд урлагийн арын албаныхныг бэлтгэдэг ганцхан МСҮТ байгаа нь хэтэрхий бага тоо.


Яг үүн шиг өнөөдөр мэргэжилтэн бэлтгэж буй МСҮТ-үүд дэргэдээ урлагийн тусгай ангийг нээчихвэл мэргэжлийн урлагийн байгууллагууд арын албаны ажилтнуудын хомсдолд орохоос сэргийлж болох гарц байгаа юм. Энэ тухай ахмад зураач Т.Батчулуун “Би насаараа орон нутгийн театрт театрын зураач хийсэн хүн. Миний үед энэ мэргэжил их үнэ цэнтэй байлаа. Биднийг төрөөс төлбөрийг нь даагаад гадагшаа явж сургадаг байлаа шүү дээ. Одоо тэр тогтолцоо л хэрэгтэй байна. Ядахдаа мэргэжил сургалтын төвүүддээ тайзны зураач гэсэн анги нээгээд төгссөн мэргэжилтнүүдийг мэргэжлийн урлагийн байгууллагуудад томилдог тогтолцоо хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн театрууд зураач, гэрэлтүүлэгч, оёдолчин гээд нарийн мэргэжилтнүүдээр дутмаг байна. Гэтэл аймгуудад нь МСҮТ-үүд олон байдаг. 
Түүнийг төгссөн тогооч, гагнуурчин, сантехникч гээд мэргэжилтнүүд ажилгүй холхиод л байна. Ийм олон диплом өвөртөлсөн ажилгүйчүүд бэлтгэснээс яг хэрэгтэй байгаа салбарын мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжээд бэлтгээд өгвөл хэрэгтэй санагдах юм” гэсэн юм. Үнэхээр ахмад зураачийн ярьснаар аймаг бүрт мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ-үүдэд урлагийн ганцхан ангийг нэмчихэд л мэргэжлийн урлагийн байгууллагууд маань арын албаны уран бүтээлчдээр тасрахгүй байх боломж бүрдэх гарц харагдаж байна. 

 

Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл: АРЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БОДЛОГООР ДЭМЖИХ ЦАГ ИРСЭН

-Бидэнд театрын арын албаны нарийн мэргэжилтнүүдээ нэмэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр Монголынхоо үндэсний урлагийг дэлхийд сурталчилж буй манай театр гэхэд тайзны ерөнхий зураачгүй ажиллаж байна. Мөн маркетинг, санхүүгийн албанаас эхлээд тайзны ажилтны тоогоо нэммээр байдаг. Гэвч тухайн мэргэжилтэн байхгүй, арай гэж нэг хүн сургаад ажиллуултал цалингаа голоод, гайгүй цалин амласан газар луу явах жишээтэй. Тэгэхээр театрын арын албаны мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжих цаг ирсэн. Манай урлагийн сургуулиуд энэ мэргэжлийн ангиудын тоог нэмж, тухайн ангид элссэн оюутанд сургалтын төлбөрийг нь хөнгөлөхөөс эхлээд ажилд зуучлах зэрэг бодлогоор бэлтгээд өгвөл сайн байна.   

 

Хүүхэлдэйн театрын зураач В.Энхтайван: ТЕАТРЫН ЗУРААЧ МЭРГЭЖЛИЙГ ТАНИУЛАХ АЖЛЫГ ТҮЛХҮҮ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Би 2004 оноос хойш Хүүхэлдэйн театрт ажиллаж байна. Миний хувьд уг нь барималч мэргэжилтэй. Харин энэ театртаа ирээд оёдолчин, мужаанаас эхлээд бүх ажлаа өөрөө хийж байна. Манай театрын үйлдвэр анги гурван хүнтэй. Энэ орон тоо бусад улсын жижиг театртай харьцуулахад ч бага тоо. Тиймээс тайзны арын уран бүтээлчдийг бодлогоор дэмжиж бэлтгээсэй гэж хүсч байна. Манай салбар нэг үеэ бодвол бие даасан яамтай болчихлоо. Тиймээс орон тооны асуудал болон нарийн мэргэжилтнүүдийг яаралтай бэлтгэх байх гэж найдаж байна. Театрын зураач, барималч гэдэг бахархмаар сайхан мэргэжил шүү дээ. Даанч эдгээр мэргэжлийг нийтэд таниулах сурталчилах ажлыг сургуулиуд түлхүү хийх хэрэгтэй байна.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 27 (7012)