Базарбямбын НЯМСҮРЭН

 

Шинэхэн орсон цасыг харж баясдаг ч хацар хайрсан жавар, халтиргаа гулгаа, ханиад томуу нь цаанаасаа л өдөр тутмын амьдралыг төвөгтэй болгож орхидог учраас би өвөлд тийм ч дуртай биш. Үүн дээр өвлийн хувцсандаа түүртэж ядан явахдаа, үйлчилгээний газруудад гадуур хувцсаа нэг бол бариад, эсвэл өмссөн чигээрээ халууцаад суух нь бас л таагүй санагддаг. 
Дэлгүүр хоршоо, банк гээд хаа сайгүй нэг бол хувцсаа бариад ядарсан эсвэл хүнд хувцсандаа дарагдсан хүмүүс. Хувцсаа тайлаад барихаар цүнхээ яах уу, хувцастайгаа алхаад байхаар халууцаад юун тухтай дэлгүүр хэсэх, бушуухан нэг юм авчихаад гарахын түүс. Үүн дээр хүүхдээ дагуулаад явж байгаа бол бүүр хөгийн юм болно. Монголын өвөл хүүхэдтэй дэлгүүр явна гэдэг бас л нэг “чэллэнж” шүү дээ. 


Өвлийн улиралд хувцсандаа түүртэж ууртай царайтай алхаж яваа хүмүүсийг хаа сайгүй харж болно. “Номин”, “И март”, “Оргил” зэрэг олон холхисон дэлгүүрүүд, “ХХБ”, “Хаан”, “Голомт”, “Хас банк” зэрэг банкнууд алинд нь ч өлгүүр байхгүй.
Гэтэл бид дэлгүүр орох, эсвэл банкны үйлчилгээ авах гэж хамгийн багадаа 20-30 минут, за тэгээд “Хаан” банк зэрэг хөл ихтэй газарт цаг гаруй суух нь ч бий. Тэр болгонд халууцаж хөлөрнө, үйлчилгээний газруудад агааржуулагч муутайг хэлэх үү, зүрх судасны өвчтэй хүмүүс бүгчимдэж бухимдах энүүхэнд. 
Харамсалтай нь манай үйлчилгээнийхэнд энэ бүхнийг ойлгоод хувцасны өлгүүр үүдэндээ ажиллуулчих мэргэн санаа, мэдрэмж алга. Уг нь тэдэнд аль нэг хэсэгтээ өлгүүр ажиллуулъя гэвэл тийм том зай талбай шаардахгүй. 


Үйлчлүүлэгчийнхээ тав тухыг боддоггүй үйлчилгээнийхний мэдрэмжгүй байдал нь иргэд бидэнд ч энэ бүх тухгүй байдалд дасах л ёстой, ийм байх нь хэвийн юм шиг бодол бүр тархинд суучихаж. Гэтэл өлгүүрнээс хүртэл өндөр сэтгэл ханамж авч болдгийг саяхан Казахстанд очоод мэдрэв. Ажлаар Астана хотод очингоо тэндхийн томоохон дэлгүүрээр орлоо. Манай “Шангрилла”шиг худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор л доо. Амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн нь нэмэгдсэн ч хүмүүс нь яарсан адгасан байдал огт алга, яг л цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ зугаалуулж яваа мэт тайван алхах аж. Бидний очсон “Silkroad” дэлгүүрийн хэд хэдэн жигүүрт хувцасны өлгүүр ажиллаж байна. 
Гадуур хувцсаа өлгүүлчихээд дэлгүүр хэснэ гэдэг жижигхэн мэт боловч тэндээс авч байгаа сэтгэл ханамж бүр баярламаар өндөр байсан. Казахстан бол Монголтой цаг уур, улсын хөгжил гээд бүх талаараа ойролцоо. Тэнд адилхан л өвлийн улирал болж байгаа ч ялгаатай нь дэлгүүр бүр өлгүүртэй, үйлчилгээнийхэн нь мэдрэмжтэй юм. Хэрэглэгчийн хүсэл, цаг агаарын онцлогоо мэдэрч, сэтгэл ханамжтай үйлчлэх тал дээр тэнгэр, газар шиг ялгаатай юм. 


Манайдаа л хамгийн томд тооцогдох “Шангрилла”-д гэхэд хувцсаа өлгүүлээд тухтайхан дэлгүүр хэсэх боломж байхгүй. Энэ талаар тодруулахаар тус дэлгүүрийн  утас руу залгаж “Танайх үйлчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс өлгүүр ажиллуулах боломж байдаг уу” гэж асуувал менежер н.Уран “Манайд өлгүүр байхгүй, гэхдээ зочид буудалд байдаг” хэмээн хариуллаа. Түүний хэлснийг “орчуулж” ойлговол зочид буудлын өлгүүрт нь гадуур хувцсаа өлгүүлчихээд, дэлгүүр хэсч болох юм байх. 
Ер нь манайдаа л том гэгддэг сүлжээ дэлгүүрүүд, банкныхан үйлчлүүлэгчийн тав тухыг хангаж, сэтгэл тайван үйлчлүүлэхэд бараг анхаардаггүй. Уг нь өлгүүр ажиллуулна гэдэг тийм ч хэцүү эсвэл зардалтай ажил биш. Xэдий харахад жижиг мэт боловч өдөр тутмын энгийн асуудлыг нь хялбарчлаад өгчихвөл үйлчлүүлэгчид дуртай, таатай байх нь ойлгомжтой. Гэтэл манай үйлчилгээнийхэн өлгүүр зэргийг тоож авч хэлэлцэхгүй нь харамсалтай. Үйлчлүүлэгчид бид ч түүнд нь дасчихсан, хувцас өлгөх үйлчилгээг “тэнгэрийн” мэт санаж, мөрөөдөөд ч хэрэггүй гэж өөртөө итгүүлчихээд хувцсандаа түүртээд алхаж явах юм.


Одоо үед үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хэр хангаснаас ажил, бизнесийн амжилт шалтгаалдаг болсон цаг. Энгийн нүдээр харахад жижигхэн мэт санагдах боловч хүний төлөөх энгийн үйлдэл, чин сэтгэл л урт удаан оршин тогтнох бизнесийн үндэс болдог. Гэвч манай үйлчилгээнийхэн асуудлыг зөвхөн өөрсдийнхөө өнцгөөс л харахаас бус үйлчлүүлж байгаа хүмүүст юу хэрэгтэй гэдгийг олж харж чаддаггүй “Шангрилла”-гийн менежерээс өлгүүрийн талаар хоёр асуулт асуухад л “Миний хариуцсан ажил биш” гэж уцаарлангуй хэлээд, утсаа тавьчихна лээ. Гадуур хувцастайгаа халууцаж ядан алхахаас илүү хувцсаа нимгэлээд тав тухтай үйлчлүүлж байгаа хүмүүс дэлгүүрт нь их цаг зарцуулж, илүү сэтгэл ханамжтай үлдвэл эргээд бизнест нь ч хэрэгтэй гэдгийг ядаж ойлгодог байгаасай. 
Хэрвээ би өвлийн өвөө байсан бол... гэж хүүхдүүд мөрөөдлөө бичдэг шиг хэрвээ би үйлчилгээний газрын менежер байсан бол би үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ая тухыг хангасан өлгүүр байгуулах байлаа. Энэ бол өвлийн хотод байх ёстой соёл юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)