С.САРУУЛ
Засгийн газраас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гарчээ. Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорин хотыг байгуулах газрын бүтэц, газар хөдлөлт, хөрс, ус цаг уурын нөлөөллийг судалж байна. Геодезийн судалгааны дараа хотын байршлыг тогтооно. Дэд бүтэц, орон зайн төлөвлөлт, бүсчлэл, зам тээврийн сүлжээ, ямар барилга байгууламж, байгууллага байх ерөнхий төлөвлөлтийг хийх юм. УИХ-аас 07 дугаар тогтоол гаргасан. Энэ дагуу бид байршлыг тогтоох, геодезийн судалгаа, хотын ерөнхий төлөвлөлтийг хийх шаардагдах хөрөнгийн эх үүсвэрүүдийг бий болгох чиглэлийг өгсөн. Өнөөдрийн шийдвэр гарснаар шинэ Хархорин хот байгуулах ажил эзэнтэй болж байна. Тухайн ажлыг хариуцах бүтэц бий боллоо.
Хотын ерөнхий төлөвлөгөө дуусаад бүтээн байгуулалтуудын ажил эхэлнэ. Ерөнхийлөгчийн ордноос эхлээд төр захиргааны байгууллагууд байршиж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ажлын явц байдлын талаар мэдээлэл өгч байх болно. Шинэ Хархорин хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхий төлөвлөлт дуусахаар хэчнээн хүнтэй орон сууцны хороолол, барилга байгууламж баригдах нь тодорхой болно. Урьдчилсан таамаглалаар 500000 хүнтэй хот бий болно гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ" гэв.
Эх сурвалж: www.polit.mn