Б.ДОЛЖИНЖАВ

 

“Англи хэлийг хэд дэх жилдээ сурч байгаа вэ” гэсэн энэ асуултаас  их айдаг. Учир нь сурсан жил  олон ч, англиар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм. Манай үеийнхэн дөрөвдүгээр ангиасаа эхлэн 12 дугаар анги төгсөтлөө тасралтгүй англи хэлийг үзсэн. Оюутан болсныхоо дараа дахин хоёр улирал суралцсан. Ингээд бодохоор бүтэн 10 жилийг англи хэлний хичээлийг судлахад зарцуулжээ. Гэтэл яагаад өөрийгөө ямар нэгэн алдаагүйгээр танилцуулж чадахгүй байгаа юм бол. Яагаад 200 үгтэй эссэ бичиж чадахгүй юм бэ. Яагаад буруу дуудлагаасаа ичээд гадаад хүнд өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Яагаад, яагаад, яагаад хэмээн тасралтгүйгээр цааш хөврөх эдгээр асуултад “дарагдсаар” бид олон жилийг үдлээ. Цаг үе өөрчлөгдөж залуу үеэс гадаад хэлний тэр дундаа дэлхийн хэл хэмээдэг англи хэлний мэдлэгийг ажил олгогчид шаардсаар. Хэлээ сайн сурсан нь тэтгэлэг авч, гадаадын өндөр хөгжилтэй оронд чанартай боловсрол эзэмшин эх орондоо эргэн ирж, шинэлэг өөрчлөлтийг эхлүүлсээр. Харин бид өнөөх яагаад гэсэн асуултдаа ээрэгдэж, 10 жил сураагүй юм чинь зургаан сар, нэг жилийн сургалтад суугаад ер нь сурч чадах уу хэмээн эргэлзсээр өнөөх л эхлэлийн цэг дээрээ гацжээ. Тэгвэл энэ “түгжээг” тайлахад тань багахан ч болов уу тус хүргэх үүднээс энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

 

СУРАХ БИЧИГТ ХЭЛ СУРАХАД ШААРДЛАГАТАЙ АРГА БАРИЛУУДЫГ ТУСГААГҮЙ

 

Хэлний бус мэргэжлийн ангийн оюутнуудад англи хэлний хичээл заадаг МУБИС-ийн докторант Ц.Сарангэрэлд ч мөн дээрх асуудал тулгарчээ. Тиймээс тэрбээр  сурагчдын англи хэлээр уншиж ойлгоход тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг судлахаар шийдсэн байна. Учир нь МУБИС-д элссэн оюутан бүрээс хичээлийн жилийн эхэнд англи хэлний шалгалт авдаг. Тэгэхэд нийт шалгуулагчдын 0.6 хувь нь тэнцэж, үлдсэн 99 хувь нь тус шалгалтад унадаг байна. Ийн тэдний англи хэлний түвшин яагаад ийм муу байгааг судлахад сурагчдад гадаад хэл сурах арга барил төлөвшөөгүй, сурах бичгийн агуулга оновчтой бус гэсэн хэд хэдэн шалтгаан гарч иржээ.


Энэ талаар докторант Ц.Сарангэрэл “МУБИС-ийн 150 оюутнаас англи хэлээр уншиж ойлгоход ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулах судалгаа авсан.  Ингэхэд нэгдүгээрт, оюутнуудын үгийн салаа утга буюу үгийн сантай холбоотой мэдлэг дутмагаас сайн ойлгодоггүй юм байна. Хоёрдугаарт, сэдэв богино эсвэл урт байгаагаас үл хамааран яаж унших аргачлалаа мэддэггүй. Ийм хоёр бэрхшээл тулгарч байна. Дээрх оюутнууд англи хэлийг тав болон түүнээс дээш ангиасаа эхлэн суралцсан.Гэтэл уншиж ойлгож чадахгүй байгаагийн шалтгаан нь ЕБС-ийн англи хэлний сурах бичигт хэл сурахад шаардлагатай арга барилуудыг заадаггүй, үгийн салаа утга буюу үгнүүдийг ахин дахин давтаж хэрэглэхэд анхаардаггүй, сурагчид уншихад цагаа бага зарцуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс сурах бичгийн агуулгад анхаарч унших текстүүдийг оновчтой сонгон оруулах ёстой юм байна. Хот, орон нутгийн хүүхдүүдийн хэлний мэдлэг өөр. Үүнд сургуулийн сургалтын чанар нөлөөлж байна. Гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн оюутнуудын англи хэлний мэдлэг өндөр. Сурах арга барилаа сайн эзэмшсэн хүүхдүүд нэг сар заалгаад сайжирчихдаг. Ер нь гадаад хэл  сурах нь арга барил, суралцах хүсэл тэмүүлэлтэй салшгүй холбоотой байдаг. БШУЯ-наас “PEARSON” гэсэн дэлхийн шилдэг хэвлэлийн компанийн боловсруулсан англи хэлийг сурах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хөтөлбөрийн дараа англи хэлний сургалт сайжирна гэж харж байна. Учир нь дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг энэ хөтөлбөр бүх зүйлийг цогцоор нь шийдсэн байдаг” гэв.
Хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй “PEARSON” байгууллагатай хамтран ажиллах гарын үсэгт Боловсрол, шинжлэх ухааны яам хэдхэн хоногийн өмнө гарын үсэг зурлаа. Тиймээс “PEARSON” байгууллагын хэрэгжүүлдэг англи хэлний хөтөлбөрийн онцлогуудыг хүргэж байна.

 

PEARSON: АНГЛИ ХЭЛД ӨӨРИЙГӨӨ БҮРЭН ЗОРИУЛ

 

“Суралцсанаар хүн бүр амьдралаа дээшлүүлэх, амжилтад хүрэх боломжтой” хэмээх үг бол “PEARSON” байгууллагын үндсэн уриа. Тус байгууллагын 20 мянган ажилтан Англи хэлийг сурахад илүү амар хялбар болгохын төлөө өдөр бүр ажиллаж, шинэлэг туршлага, арга барилуудыг нэвтрүүлэн ажиллаж байна. “Өөрийнхөөрөө байж өөрт тохирсон арга барилыг эзэмшиж чадвал та бүхнийг чадна” хэмээн “PEARSON” байгууллагын хамт олон хэрэглэгчдэдээ урам зориг өгдөг юм байна.
Дан ганц англи хэлний багш нар бус судлаачид, тус хэлийг суралцагсад, хэл судлалын мэргэжилтнүүдтэй хамтран гадаад хэл сурах хамгийн сайн, зөв оновчтой арга, туршлагыг заадаг юм. “PEARSON”  платформын тухайд өөрийн Англи хэлний түвшинд тааруулан подкаст сонсох, блог унших, шууд хичээл үзэх эсвэл цахим хичээл сонгон суралцах гэсэн хэд хэдэн сонголтыг санал болгожээ. Үүнээс гадна түвшин, мэргэжлийн эсвэл бизнесийн Англи хэл судалж байгаагаас хамааран тус бүрийн номыг байршуулжээ. Шаардлагатай гэвэл Англи хэл суралцахад туслах арга барил, дадлуудын тухай мэдээллийг ч тус платформоос уншихын сацуу шалгалтандаа бэлдэх боломжтой юм байна. Ийн англи хэлийг олон жил сурсан ч ярьж, бичиж чадахгүйгээс ичих бус өөрт тохирсон арга барилаа олж чадвал дэлхийн хамгийн сайн хөтөлбөрийг сонгон суралцах боломж бидний өмнө иржээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)