Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулгаас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн Шашны Өдрийн 2023 оны арга хэмжээ 1 сарын 15-нд “ШУДАРГА ЁС НИЙГМИЙН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛОХ НЬ” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн Шашны Өдрийг тэмдэглэхийн эрхэм зорилго нь шашин шүтлэгүүдийн хоорондын ойлголцол болон эв эеийг бэхжүүлэхийн төлөө бүхий л шашны нийтлэг шинж чанарыг тэмдэглэн, хамтын хүчээр хүн ард, улс үндэстнүүдийн эв нэгдэл, энх тайвны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулахад оршдог. 


Энэхүү өдрөөр Бахайн нийгэмлэг 1999 оноос хойш жил бүр нийгмийн тухайн цаг үеийн тулгамдсан асуудлуудаас тодорхой нэг сэдвийг сонгон авч шашнуудын  төлөөллийг урин, хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөрсдийн Ариун залбирал мөргөлөөс нэгэн дор уншин сонордож, Бурханы Тэнгэрлэг Элч Тодруулагчдын сургаалд уг сэдэвтэй холбогдсон сургаал бичмэлүүд, тэдгээрийг амьдралд хэрэгжүүлж байгаа туршлагаасаа хуваалцан илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ жил дээрх сэдвийн хүрээнд Хинду, Иудей, Бурханы Шашныг төлөөлж Зүүн хүрээ Дашчойлин хийд, Христийн Шашныг төлөөлж Католик Сүм, Бахайн нийгэмлэгийн төлөөллүүд маш сонирхолтой илтгэл тавив.   


Арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра,  Америкийн Элчин Сайдын Яамны Улс төрийн Хэлтсийн дарга Келли Базби, Соён гэгээрүүлэгч ТВ -ийн Ерөнхий Захирал Хишигсүрэн, Монголын Философийн Хүрээлэнгийн Шашин Судлалын Салбарын дарга Др. М.Батаа, Доктор М.Гантуяа, Жендерийн Үндэсний шинжээч Ж.Занаа, Шашин судлаачдын Монголын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Др. Ж.Алтайбаатар, МУИС-ын Философи, Шашны Тэнхимийн багш, Проф. С.Дэмбэрэл, эрдэмтэн багш нар, Монголын Бөөгийн Нэгдсэн Холбоо, Гандантэгчэнлин Хийдийн Эрдэм соёл хүрээлэнгийн төлөөлөл, Оросын Үнэн Алдартны Сүм, Оомото Монгол Төв, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Монголын Адвентист Чуулган, Мусульман, Бахай Шүтлэг зэрэг сүм, хийд, нийгэмлэгүүдийн сүсэгтнүүд, Америкийн Энх тайвны Корпусын Сайн Дурын Ажилтнуудын төлөөлөл, Этүгэн Их Сургуулийн багш оюутнууд, иргэний нийгмийн төлөөллүүд оролцов. Үг хэлсэн зочдын нэг НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра Бахайн нийгэмлэг жил бүр ”НҮБ-ын Олон Улсын Энх Тайвны Өдөр”, “Дэлхийн Шашны Өдөр” зэрэг арга хэмжээнд бүх шашны төлөөллийг урин нэг дор уулзан зөвлөлдөх сайхан орон зай гаргаж ирсэнд талархлаа илэрхийлээд, НҮБ-аас нийгмийн хөгжил дэвшлийн бүхий л салбарт төр засагтай хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогуудыг урагшлуулахад шашнууд мөн нэгдэн, өөрсдийн эдгээр оюун санааны гайхамшигтай тэнгэрлэг сургаалуудаараа дамжуулан хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг уриаллаа. 


Энэхүү арга хэмжээ нь Бурханы үе үеийн Тодруулагчид оюун санааны нэг л үнэн сургаалыг авчирсныг илтгэл яриануудаас оролцогчид батлан харж, Бахауллагийн айлдсанчлан хүмүүний сайн сайн зан чанарууд, тэдгээрийн үндэс суурь болсон үнэнч шударга зан чанараа улам хөгжүүлж, өөрийн амьдралд болон нийгмийнхээ сайн сайханд хэрхэн утга учиртай хувь нэмрээ оруулах талаараа илүү ихийг эргэцүүлсэн ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө. 
Дэлгэрэнгүй зурагт мэдээллийг Монголын Бахайн Нийгэмлэг нүүр номын цахим хуудсаас авна уу.  Мөн Соён гэгээрүүлэгч ТВ-ээр бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй. 

Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга