Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин “Дэлхийн хүн” буланг нээж, монгол хэмээх овгийг дэлхийд дархалж яваа хүмүүсийг онцлон хүргэж байна.
Шинэ булангийнхаа анхны зочноор дэлхийн гоо сайхны салбарт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа дэлхийн хошой аварга make up артист Ц.Ариунзаяаг урилаа. Эмэгтэй хүний байгалийн гоо сайхныг улам тодотгож, гэрэлтүүлдэг мэргэжлийн нэг бол яах аргагүй make up артист. Хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн улам өсөж урлагийн түвшинд хүрсэн билээ.
“Хүн тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болдог юм байна”
Нийтлэлийн баатар маань БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр сурч төгсжээ. Ийнхүү гоо сайхны салбарт ес дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр “Diva Make Up” салоны үүсгэн байгуулагч бөгөөд “Ари Иог” төвийн захирлаар ажилладаг. Ц.Ариунзаяа дэлхийн гоо сайхны олимп гэгддэг 75 жилийн түүхтэй “OMC Hairworld” тэмцээнд анх 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарсан байна. Харин 2021 онд тус тэмцээнд амжилттай оролцож, “Неон будалт” төрөлд тэргүүн байр эзэлж амжилтын түүчээгээ ахиулжээ. Харин өнгөрсөн жил 50 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс хуримын будалтын төрөлд түрүүлж амжилтаа бататган, эх орныхоо нэрийг дэлхийн гоо сайхны салбарт дархалсан чадварлаг нэгэн билээ. Түүний өнгөрсөн жилийн дэлхийн аварга болсон хуримын будалтын моделиор П.Шүүдэрцэцэг ажилласан юм.
Ц.Ариунзаяа makeup артистийн дэлхийн хошой аварга болсон амжилтынхаа тухай “Хүн тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болдог юм байна. Энэ амжилт маань дөнгөж эхлэл гэж бодож байгаа. Цааш улам илүү ихийг бүтээж, Монголын makeup төрлийг дэлхийн түвшинд хүргэх их үүрэг хариуцлага ирж байна” гэсэн юм.
Олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авчээ
75 жилийн түүхтэй дэлхийн гоо сайхны олимпод нэг улсаас нэг хүн жил дараалан хошой аварга болсон тохиолдол байдаггүй аж. Харин Монголын make up артист Ц. Ариунзаяа дэлхийн гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээж, 50-иад орны оролцогчдоос ур чадвар, өндөр мэдрэмжээрээ ялгарч чадсан юм. Энэ тухай тэрбээр “Зарим гадны хүмүүс Монгол орныг зөвхөн тал нутаг, морь малаар төсөөлдөг. Тиймээс энэ ойлголтыг засч, Монголд гоо сайхан, нүүр будалтын урлаг өндөр хөгжсөн, артистууд нь дэлхийд түүчээлдэг гэдгийг харуулахыг эрмэлзсэн. Цаашид шавь нараа бэлтгэж, тив дэлхийн тэмцээнд хамтдаа улам их амжилт гаргахыг эрмэлзэж байна” гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрбээр олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)