С.УЯНГА

 

Дэлхий нийтээр цар тахлын аюултай нүүр тулсан хүндхэн цаг саяхан. Гэхдээ  өнөөдөр эрсдлийг бууруулах, эдийн засгаа сэргээх, даван туулах шатандаа явж байна. Гэвч ковидын үеийн төсөв, хөрөнгөний зарцуулалттай холбоотой хардлага, шүүмжлэл “мөнхийн” сэдэв болж, тухайн үеийн сайд дарга нарыг сүүдэр мэт дагаж ирсэн. Хэдийгээр холбогдох байгууллагууд мэдээлэл өгч байдаг ч нийтээрээ нэг талдаа гарч чадахгүй яваа. Тэгвэл УОК, ОБЕГ-аас эхлээд ковидын үеэр ажилласан, түүнд нь дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллагууд нүүр нүүрээ харж суугаад нээлттэй хэлэлцэв. Энэ үеэр олон нийтийн амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй 10 их наядын төсөв, 20 мянган төгрөгийн амны хаалт, хээрийн дэлгэдэг эмнэлгийн талаар тухайн үед хариуцаж ажиллаж байсан хүмүүс тайлбар хийлээ. 


Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үеийн төсвийг үндэсний аудитын газар баталгаажуулсан. Ямар нэг зөрүү гараагүй. Иргэдэд очсон, эрүүл мэндийн салбарт зарцуулсан нэр төрөл тодорхой байгаа. Хээрийн эмнэлэг алга болоогүй. Онцгой байдал, батлан хамгаалах яамныхан байдаг газарт нь аваачиж тавьсан. Тэр болгон хүн авч явж, угсраад байдаг ч зүйл биш. Маскыг 20 мянган төгрөгөөр авч байсан түүх, тийм үнэ өртөг байгаагүй. Тийм боломж ч байхгүй” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Би 2020 оны долдугаар сарын 9-нд Эрүүл мэндийн сайдын ажлыг хүлээлгэн өгсөн. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд манай улсын дотоодод хүн амын дунд ковидын анхны тохиолдол гарсан. Намайг ажиллаж байх үед манай хүн амын дунд халдварын нэг ч тохиолдол гараагүй байсан учраас 10 их наяд бүү хэл 10 тэрбумын ч төсөв баталж байгаагүй юм. Харин болзошгүй эрсдэлд бэлэн байдлаа хангахын тулд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум төгрөг, олон улсын байгууллага гээд нийтдээ 8.6 тэрбум төгрөгөөр 21 аймаг, есөн дүүргийг эм тариа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж ажилласан. Бүх шийдвэрийг УОК хамтран гаргаж байсан учраас өндөр үнэтэй маск авах боломжгүй. Тийм тохиолдол ч байгаагүй.

 

Зарим хүний ярьж байгаа 8.5 сая гэдэг бол дотоодод коронавирусын анхны тохиолдол гарахад энэ мөнгө гарчээ гэж ойлгосон. Тухайн үед Т.Мөнхсайхан сайд ч тайлбарласан. Намайг ажиллаж байх үед 8.5 сая төгрөгийн эмчилгээ огт байгаагүй. Тухайн үед ОБЕГ-т байдаг 6.5 сая долларын үнэтэй хээрийн майхныг дэлгэж сургуулилт хийсэн. Гэтэл энэ хээрийн майхан алга болсон гэдэг ойлголт бий боллоо. Үнэхээр алга болсон бол "тийм" гэдгээ ОБЕГ хэлэх хэрэгтэй” гэсэн юм. Гишүүдийн асуултад хариулахдаа ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн хээрийн эмнэлэг ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангид хадгалагдаж байгаа. 2022 оны есдүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулсан “Говийн чоно” дадлага сургуулилтын үеэр АНУ-ын талтай хамтран хээрийн эмнэлэг дэлгэсэн” гэлээ. 
Түр хорооны хурлын үеэр ковидын төсвийг ил болгож, зарцуулалтыг нэг бүрчлэн тайлагнасан юм. Эндээс үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын төсвийг харвал, Д.Сарангэрэл 0.6 хувь буюу  8.6 тэрбум төгрөг, Т.Мөнхсайхан 10.16 хувь буюу 144.9 тэрбум төгрөг, С.Энхболд 89.2 хувь буюу 1.272 их наяд төгрөг зарцуулжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)