С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагаас койн болон нэр бүхий сэтгүүлчийг баривчилсан асуудлаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.Тайван "Сүүлийн долоо хоногийн хугацаанд манай тасагт крипто валютын цахим хэтэвчнээсээ мөнгө алдсан гэх шалтгаантай 12 дуудлага ирсэн. Хохирлын хэмжээ нь 300 гаруй сая төгрөг байсан. Энэ нь ямар нэг байдлаар нууц үгээ алдах, улмаар цахим хэтэвчнээсээ мөнгө алдах хэрэг ихсэж буйг харуулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ "Фишинг" хортой холбоос буюу тухайн хэрэглэгчийн групп дээр койны нэрийг нь бичээд "урамшуулал зарлалаа, та нэр, мэдээллээ оруулж шагналаа баталгаажуулна уу" гэх хэлбэрээр нууц үгийг нь аваад койныг нь хулгайлж байгаа юм.  Мөн иргэд бие биедээ итгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор койноо шилжүүлж, алдах тохиолдол ч гарч байна. Түүнчлэн крипто валютын бирж, тэдний үйл ажиллагаа, систем, программ хангамжийн аюулгүй байдлын асуудал яригдана. Зөвхөн биржийн админ нэвтрэх эрхтэй мэдээлэл рүү халдан валют эзэмшигчийн утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг өөрчлөн цахим хэтэвчийг сэргээж аваад, койн хэлбэрээр гадагш гаргах гэмт хэрэг мөн илэрч байна. Иймд иргэд хортой холбоос руу хандан хувийн мэдээллээ алдахгүй байхад анхаарч таслан зогсоох шаардлагатай байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn