С.УЯНГА

 

УЕПГ-аас олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг хэллээ. НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од “НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байна. Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага 90941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв. Түүнчлэн УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбумыг хураан авч, баривчилсан. Тэгвэл  иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа аж. 


АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан УИХ-ын 17 гишүүний нэрийг зарлаад байгаа. Тэгвэл заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГ-т гаргажээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, А.Ариунболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг яллагдагчаар татсан. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол НПГ-аас гаргасныг мэдэгдлээ. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх талаар холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа. Харин Хөгжлийн банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар татсан. Хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Прокуророос гарах яллах дүгнэлт гэх эрх зүйн баримт бичгийг үйлдээд дууссан. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна" хэмээн нэмж хэлэв.


Прокуророос мэдээлсэн хэргүүд дунд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техник, хяналт мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компанид давуу байдал үзүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал Г албан тушаалын байдалтайгаа холбогдуулан ОХУ-ын иргэнээс хахууль авсан. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг нуун далдлах зорилгоор авч мөнгө мөнгө угаасан, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хянан шалгалт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж албан тушаалын байдалтай холбогдуулан бусдаас хахууль авсан, АТҮТ-ийн Хөдөлгөөний хэлтсийн албан тушаалтан М эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компаниудад давуу байдал олгосон. “ЗЧМ” компанийн захирал Б бодит байдлыг нуун 19 сая ам.долларыг залилсан. Монгол Улсын иргэн Г-г ОХУ-ын иргэн Д.В толгойн тус газар нь алхаар цохиж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. “Капитал” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А бусадтай бүлэглэн иргэд, ААН-ийн хадгалах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх хэргүүдийг нэрлэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)