Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болов.

Тус форумын хоёр дахь салбар хэлэлцүүлэг “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр өрнөсөн юм.

Энэ үеэр Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, МУИС-ийн докторант Д.Оросоо “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болоод гүтгэлгийн тэнцвэрийг олох нь их чухал. Тэнцвэрийг олж чадахгүйгээс нэг бол Зөрчлийн хууль үгүй бол Эрүүгийн хуулиар сэтгүүлчид шийтгүүлээд байна. Нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж чадаагүйгээс манай улс үүний тэнцвэрийг олж чадахгүй л явна. Үүнээс үүдэн олон хүн тэр дундаа сэтгүүлчид “туршилт”-д орж байна.Зөрчлийн хуулиар торгосны дараагаар буруу шийдвэр байжээ гэж хэлдэг нь туршилт юм. Бусдын нэр төр, алдар хүндийг хамгаалах бол маш чухал, ардчиллын суурь юм. Тиймээс ч худал мэдээллийн улмаас нэр төрөө гүтгүүлснээс амиа алдсан тохиолдол ч манай улсад байдаг. Ийм муухай үйл явдал дахиж битгий тохиолдоосой гэж хүсдэг. Мэргэжлийн сэтгүүлчдийн дөрөө харшиж болохгүй зүйл бол гүтгэлэг. Гүтгэлэг бол ор үндэсгүй зүйлийг зохиогоод хүний нэр төрийг гутаах зорилготой санаатай үйлдэл юм.  Тиймээс сэтгүүлч хүн хэзээ ч хэн нэгнийг гүтгэдэггүй. Харин тэд мэргэжлийн алдаа л гаргадаг. Мэргэжлийн алдааг Эрүүгийн хуульд оруулж сэтгүүлчдийг шийтгээд байгаа нь маш том алдаа. Энэ хуулийн алдааг засчихвал сэтгүүлчдийн хэвлэлийн эрх чөлөөнд томоохон ахиц гарна” гэж ярив.

Эх сурвалж:www.polit.mn