Дуламын ЦЭРЭННАДМИД

 

Миний уулзсан энэ эрхэм ажил амьдралаа танилцуулахын өмнө оршил болгож “Би насаараа жирийн албан хаагч явлаа” гэж хэлсэн нь тун учиртай үг байлаа. Нээрээ л төрд зүтгэж түмэн олныхоо төлөө явж энэ хүн. Өөрийн чадвар чансааг “мөлжиж” ажиллахдаа зовлон тоочих биш амин хувийн асуудлаа ямагт хойш тавьж нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлж явсан болохоор хамт ажиллагсаддаа дандаа сайнаар үнэлэгдэж байсан гэнэ лээ.


Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Өөдөөгийн Цэрэндорж гэхэд түүнийг олон хүн танина биз. Өөрөө ч албаны хүн байсан хугацаандаа мартахааргүй олон сайн нөхөдтэй болсноо бахархаж дурсдаг юм билээ. Үгэн дунд үг буй гэдэг. Энэ  ухагдахуунаар бодохуйд түүний хэлсэн болгоноос нь дахиад үг нэхмээр, улам лавлаад баймаар ажээ. Тиймээ. Ухаалаг хүний яриа яг намайг луужин шиг хөтөлж байлаа. Тэр тусмаа өөрөө эдийн засагч мэргэжлийн хүн мөртлөө яриагаа дандаа түүхтэй холбож ярих юм билээ. Үүндээ тайлбар хэлэх нь
-Би насныхаа чөлөөнд сууснаасаа хойш хүүхэддээ туслан лангуу манаж суудаг өвөө болсон. Гэтэл төрөлх сумын маань ой болох үе ч таарсан. Сумын үүх түүхийн ном хийх яриа ч гардаг юм. Тэгэхээр нь хуучин монгол бичигт гайгүйгээ санаж архивт сууж үзлээ. Гэхдээ бас сайндаа ч биш нутгийн нэг танил маань удам угсаагаа мэдэхийн тулд намайг туслаач гэж гуйсан юм.
Тэр хүн миний монголтойг мэднэ л дээ. Дээд сургуульд сурч байхдаа би чинь нийгмийн ухааны талын хичээлийн лекцийг багш уншиж байхад “бэ ба”-гүй бичиж авдаг байсан. Тэр маань архивт суух үед их хэрэг болсон. Хэрэг болсон төдийгүй түүхийн талын амтанд оруулсан ч гэж болно гэсэн юм.


Ө.Цэрэндоржийн чанд баримталдаг нэг жанжин шугам нь юу байж гэвэл ажлаа сайн хийхгүй бол олон хүний боломжийг үгүй хийх аюул бий. Тиймээс болохоос болохгүйг нь үзэх, өөрийн мэддэг чаддагаа дайчлан ажлыг тултал нь хийж гүйцээхийн төлөө байдагт оршдог гэж хэлж болно.
Төрийн албан хаагч хүний мөн чанар ч тийм л байх ёстой бизээ.

 

*    *    *

 

“Амьдралын тойрог” булангийн маань зочин Ө.Цэрэндорж одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум тухайн цагтаа Улаагчин сум гэж байх үед 1946 онд жирийн малчин Өөдөөгийн гурав дахь хүү нь болж төрсөн юм гэдэг. Бага нас нь бусадтай адил малын захад уурга, шилбүүртэйхэн өнгөрсөн байх юм.
Тэгээд Улаагчин сумынхаа сургуульд орж нэг мэдэхнээ цаг хугацаа харвасан сум шиг цахилж 1964 онд аравдугаар төгсгөж тэр үеийн Эдийн засгийн дээд сургуульд элссэн. Сурахын хувьд хэнээс ч дутуугүй сурсан гэдэг юм билээ. Бас уг нь аж үйлдвэрийн эдийн засагчийн ангиа сургууль төгсөхийн өмнө сольж ХАА-н эдийн засагчаар төгсгөж. Энэ нь хөдөөдөө очих далд санаа байж л дээ.


Нутагтаа ч очиж. Залуу эдийн засагчийн эхний алба нь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх нэгдлийн зөвлөлд мэргэжилтэн дараа нь Тэс суманд мөн л мэргэжлээрээ ажиллаж байтал аймгийн Намын хороо дуудаж аваачаад зааварлагч болгочихдог гэнэ. Тус албанд жил гаруйхан болж байтал Намын Төв Хорооны шийдвэрээр Увс аймгийн Намын хороонд нарийн бичгийн даргаар томилсон байна.

 

Эхнэр И.Бадамдорж болон хүүхдүүдийнхээ хамт.


