Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхалтай техникийн нэг автомашин нь цаг хугацаа хэмнэх, холын замыг товчлох олон давуу талтай. Цаг хугацаа, техник технологийн хурдтай хөгжилд ч автомашины загвар хийц, хүч чадал, хувьсан өөрчлөгдөж хүмүүсийн амьдралын энгийн хэрэглээ болсон. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Авто ертөнц” буландаа приус машины  загваруудын ялгаа, тохиргоог “Car doctor” авто засварын газрартай хамтран хүргэж байна.

 

“Тоёота” компани 1995 онд хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоуны үеэр анх танилцуулж, дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлжээ. Приусын анхны NHW10 загвар 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд Японд  худалдаанд гарсан байна.  Тоёота приус 10, 11, 20-ийн хувьд 1.5 литрийн 1NZ-FXE I4 цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй бол Приус 30-ын хувьд 1.8 L 2ZR-FXE I4 1.8 L 5ZR-FXE I4 гэсэн хоёр янзын хөдөлгүүртэй худалдаанд гарчээ.

 

ПРИУС МАШИНЫ ХУВИЛБАРЫН ЯЛГАА

 

Приус 20 нь S, S touring, G, G touring, G touring leather edition гэсэн таван төрлөөр үйлдвэрлэгддэг. Мөн үйлдвэрлэж байгаа орноос хамаарч DOHC I4 VVT-i 1NZ-FXE хөдөлгүүртэй байна. NHW20 баттерей нь 160 мянган км баталгаатай үйлдвэрээс гардаг бол цахилгаан мотор нь үйлдвэрээсээ 240 мянган км-ийн баталгаатайгаар үйлдвэрлэгддэг аж. Приус 30-ын хувьд L, S, G, S touring, G touring гэсэн таван загвартай. L загварын хувьд туузан лед,  гүприйн нэмэлт гэрэл, арын шил арчигч,  цахилгаан суудал, шил дээр тусдаг хянах, их гэрэл шүршигч байхгүй. Приус 40 гурван эгнээ, долоон хүний суудалтай. Мөн голын хайрцагны доор баттерей байдаг учраас голын хайрцаг маш жижиг. Харин приус 41 хоёр эгнээ, таван хүний суудалтай. Голын хайрцаг  том, гүнзгий. Баттерей нь приус 20, 30-тай адилхан хойноо байрлалтай.

ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ТОГТМОЛ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

 

Цахилгаан мотор болон баттерейнаас бусад механикийн эд ангиуд нь жирийн машинтай адилхан засвар үйлчилгээ хийх боломжтой ажээ. Харин арчилгаанд  анхаарах зүйл нь  хөргөлтийн шингэнийг тогтмол шалгана. Приус машин үйлдвэрийн стандартаар 100 км замд 3-4.5 литр шатахуун зарцуулах нормтой байдаг байна. Манай орны зам, цаг уур, шатахууны чанараас шалтгаалан ялгаатай байдаг аж.  Монголд зуны улиралд 100 км-т 3.5-5 литр, өвлийн улиралд 7-10 литр шатахууныг 100 км-т зарцуулдаг байна. Гэхдээ шатахуун зарцуулалт нь машинаа дулаан гарааш эсвэл тоосгон гарааш, ил зогсоолд тавьдгаас шалтгаалан харилцан адилгүй байдаг аж. Хамгийн гол нь их явах тусам шатахуун бага зарцуулдаг байна.

 

АГААР ШҮҮГЧЭЭ 3000-5000 КМ ТУТАМД НЭГ УДАА СОЛИОРОЙ

 

Автомашины хөдөлгүүр нь агаар, шатахууныг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг аж. Агаар шүүгчээр бохир агаар орж ирсэн тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй, доголдолтой болгох, шатахуун зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөө үүсдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэх ёстой ажээ. Хэрэв байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол агаар шүүгчийг цэвэрлэх дээрх давтамж илүү багасна. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж байдаг учраас хамтад нь солибол илүү үр дүнтэй байна. Харин моторын тосыг улирал хамаарахгүй 5000 км тутамд солих шаардлагатай. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай байна.  

 

ПРИУСЫГ ӨНДӨРЛӨХ ГУРВАН АРГА 

 

Нэгдүгээрт, приусыг пүршээр өндөрлөх боломжтой. Ингэснээр машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй ч аюулгүйн стандарт алдагддаг байна. Тоёота приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч ихэсснээр аюултай нөхцөл үүсгэдэг аж. Пүршээр өндөрлөгөөний сул тал нь амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг байна.  Харин дугуйгаар өндөрлөснөөр туулах чадвар сайжирч донсолгоо бага мэдрэх давуу талтай. Харин хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажиллах,  эргэлт хийх үед бүрэн эргэлт хийж чадахгүй хавирах сөрөг нөлөөтэй юм байна. Резин өндөрлөгөө нь машиныг өндөр болгох ч резинэн материалаар хийсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай аж. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалттай учраас резинэн өндөрлөгөө нь пүршээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй байна. Гэвч ямар ч төрлийн өндөрлөгөөг үйлдвэрлэгчээс хориглодог аж.
 Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт байдаг. Энэ нь олон шалтгаантай. Хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө, рулийн аппарат шахуулах, дууг нь даруулснаас  шалтгаалдаг аж.  Мөн шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг байна. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийхээс хамаардаг аж. Тиймээс зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулийн дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

 

 ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН БАТТЕРЕЙГ ТЕСТЭЭР ШАЛГААРАЙ

 

Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэл багасах, анхаарал сарних аюултай. Тиймээс гэрлэн чимэглэл хийхдээ шилэнд ойхгүйгээр суурилуулахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Мөн нэмэлт гэрэл тавихдаа галын аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй. Приусын өндөр хүчдэлийн баттерейг шалгахдаа тестр ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй ажээ. Приусын салон нь жижиг хэсгүүдээс бүрдэхээс гадна хуванцар материал ихтэй учраас дуу орох магадлал их. Тиймээс дууг дарахын тулд салоноо задалж жийргэвч хэрэглэх боломжтой аж. Хэрэв задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул мэргэжлийн дуу дардаг авто сервист хандахыг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Машины обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ ялгаатай байна. Приусын стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)