Б.ДОЛЖИНЖАВ

 

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж  гадаадад маш хүнд нөхцөл байдалд орсон, буцаж ирж чадахгүй байгаа иргэдэд зориулсан сан байдаг. Энэ сан жилийн 200 гаруй сая төгрөгний төсөвтэй  бөгөөд зарцуулалтыг нь Гадаад харилцааны яам хариуцдаг юм. Тэгвэл энэ онд тус санд зориулан 392 сая төгрөг төсөвлөжээ. 


Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан бол гадаадад нас барсан иргэдийн шарилыг зөөх, ажил эрхлэхгүй боломжгүйгээс туйлын хүнд нөхцөлд орсон иргэдэд зориулсан сан юм. Нэг хүнд зарцуулах зардал таван сая байдаг учир жилийн 200 сая бол маш бага. Таван сая төгрөг нас барсан иргэдийн шарилыг зөөхөд ч хүрэлцдэггүй. 2022 онд 55 иргэнд 206 сая төгрөг зарцуулсан. Анх энэ санг үүсгэсэн цагаас хойш буюу 2009 оноос өнгөрсөн оныг дуустал хугацаанд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2021, 2022 онд энэ сангийн төсөв хүрээгүй учир гадаадын байгууллагуудаас тусламж хүсэж гурван тэрбум орчим төгрөг цуглуулж иргэдээ татаж авсан. Тиймээс энэ жилийн тухайд энэ сангийн төсвийг нэмэгдүүлж 390 сая болгосон” гэж ярилаа.
Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Эмчилгээний зорилгоор явж байгаа хүмүүст иргэдэд туслах сангаас төсөв гарган дэмжлэг үзүүлэх боломжгүй. Нас барсан, амь нь эрсдэлд орсон, ял эдэлсэн иргэддээ зарцуулаад дээрх сангийн төсөв дуусдаг. ЭМЯ-нд Монголд эмчлэхгүй өвчтөнүүдэд зориулсан сан байдаг. Энэ санд хандаад тодорхой хэмжээний мөнгөн тусламж авах боломжтой” гэв.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 оронд 167 мянга орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээрээс өнгөрсөн оны байдлаар 762 иргэн гэмт хэрэгт холбогдож, 144 иргэн нас баржээ.

 

“Гадаад хэлгүй, боловсролгүй хүнийг Элчин сайдаар томилсон алдаа гарсан”

 

Манай улсын гадаад харилцааг хариуцдаг дипломат ажилтны тоо багаас гадна цалин нь тийм ч хангалттай биш байдаг. Тиймээс цаашид тоог нь нэмэгдүүлж, нийгмийн хангамжийг нь сайжруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг салбарын сайд нь онцлов.


Энэ талаар сайд Б.Батцэцэг “Манай улс бусад улстай харьцуулахад цөөн дипломатчтай.Тэд олон хүний үүргийг гүйцэтгэж ачаалал ихтэй ажилладаг. Цаашид чадварлаг дипломатуудынхаа тоо, нийгмийн хангамж, цалинг тасралтгүй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор манай дипломатууд дэлхийн дунджаас 40 хувиар бага цалин авдаг. Гадаад хэлгүй, боловсролгүй хүнийг Элчин сайдаар томилсон алдаа Засгийн газар тогтворгүйгээс үүдэн гарсан. Үүнийг засахын төлөө явж байна. Сайдаар томилогдсоноос хойшхи хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүллээ.  Энэ хугацаанд 26 Элчин сайд томилсон. Үүний 80 гаруй хувь нь манай яамны үндсэн дипломатууд байна. Тэд удирдах ажлыг 10-15 жил хийсэн туршлагатай, багадаа 2-3 гадаад хэлтэй. Гаднаас томилогдсон элчин сайдууд мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн хувьд тодорхой шалгуур хангасан. Зургаан сар бүрт элчин сайдууд ажлаа тайлагнаж, дүгнэдэг болсон. Ингэснээр хариуцлага нэмэгдсэн. Дипломат ажилчны мэдлэг өргөн, ёс зүй бусдаас илүү нарийн дэгтэй байх ёстой. Тиймээс ямар нэгэн хэрэгт холбогдсон хүнийг элчингээр томилохгүй байх бодлого баримталж байна” гэлээ.


Хоёр жилийн өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран мэргэжлийн хуульч хүмүүсийг Хятад, Турк, Америк, Европын холбооны улсуудад дипломат төлөөлөгчийн газар томилж ажиллуулж байна. Энэ нь иргэдэд хууль эрх зүйн талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд тустай гэж үзжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)