Б.ДОЛЖИНЖАВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2023” “Ёс зүйн үнэ цэн:Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болов.

Тус форумын хоёр дахь салбар хэлэлцүүлэг “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр өрнөсөн юм.

Энэ үеэр Time.mn сайтын эрхлэгч Г.Улсболд “Шүүхэд дуудагдсан ихэнх сэтгүүлчид үг үсэг, утга найруулга эсвэл тоо, баримтын алдаа гаргасан байдаг” гэдгийг онцолсон юм.

Харин Хууль зүйн ухааны доктор, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны дарга Ш.Сүхбаатар “Телевиз, өдөр тутмын сонинууд мэргэжлийн алдаа гаргах нь бага. Манайд ирж байгаа гомдлын ихэнх нь сайтууд байдаг. Ингэхдээ 1-2 хүнтэй, гэр бүлийн хүрээний сайтууд байх нь элбэг. Гэсэн ч хэвлэл мэдээлэл ёс зүйтэй байдал зөв зам руугаа чиглэж байна. Ямарваа нэгэн мэдээлэл гарахаар хэвлэлийг гүтгэсэн гэж шүүхэд хандаж байхаар тухайн мэдээллийг нийтлүүлсэн хүнийг нь Иргэний хуулиар зохицуулах нь зүйтэй гэж боддог. Эрүүгийн хуульд гүтгэлгийн заалтыг оруулсныг эсэргүүцдэг” гэсэн юм.

Мөн МСНЭ-ийн Хууль, ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Гүтгэлгийг сэтгүүлч биш хувь хүмүүс улс төр, эдийн засаг болон бусад зорилгоор хийгээд үүнийгээ түгээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигладаг. Ийн өөр хүн гүтгэсэн байтал хуулиараа яагаад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийтгүүлдэг юм бэ гэсэн маргаан үүсч, томьёоллыг нь худал мэдээлэл болгон өөрчилсөн. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдах хүртэл сэтгүүлчдийн мэргэжлийн алдааг хэрхэн зохицуулах  нь тодорхой бус байсан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn