С.САРУУЛ

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2022"-ийг зарлалаа. ТББ-ын тэргүүн Л.Төр-Од "Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг судлан, үнэлгээг нэгтгэж зарладаг. Энэ жилийн хувьд дэлхийн 180 орныг хамруулсан. Ингэхдээ байр суурь, санал асуулга, нотлох баримтын хүрээнд судалгаа явуулдаг билээ. 2016 онд 176 орон хамрагддаг байсан бол өдгөө 180 болж өссөн.

Манай улсын авлигын индексийн сүүлийн таван жилийн оноо

2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт

2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт

2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт

2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт

2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт

2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн улс орнуудын сүүлийн таван жилийн авлигын түвшнийг харьцуулахад ахиц дэвшил гараагүй. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан нийт улсын 95 хувийнх нь авлигын түвшин бага зэрэг буурсан. Зарим бүс нутагт авлигын түвшин өссөн үзүүлэлт гарсан бол Скандинавын улс оронд авлигын индекс бага болжээ. Түүнчлэн авлигажсан улс оронд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгааг судалгааны үр дүн харуулсан. Харин Вьетнам, БНСУ нь тогтвортойгоор авлигаа бууруулж чадсан. Тэдний жишгээс харахад бизнес олигархи бүлэгтэйгээ тэмцэж, хариуцлага тооцдог болсон байна. 

Авлигын индексээр хэмждэг зүйл:

Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх

Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх

Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг.

Авлигын индексээр хэмждэггүй зүйл: 

Авлига авсан өгсөн тохиолдол тус бүр

Татвараас зугтааж зайлсхийсэн эсэх

Хууль бус санхүүгийн гүйлгээ

Мөнгө угаах гэмт хэрэг

Далд эдийн засаг

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, үр нөлөөг хэмжихгүй юм" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn