С.УЯНГА

Хөдөө аж ахуйн доктор, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан  Ж.Цолмон манай сонинд хандаж Монголын ард түмнээсээ сайхан сэтгэлийн хандив хүслээ. Тэрбээр МУИС-ийн 1986 оны төгсөгч, Монголын анхны микробиологичдын нэг, биологийн багш юм. Төгсөөд сүүний үйлдвэр, талх чихрийн үйлдвэрт ажиллаж байгаад Ургамал хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан гээд 40-аад жил төрдөө ажиллажээ. 1997 онд микробиологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Ж.Цолмон хүн болон ургамал хөрсөнд хоргүй зөвхөн шавьж устгадаг бактерийн дөрвөн омог илрүүлж бэлдмэл үйлдвэрлэсэн нь цоо шинэ нээлт байв. Мөөгөнцөр, бактер, вирус судалж өөрийн бүтээлээ гаргаж олон ч патентын эзэн болж явсан үе бий. Энэ талаараа “Монгол Улсын 21 аймгийн ойн шавьжийг өөрийнхөө бүтээсэн бактерийн бэлдмэлээр гурав хоногийн дотор устгасан. 1997 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын ойг гурав хоногт ногооруулсан, дараа жил нь Өвөрхангайн голын дагуу бургасыг, 1999 онд Богд уулын ойг ногооруулж байлаа. 2000 онд Булган аймгийн Уран тогоо уулын ой шавьжинд идэгдсэн байсныг 2-3 хоногт шавьжийг нь устгасан. Энэ мэтээр олон ч Хэнтий, Хөвсгөл аймаг руу бэлдмэлээ аваад АН-2 онгоцоор нисэж очиж хөнөөлт шавьжийг нь устгасан” гэлээ. 


2018 гавьяаны амралтдаа гарсан ч зүгээр суухгүйгээр Хан-Уул дүүрэгт 3.3 га газарт хүнсний ногоо тарьж, гахай үржүүлж иржээ. Гэвч хэдхэн сарын өмнө түүний олон жил хурааж хуримтлуулж ирсэн хөрөнгөөрөө босгосон байшин нь шатсан харамсалтай явдал тохиосон байна. Хадгалж хураасан дээрээ тэтгэврийн зээл, машин болоод өөрт байгаа өнгөтэй өөдтэй бүхнээ ломбарданд барьцаалан байж 200 гаруй сая төгрөгөөр босгосон байшин нь хормын дотор үнс болж хувирсанд тэвдэж явна. Байшин дотор зөвхөн эд хэрэгсэл биш ногоо тарьдаг багажнууд, түүний 40 гаруй жилийн оюуны бүтээл байсан нь галд өртжээ. Ж.Цолмон “Бүхнээ шавхаж их хэмжээний өр зээл тавин байж 11*12 хэмжээтэй байшин босгосон. Өнгөрсөн аравдугаар сард нүүж орсон. Гэтэл арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө дээвэр дээгүүр хүн яваад байсан. Эгц босоо өндөр дээвэр дээр харанхуй шөнө зүгээр ч нэг хүн явах боломжгүй учраас соронздож явсан байх. Их чимээ гарч, дөрвөн төвөд нохой маань боргоод сүйд болсон. Ганцаараа амьдардаг болохоор гарч чадаагүй. Тэгэсхийгээд чимээгүй болоод эргээд унтсан. Гэнэт халуу дүүгээд явчихаар нь цочоод сэртэл улаан гал улалзаж, цонхны хөшиг дээрээсээ эхлээд шатаж байсан. Тэгээд өмссөн хувцастайгаа хөл нүцгэн гүйж гараад гал команд дуудсан. Галынхан дөрвөн минутын дотор ирж бүтэн гурван цаг унтраасан. Тиймээс миний бодлоор яах аргагүй гадны нөлөөтэй. Хашааны гаднаас асаагуур, байшингийн хажууд хуванцар аяга унагаасан байсан. Янданд их хэмжээний гал байсан гэсэн дүгнэлт гарсан. Манайх тог цахилгаангүй, гал бараг түлээгүй. Өмнө нь миний гахайнуудыг хүн алчихсан байхад цагдаа төмөр утсанд гогдоод үхсэн байна гээд хаасан. Гэтэл сүүлд нь гахайн байрнаас хутга нь гарч ирсэн. Энэ удаа цагдаа нар миний гомдлыг дахиад л авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Миний хувьд илрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Сэжиглэж байгаа хүн ч бий. Манай ойр орчмын айлууд гаднаа бүгд камертай.

Гэвч хэрэг гараад удаж байхад цагдаа нар камер шүүгээгүй байгаа” гэлээ. Энэ нөхцөлд улсаас онцгой байдлын тэтгэмж гэж 1.2 сая төгрөг журамтай байдаг аж. Гэхдээ Ж.Цолмон энэ тэтгэмжээ ч авч чадаагүй бичиг баримтуудаа хөөцөлдөөд айлын хажуу өрөө түрээсэлж, ангийнхаа охины өгсөн хуучин хувцас, нэг плиткаас өөр эд хогшилгүй аж төрж сууна. 
Тэрбээр 200 сая төгрөгийн хөрөнгөнөөс илүү 700 гаруй хуудастай эмийн ургамлын эх бэлтгэсэн, 71 хуудас шүлгийн түүвэртэй байснаа галд алдсан тухайгаа “Их олон жил бичсэн дээ. Одоо бол зөвхөн эмийн ургамлын тархалт, онцлог, юунд нөлөөлдөгийг бичсэн бол би ямар өвчинд аль эмийн ургамлыг хэрэглэдэг, нэг ургамлыг олон өвчинд хавсран хэрэглэх гээд хоёр талаар нь бичсэн оюуны бүтээл байсан. Энэ олон жил эмийн ургамалтай холбоотой оюуны бүтээл хийхдээ нэг зүйлд их сэтгэл дундуур байдаг. Манай улс эрдэм шинжилгээний байгууллагыг экпердиц болгосон. Эрдэм шинжилгээний байгууллага өөрсдөө бүтээгдэхүүн гаргаад патент авах ёстой байтал экпердиц болгочихоор хүний бүтээлээс омгийг нь ялгаж аваад патент болгож байна. 2013-2015 онд тасралтгүй тендерт орох гээд бүтээгдэхүүнээ өгөхөд омгийг нь маань ялгаж авчихаад шал өөр хүний нэрээр патент авчихсан байсан. Өөрөөр хэлбэл, бусдын оюуны бүтээлийг хулгайлж өөрсдөө эрхийг нь авч байгаа хэрэг. Энэ бол эрдэм шинжилгээний байгууллагыг экпердиц болгосны алдаа” гэсэн юм. Эцэст нь ийм зовлонд унасан хүнд Монголын сайхан сэтгэлт ард түмнээс өөр хандах газар олддоггүй юм байна гэж учир байдлаа хэллээ. 

Ж.Цолмонгийн харилцах данс: ХААН БАНК:
5023628115
Утас 91222788. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)