Б.ЖАВХЛАН

БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа АНУ-ын Сан-Франциско хотноо лхагва гарагт зохион байгуулсан “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцууллаа.

“Samsung” энэ удаа “Galaxy S23” цувралын “Galaxy S23”, “Galaxy S23 Plus” болон тансаг зэрэглэлийн загвар болох “Galaxy S23 Ultra”, мөн “Galaxy Book3” зөөврийн компьютеруудаа олон нийтэд танилцуулжээ.

Өнгөрсөн жилүүдэд “COVID-19” цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байсан “Unpacked” арга хэмжээг сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа уламжлалт хэлбэрээр явуулсан нь энэ юм.

“Samsung” компани “Galaxy”-гийн шинэ инновациудаас хамгийн түрүүнд камерын хүчин чадлыг онцлон танилцууллаа. “Samsung Electronics”-ийн Гар утасны бизнес хариуцсан захирал Ро Тэ Мүн хэлсэн үгэндээ, “Samsung”-ийн шинэ гар утаснууд “өмнөх загваруудтай харьцуулахад илүү ухаалаг бөгөөд орчны гэрэл ямар байхаас үл хамааран хамгийн сайн гэрэл зураг, дүрс бичлэгийг танд санал болгох” камерын системтэй болсныг цохон тэмдэглэсэн байна.

 

“Galaxy S23” гар утасны хувьд 200 мегапикселийн дүрс мэдрэгчтэй бөгөөд энэ нь шөнийн цагаар зураг авах хүчин чадавхыг нь ихээхэн сайжруулжээ. Уг мэдрэгч нь гэрэл багатай орчинд фокусыг хурдан тохируулах, илүү тод өнгөтэйгээр дэлгэцэнд буулгах боломжийг олгодог байна.

Хамгийн сүүлийн үеийн “S23” ухаалаг гар утаснууд нь “Galaxy”-д зориулсан “Snapdragon 8 Gen 2” чиптэй бөгөөд Америкийн “Qualcomm” компани “Android” үйлдлийн системтэй гар утас үйлдвэрлэгчид зориулан чипээ тусгайлан өөрчилсөн анхны тохиолдол энэ болжээ.

“Samsung”-ийн мэдээлснээр, Сан-Диего хотод байрладаг чип үйлдвэрлэгчтэй нягт хамтран ажилласны дүнд “Galaxy S23” загваруудад зориулан хүчирхэг чипийг бүтээжээ. Ингэснээр өмнөх “Galaxy S22” цувралаас графикийн өгөгдөл боловсруулах хурд нь 41 хувиар өссөн байна.

“Galaxy S23” цуврал гар утаснууд хоёрдугаар сарын 17-ны өдрөөс худалдаанд гарна. БНСУ-д урьдчилсан захиалга хоёрдугаар сарын 7-13-нд явагдах бөгөөд “S23” загварын үнэ 1.15 сая воноос, “Plus” загвар 1.35 сая воноос, “Ultra” загвар 1.59 сая воноос тус тус эхэлнэ.

Мөн “Samsung” хэрэглэгчдэдээ “Galaxy”-гийн шинэ загварын бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжийг бүрдүүлэх “Galaxy Experience Spaces” дэлгүүрүүдээ Сан-Франциско, Лондон, Парис, Дубай зэрэг дэлхийн олон хотод нээх ажээ.

Эх сурвалж: www.polit.mn