С.САРУУЛ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцийг өөрчилж, шинэ ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаад буй. Тэгвэл тус ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын үе шат үргэлжилж байна. “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн "Өнөөдөр ярилцлагад нийт 78 хүн оролцохоос 74 нь орсон. Дөрвөн хүн ярилцлагын шатанд оролцоогүй. Эрэгтэй 49, эмэгтэй 29 хүн уг шатанд орсон байна. Яг одоо үдээс хойших ярилцлагын шат үргэлжилж байна. Ярилцлагад нийт 430 орчим хүн хамрагдах учраас анх гурван өдөр гэж тооцоолж байсан ч дөрвөн өдөр болсон. Тав дахь өдөр ярилцлагынхаа эцсийн дүнг нэгтгээд "Эрдэнэс Монгол" ХХК-д хүлээлгэж өгснөөр бидний сонгон шалгаруулалтын ажил дуусна.

Тус компанийн гүйцэтгэх захирал ахлах менежерийн түвшний ажлын байранд өрсөлдөж буй хүмүүстэй ярилцлага хийнэ. Өөрөөр тус компанийн зүгээс оролцоо байхгүй. Ярилцлагын шатнаас хамгийн өндөр оноо авсан гурван хүний нэрийг компанийн удирдлагад санал болгоно. Ярилцлагын шатны оноог олон нийтэд ил болгохоор ажиллаж байна. Систем хөгжүүлэлтийн явцаас хамаарна. Дөрвөн өдрийн турш ярилцлагад оролцсон 430 орчим хүмүүс өөрсдийн болон бусдын оноог харахад нээлттэй" гэдгийг хэллээ.

Ярилцлагын шалгалтын агуулгыг их, дээд сургууль хүний нөөцийн мэргэшсэн компаниуд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулж байна. Уг ярилцлагын шалгаруулалтыг МҮХАҮТ-аас удирдаж байгаа. Монголын томоохон ААН-ийн төлөөлөл ярилцлагад оролцож байна Тухайлбал, Мобиком, АПУ, Монос, Сүү зэрэг компанийн удирдах албан тушаалтнууд уг ярилцлагыг зохион байгуулж байгаа юм. 17 байгууллагын төлөөлөл сорилын болон ярилцлагын шатанд хөндлөнгийн хяналт тавьж байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn