П.АМГАЛАН
Монголын агаарын тээврийн тэргүүлэх компанийн нэг “Хүннү Эйр” компанийн Коммерын албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа.
-“Хүннү Эйр” компани ямар чиглэлүүдэд нислэг үйлдэж байна вэ?
-Манай компанийн хувьд өнгөрсөн гуравдугаар сараас Казахстан улсын Алматы, Киргизстаны нийслэл Бишкекийн чиглэлд шинэ, хуваарьт нислэг нээсэн. Үүнээс өмнө манай улсаас Төв Ази руу чиглэсэн хуваарьт нислэг байгаагүй. “Хүннү Эйр” компанийн гол баримталдаг зарчим нь шинэ нислэгийн чиглэл нээж түүгээрээ дамжуулж, эдийн засгийн эргэлтийг эх орон руугаа бий болгоход оршиж байна.
-Төв Ази руу чиглэсэн хуваарьт нислэг үйлдэх нь мэдээж хоёр улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлэх том хөшүүрэг болж байгаа байх?
-Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоогоод 30 жил болж байна. Хоёр улсын хооронд хуваарьт нислэг үйлдэж байгаа нь Монгол болон Казахстан улсын эдийн засаг, боловсрол аялал жуулчлал болоод бусад салбарын харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил үзүүлсэн. Жишээлбэл, дотоодын бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа тэлж салбар компаниудаа нээж, бизнес эрхэлдэг боллоо. Тус улс руу хуваарьт нислэг үйлдээд удаагүй байхад бусад салбарын бизнес агаарын тээврээ дагаад гадаадад гарч эхэлсэн. Ялангуяа банк санхүү болон технелогийн салбарынхан Казахстан, Киргиз улсын зах зээлд бизнесээ эхлүүлээд байна.
-Монголоос Казахстаны Алматы хотыг зорих зорчигчид цөөнгүй бий. “Хүннү Эйр” компанийн зүгээс өвлийн улиралд үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал бий юу?
-“Хүннү Эйр” компани сурагчдын амралтыг тохиолдуулан, мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол хүрээлэн буй орчныг харгалзаж Алматы руу нисэх үндсэн тарифтаа 40 орчим хувийн хөнгөлөлт урамшуулал зарласан. Мөн 12 нас хүртэлх хүүхдүүдэд 100 хувийн хямдрал урамшуулал үзүүлнэ. Хямд өртгөөр, байгалийн сайхан, аялал жуулчлал хөгжсөн газар руу гэр бүлээрээ аялах боломжийг нийт иргэддээ манай компаниас олгож байна.
-Үндэсний томоохон авиа компаниийн хувьд цаашдын зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?
-“Хүннү Эйр” компанийн үндсэн бодлого нь бүс нутгийн чиглэлд нислэг үйлдэх. Гэвч цаг үеийн байдлаас үүдэж стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Бид Зүүн өмнөд Азийн Филиппин улсын нийслэл Манила хот, АНЭУ, Бүгд найрамдах Дубай, ОХУ ын Владивостокийн нислэгүүдээ амжилттай эхлүүллээ. Бидний хувьд энэ жилдээ багтан тус чиглэлүүдээ хуваарьт нислэг болгохоор төлөвлөн ажиллаж байгаа. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын шинэ нисэх буудал руу тогтмол нислэгээ ирэх гуравдугаар сараас эхлэн нээхээр ажиллаж байна. Шинэ чиглэл нээж хуваарьт нислэг үйлдэнэ гэдэг нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм.
Монгол Улсад ирж байгаа жуулчдад дотоодын нислэгүүдээр үйлчлэх үндсэн үүргийн “Хүннү Эйр” компани хүлээж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан олон улс болон орон нутгийн нислэгүүддээ ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ зуны нислэгийн төлөвлөгөөнд Даланзадгад, Мөрөн чиглэлд хуваарьт нислэг орсон. Мөн жилийн турш Ховд, Улаангом хотыг холбосон нислэгийг манай компани хийж байна.
-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгосон. Энэ зорилтын хүрээнд танай компанийн хувьд ямар тодорхой ажлууд төлөвлөсөн бол?
-Засгийн газраас Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан нь салбарын хувьд маш чухал бөгөөд цагаа олсон шийдвэр гэж харж байгаа. Манай компанийн хувьд ч Мөрөн Даланзадгад зэрэг дотоодын чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа.
-Орон нутгийн нислэгүүд хэр тогтмол давтамжтай үргэлжилж байна вэ. Цар тахлын нөлөөнөөс болж дотоодын нислэгийн хувьд багагүй саатсан тал бий байх?
-Орон нутгийн нислэгийн зах зээл маш хязгаардлагдмал, жилийн турш агаарын тээврийн салбараар үйлчлүүлэх зорчигч, урсгал байхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, төрийн албан хаагчдын орон нутгийн томилолт мөн зуны улиралд жуулчид орон нутгийн нислэгээр их явдаг. Тиймээс орон нутгийн нислэг төдийгүй агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс урт хугацааны тогтвортой бодлогоор дэмжих хэрэгтэй. Жишээлбэл, БНХАУ, ОХУ зэрэг орнуудад дотоодын орон нутгийн нислэгүүдэд төрөөс нь дэмжлэг үзүүлж татаас олгодог.
-Таны харж байгаагаар төрөөс агаарын тээврийн салбарыг дэмжих бодлого хэр өгөөжтэй байна вэ?
-Засгийн газраас агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөний бодлогыг баримталж ажиллаж байна. Хэд хэдэн улстай агаарын тээврийн хэлэлцээрт өөрчлөлт, шинэчлэлт оруулан нислэгийн давтамж, тоог нэмж байгаа. Үүнийг дагаад дотоод болон гадны авиа компаниудын хооронд өрсөлдөөн бий болж зорчигчид хямд үнээр нисэх боломж болон гаднаас орж ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж харж байх шиг байна. Манай улс газар зүйн байрлалын хувьд хоёр том гүрний дунд оршдог далайд гарцгүй гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр бид гуравдагч орнуудтай агаарын тээврээр л дамжин шуу харилцах боломжтой онцгой салбар учраас энэ салбараа бодлогоор дэмжин үйл ажилагаа явуулж дотоодын агаарын тээвэрлэгчдээ дэмждэг байгаасай гэж хувийн зүгээсээ үздэг.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагын сүүлчийн асуултыг таньд нээлттэй үлдээе?
-Юуны түрүүнд “Хүннү Эйр” компанийнхаа нийт хамт олонд болон аялал жуулчлалын салбарын хамтрагч байгууллагууд манай компаниар үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлаж талархаж явдагаа хэлэхэд таатай байна. Мөн та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)