Б.ДОЛЖИНЖАВ

Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намаас өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус намаас шинэ Үндсэн хуулийн төсөлд хамтран ажиллах бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаа юм.

Энэ талаар тус намын үүсгэн байгуулагч Г.Батжаргал “Бид МАН-аас бэлтгэж, одоо хэлэлцэж буй таван бүлэг 62 заалт бүхий Үндсэн хуулийн төсөлтэй бүрэн эхээр нь танилцахад төрийн эрхийг ард иргэдэд шилжүүлээгүй, тогтолцооны өөрчлөлт хийгээгүй байна. Тодруулбал, гуравдугаар бүлгийн 36 дугаар зүйлийн 4 болон 5-т Ерөнхийлөгчийг болон Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг намуудын төлөөллийн танхим болох зөвхөн Улсын бага хурлаар шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна. Мөн Ерөнхийлөгч нь УИХ, УБХ-ын тус бүр есөн гишүүнээс бүрдсэн хамтарсан бүрэлдэхүүний ердийн олонхиор томилогдож байгаа болон ерөнхийлөгч өөрөө УИХ буюу иргэдийн төлөөллийн хуралд 15 гишүүнийг томилдог тэдгээр нь энэ бүрэлдэхүүнд нь оролцох боломжтой байхаар тусгахаас гадна Ерөнхий сайд нь намуудын төлөөллөөс бүрдэх УБХ-аас, Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлснээр томилохоор тусгажээ. Үүнээс гадна намуудын төлөөллийн танхим болох УБХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөх татгалзах эрхийг өгсөн нь хэрэв Үндсэн хууль ард иргэдийн эсрэг бичигдсэн тохиолдолд засварлах боломжгүй болж түгжигдэх, намуудын шийдвэрийн доор улс, үндэстэн дахин үлдэх боломжийг олгосон байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Ийн төрийн эрхийг намд нууж үлдээсэн, улс үндэстний халдашгүй үнэт зүйлсүүд, тусгаар тогтнол, иргэний үүргийн заалтуудыг огт тусгаагүй байгаа тул шинэ Үндсэн хуулийн төсөлд хамтран ажиллах саналыг өргөн барьж байна” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn