Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Цаг хугацааны эргэлтэд үнэ цэнээ алдалгүй, өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол түмний өв соёлын нэг бол яах аргагүй сар шинийн баяр билээ. Өвлийг  өнтэй даван, хаврын улиралтай золгож,  хүмүүний орчлонд нэг нас нэмсний баяр хэмээн бэлэгшээж угтдаг аугаа соёлын түүчээ бол цагаан сар. Аав ээж, хамаатан садныхаа амар мэндийг эрж, идээний дээдээр  ширээгээ засан, үгийн ерөөл тавьж, үндэсний дээл, хувцсаар гангардаг сар шинийн баяртай удахгүй золгох гэж буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Загварын ертөнц” буландаа XVII жарны  “Үзэсгэлэн болгогч” харагчин усан  туулай жилийн  сар шинийн гоёлын талаар хүргэж байна. Үндэснийхээ өв  соёлыг түүчээлэн буй хүмүүс, шаглаас бүртээ сэтгэлээ шингээдэг уран гартай оёдолчид,  дизайнер бүхий Монголын үндэсний хувцасны салонуудыг онцоллоо. 

 

ҮНДЭСНИЙ ЗАГВАР, ХИЙЦ БҮХИЙ ДЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЖ  БАЙНА

Үндэсний хэв шинжээ шингээсэн хувцасаа урлаж,  монгол өв соёлоо үр хойчдоо өвлүүлэхийг  зорьж буй салоны нэг бол  “Сорхугтани Бэхи”. Тус салон сар шинийн баярт зориулан ур ухаан, хийц шингэсэн үндэсний дээл, бүсээ урлаж хэрэглэгчиддээ хүргэж байна. Энэ жилийн сар шинийн гоёлын онцлог нь  захиалагчиддаа үндэсний загвар, хийц бүхий дээлийг санал болгож  буй. Учир нь тухайн хүнийхээ биед тааруулж өмсөхөд тааламжтай, сэтгэлд нийцсэн дээл урлавал  байнга дээлээ өмсөхийг эрмэлздэг. Түүнчлэн  үндэснийхээ хувцсаар бахархах сэтгэлтэй  болно гэдгийг тус салоны захирал А.Чулуунцэцэг онцолж байлаа. Тэрбээр “Тухайн үндэстний өмсөж, хэрэглэж байгаа эд өлгийн хувцас  хэрэглэл нь он цагийн уртад  түүх болон  үлддэг. Тиймээс сар шинийн баяраараа аль болох монгол өв уламжлал, хийц, загвараа шингээсэн хувцас урлаж хэрэглэгчиддээ санал болгож байна” гэлээ. 

 

 

ОРООДОГ БҮС НЬ БЭЛХҮҮС НАРИЙН ХАРАГДУУЛАХААС ГАДНА ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ 

Дээл урлахад торго, өнгө, хийц хамгийн чухал. Тэгвэл “Сорхугтани Бэхи” салон 2023 оны сар шинийн баяраар шаргал бор, шар бор, номин ногоон өнгө болон ихэвчлэн хүр хорхойн торгоор дээл хийж байна. Үүгээрээ салоны ажилчдын мэргэжлийн ур чадварыг харж болно гэдгийг онцолж байлаа.  Сар шинийн баярт  зориулсан дээлний эсгүүрийн талаар тус салоны дизайнер М.Номин “ Манай салон захиалагч хэрэглэгчиддээ хүссэн хувцасны загварыг нь гаргаж, урлаж өгдөг. Монгол дээл нь  нэлээд өргөн эсгэж байж, өмсөхөд суулт сайтай болдог. Харин сүүлийн үеийн залуус өргөн загварын хувцас өмсөх дургүй болсонтой холбоотой, залгаа мөртэй дээл захиалдаг. Тиймээс манай салоны зүгээс хэрхэн монгол хийц,  загвар  бүхий уламжлалт эсгүүрээр нь  хүний  биед  тааруулж суулгах вэ гэсэн судалгаа хийсэн. Судалгааг олон янзаар хийсний дараа тодорхой үр дүнд  хүрсэн. Манай салоны  захиалагчид “Танай дээл өмсөхөд биед эвтэйхэн байдаг учраас өдөр тутамдаа өмсөх дуртай” гэдэг. Тиймээс урам орж, үндэснийхээ өв соёлыг илүү их түгээхийг зорьдог” гэсэн юм. 
“Сорхугтани Бэхи” салоны сар шинийн гоёлын нэг бол хантааз, бүс. Дээлэндээ  зохицсон өнгөөр уламжлалт бүсээ  урладаг байна. Монголчууд эрт үеэс  бүсийг уртаар  ороож бүслэдэг байсан.  Ороодог бүс нь бэлхүүс нарийн харагдуулахаас гадна эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг аж. Харин хантааз хүрэм  дээлний хэв загварыг тодотгож улам гоё харагдуулдаг гэдгийг тус салоны дизайнер М.Номин хэлж байлаа. 
Тэрбээр “Хантааз, хүрэм нь загвар талаасаа махлаг том биетэй хүмүүсийг жижиг болгож харагдуулдаг онцлогтой. Харин хэрэглээ талаасаа давхар хувцас учраас салгаад олон янзаар  хувиргаж өмсөх боломжтой”  гэсэн юм. 

 

 

УГСААТНЫ ӨВ УЛАМЖЛАЛЫГ ШИНГЭЭСЭН ӨВӨРМӨЦ ЭМЖЭЭРТЭЙ ДУГУЙ ХЭЭТЭЙ ХҮРЭМ, ХАНТААЗ УРЛАЖЭЭ

Бидний дараагийн онцлох салон бол “Хийцээр гайхуулж чанараар илүүрхэнэ” уриатай “Уран гоёл”. Тус салонаас урлан гаргаж буй эмэгтэйчүүдийн хоргой эмжээртэй нударгатай цулгай торгон дээлнүүд захиалга ихтэй байгаа аж. Мөн залуучууд өмд цамцны хослолоос гадна малгайтай хүннү загварын даавуун дээл,  дээлний дотуур өмсөх галифейтэй өмд цамцны хослолууд эрэлттэй байна. Түүнчлэн 70-80-иад оны загварыг санагдуулсан эрээн хээ трэнд болж байгаа аж.
“Уран гоёл” урлан туулай жилийн сар шинийн гоёлын эрэгтэй дээлээ сайн чанарын кашмеран даавуугаар урлаж байна. Мөн дээлний захан дээр уул, үүлэн хээг гараар зүү ороон хатгажээ. Дээлний захан дээр  “Алтай таван богд” уулыг урласан бөгөөд энэ нь “Хан таван Алтай”, өндөр Алтайн уулс харж ивээж, түшиж явахыг бэлгэдсэн байна. Мөн дээлэн дээр үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул, мөнхөд дэлгэрэхийн бэлгэдэл бадамлянхуа цэцгэн хээг гар зүү  ороохоор хатгамаллаж урлажээ. Энэ тухай “Уран гоёл”  урлангийн захирал Д.Должинсүрэн “Зүү ороох урлаг маш үнэ цэнтэй бөгөөд  үр хойчдоо уламжуулан үлдээх боломжтой. Энэ жилийн хувьд хар өнгөнөөс илүү тосон бор , хар хөх, хар ногоон  өнгөнүүд трэнд болж байна” гэсэн юм.


Энэ жилийн сар шинийн гоёлд угсаатны өв уламжлалыг шингээсэн өвөрмөц эмжээртэй дугуй хээтэй хүрэм, хантааз эрэлт сайтай байгаа аж. Өмнө нь хантаазыг ихэвчлэн ижил өнгөөр хийдэг байсан бол энэ жил  хуучны хоргой эмжээрээр эмждэг болсон байна. Энэ нь наймдугаар богд Дондогдулам хатны хантаазтай адил, хуучны загвар, хийцийг сэргээж хийсэн хэв маягтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмжээр нь эрээн, өнгө цулгуй байх. Эсвэл дугуй хээтэй бөгөөд  хээн  дээр чимэглэл давхар урлаж байгаа аж. Д.Должинсүрэн “Энэ жилийн сар шинийн баярын эмэгтэй дээлний бүсний тухайд эмжээрийнхээ өнгөөр голчлон уяатай, бүслэхэд эвтэйхэн, дараа нь өөр хувцсан дээр бүслэх  боломжтой бүсийг илүү сонирхож байгаа. Харин эрэгтэйчүүдийн хувьд арьсан дээр зүү ороосон бүснээс гадна уламжлалт шар дурдан бүсийг илүү сонирхож байна” гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)