Д.ДАРАМБАЗАР

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” хэмээн иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Хажидмаа “Нүүрсний хулгайтай холбоотойгоор 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртээхийг шаардаж эхэлсэн. Гэвч ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг судалж байгаа гэх хариу ирснээс өөр тоймтой шийдэл байхгүй байна. Тиймээс өдөр бүр УИХ, Засгийн газарт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах шаардлага хүргүүлнэ.

Цагаан сарын өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгохыг шаардаж байна. Иргэдийнхээ амьжиргааг нэмж, ногдол ашгаа олго. Ногдол ашиг тарааснаар юмны үнэ өсөхгүй. Иргэд талхаа хувааж авч байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд худгаас усаа зээлээр авдаг боллоо” гэж байр сууриа илэрхийлэв. Харин иргэн Б.Цэгмэд “Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын иргэн бүрд байгалийн баялгаасаа хувь олгохоор заасан байдаг. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд гол учир байна. Цар тахлаас хойш иргэдийн амьдрал улам доройтсон. УИХ-ын гишүүд өөрсдөө нийт иргэдийн 75 хувь нь ядуурсан гэж мэдээлдэг. Энэ бол төрийн дээдчүүд улсаа удирдаж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл. Тиймээс Цагаан сараас өмнө “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн тодорхой хувийг иргэдэд тараахыг шаардаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn