Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” баасан гарагт бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Энэ удаагийн форумаар хөндөгдсөн нэг чухал асуудал нь хэвлэл мэдээллийн хүний нөөц тэр дундаа Z үеийн сэтгүүлчдийн онцлогын тухай байв.

Энэ талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа “Танай бэлтгэсэн сэтгүүлчид алдаа ихтэй бичиж байна гэж ажил олгогчид ханддаг. Гэтэл зөв бичгийн дүрмийг дөрөвдүгээр ангид үздэг. Энэ бол бидэнд хамааралгүй. Харин мэргэжлийн ур чадвар их сургуулиудтай холбоотой. Шинэ, залуу сэтгүүлчид буюу Z үеийнхэн юунд ч хүчлэхээ, хичээхээ больчихсон. Нэг байгууллагад ажилд ороод таалагдахгүй бол өөр хэвлэл рүү орчихье гэж боддог болсон. Тиймээс манай сургууль оюутнууддаа ямар асуудал тулгарч байгааг нь асууж, тэдэнд их анхаарал хандуулж, тулж ажиллаж эхэлсэн. Ажил олгогчид ч олон цагаар ажиллуулахгүй байя гэж шаардлагаа бууруулж байна” гэв.

Мөн Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам “Залуу, ёс зүйтэй, ирээдүйд нэг редакц удирдаад явах хэмжээний сайн сэтгүүлчдийг бэлтгэхэд анхаардаг. Гэтэл залуу сэтгүүлч ажиллаж ажиллаж байгаад гараад явчихдаг. Тиймээс ажил олгогчдыг хайрлах сэтгэлгээг залуу сэтгүүлчдэд суулгаж өгөөсэй гэж хүсч байна” гэсэн  бол Ньюс агентлагийн захирал Б.Батболд “Манай агентлаг залуу сэтгүүлчдээр багаа бүрдүүлсэн. Тиймээс редакторууд тэдний нийтлэлийг засаж, алдааг нь хянаж ажилладаг. Залуу сэтгүүлчдийн алдааг дааж явахаас өөр арга бидэнд алга” гэв.

Харин Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо “Z үеийнхний амьдралын үнэ цэн нь аз жаргалыг мэдрэх. Өөрт нь аз жаргал бэлэглэхгүй зүйлийг шууд орхичихдог. Харин үнэ цэнтэй гэж бодсон зүйлдээ их үнэнч.Редакцууд өөрсдийн үнэ цэнийг залуу сэтгүүлчдэд ойлгуулж чадаагүйгээс зөрчил гарч байна гэж хардаг” гэж ярилаа.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: “Бид залуу сэтгүүлчдийг мэргэжилдээ дурлуулахад нь анхаарч ажилладаг. Өдөр тутмын сонины сэтгүүлч байх хүнд ажил. Гэсэн ч сэтгүүлч мэргэжлийн сайхан талыг мэдрүүлэхийг хичээдэг. Тиймээс ямар нэгэн шахалтгүйгээр өөрсдийн хүслээр ажиллах боломжийг бүрдүүлдэг” гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn