Д.Дарамбазар
ОХУ-ын Красноярск хотноо болсон нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс манай чөлөөт бөхчүүд 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртэв. Медаль авсан бөхчүүдийн барилдааныг танилцуулвал:
- Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр, 2018 онд Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бол 5 жилийн дараа хошой медальтан болов.
- Эмэгтэйчүүдийн 50 кг-т ОУХМ Ц.Намуунцэцэг мөн мөнгөн медальтан, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Г.Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
- Эмэгтэйчүүдийн 57 кг-т ОУХМ Э.Сумъяа алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр, Красноярскийн тэмцээнд 2020 онд мөнгө, 2015, 2016, 2017, 2019, 2022 онд хүрэл медаль хүртэж байсан бол долоо дахь нь алтан медаль байлаа.
- Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул мөн алтан медаль хүртэв. 2020 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр Красноярскийн дэвжээнд Монголын бөхчүүдээс гурав дахь алтан медалийг хүртлээ
- Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг Красноярскийн тэмцээний манай бөхчүүдээс анхны алтан медалийг авчрав. Түүний хувьд Иван Ярыгиний тэмцээнээс иж бүрэн медалийн цуглуулгатай болж байна. Тэрбээр 2018 онд хүрэл, 2021 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
- Мөн энэ жинд Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн Монголын бөхчүүдээс гурав дахь мөнгөн медалийг авчирав. 2020 онд тус тэмцээнд үзүүрлэж байжээ.
- Эмэгтэйчүүдийн 68 кг ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр, 2020 онд мөн хүрэл медаль хүртэж байсан бөгөөд гурван жилийн дараа медалиа ихэрлүүлэв. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Э.Даваанасан нар хоорондоо тулж, О.Бурмаа 6:4-өөр ялснаар есөн жилийн дараа Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний аварга болсон. Тэрбээр үүнээс гадна 2008, 2013, 2020 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль хүртэж байв.
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ийн алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Эх сурвалж: www.polit.mn