Дараа нь Зөвлөлтөд Москвагийн намын дээд сургуульд хоёр жил сурав. Төгсөж ирээд Намын Төв Хорооны намын байгууллагын хэлтэст Ховд, Баян-Өлгий аймгийг хариуцсан зохион байгуулагчаар ажиллав.  Ингээд 1990 онтой золгож байгууллага бүрт цомхотгол, өөрчлөлт гарч эхэлж. Намын Төв Хороо гэхэд 200 гаруй ажилтантай байсан газар тавин хувь жижгэрсэн байдаг. Ө.Цэрэндоржид зах зээл гэсэн үг ихээ эерэг сонсогдсон юм байх. Төр, засгийн албаа орхиж хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад “үзэж тардаг” юм. Арилжаа, наймаанд явж үзэв. Мал худалдаж авч, ноос ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийг мөнгө болгох гээд оролдоогүй юмгүй л байлаа. Гэхдээ л нэг явцгүй шиг.  Өөрөө ч энэ миний хийх ажил биш юм гэж бодох болов.
Яг энэ үед МАХН-ын дарга Б.Даш-Ёндон дуудаж “Чи юу хийж байна” гэж шалгах маягийн асууж. Ийм тиймхэн бизнес талын юм л оролдож байгаагаа хэлбэл “Наадах чинь болж байгаа юм уу гэж лавлаад
-За хө чи тэрнийгээ больж үз. УИХ-ын дэргэд манай намын бүлэг байгаа. Тэнд ажилд ор гэж зайлах аргагүй тулгаж л дээ.
Намын гишүүн хүн даргаа тэгж хэлэхэд “үгүй ээ” гэх эрх байсангүй. Үгийг нь дагаж. Гэтэл уг албанд ердөө жил болоод байтал 1996 оны сонгуулиар МАХН навс ялагдаж 25-хан суудалтай үлддэг юм. Мөн ажилтны илүүдэл бас гарав. Яг ч цомхотголд ороогүй байж байтал Намын Төв Хороонд хамт ажиллаж байсан нөхөр С.Ядамсүрэн нь шинээр байгуулагдсан Үнэт цаасны хороонд дараа нь Сонгуулийн Ерөнхий хороонд дуудаад аваачсан байдаг. Ингэж явсаар мань хүний тэтгэврийн нас ч бараг хэтэрчихэж. Жамаараа ажил алба баяртай гээд чөлөөндөө гарсан байна.


Энэ хүний өөрийнх нь хэлснээр нүүдлийн шувуу шиг л цөөнгүй байгууллагын үүд онголзуулж гарч орж явсан нь үнэн гэлээ ч алив ажлыг чадахгүй болоод халагдаж явсангүй ээ. Нэг талдаа хэрэгцээтэй газраа л томилогдож байжээ гэж болох. Нөгөө талдаа гишүүнээ, боломжийн хүнээ хаа ажиллуулахаа  нам нь мэддэг байсан цаг юм л даа. Суга дэвшээд дарга болж байсангүй. Нээрээ л жирийн албан хаагч явсан гэдэг нь туйлын үнэн аж. Сонгуульд нэрээ дэвшүүлж улс, аймгийн хуралд сонгогдож байгаагүй нь өөрийнх нь бодол байсан байх л даа. Сайд дарга болох тухай зүүдэлж ч байсангүй. Тийм гэдгийг “би боломж байсан ч огт хичээгээгүй юм шүү. Намайг үүн дээр алдсан гэж хэлдэг хүн ч байсаан... гэснээр нь баталж болно.
За тиймээ. Нөмрөгийн Цэрэндорж нөөцтэйхөн албан хаагч байжээ гэж хэлэх гэсэн юм.

 

    *    *    *

 

-Таны бичсэн номуудад өөрийгөө эдийн засагч гэхийн зэрэгцээ түүх сонирхогч гэсэн зүүлт харагдах юмаа гэвэл тэрбээр “Би архивт цөөнгүй жил суусан. Тэгээд түүхийн сонин сайхныг гадарлах болсон юм даа” гэсэн юм.
Ө.Цэрэндорж архивт сууж ном бичиг шагайгаад бие, сэтгэлээрээ огт ядарсангүй. Харин ч он жилийн давтамжид элэгдэж хуучирсан судар номтой нөхөрлөж суухаа өтөл насанд жаргал юм шиг санах болж. 


Эхлээд хэн нэгэн болоод өөрийн талыхны удам угсааг мэдэхийн төлөө байсан бол сүүлдээ нутаг ус, сумынхаа үүх түүхийг мэдэхийн төлөө мэрийдэг хүн болсон байна. Тэгээд зөвхөн сум биш хошуу, тамга гэж байх үеийн хүн амын тооллогын материалыг шүүрдэж үзэж. Бүр тодруулбал 1922,1924,1926,1929 цаашлаад 1934,1947,1949,1956, оны хүн амын тооллогоор сумынхаа хүн амын данс бүртгэлийг “гартаа оруулж” авсан юм билээ.


Энэ түүх баримтаа сумынхаа 90 жилийн ойн номонд оруулсан байна. Тэр нь Нөмрөг нутгийнханд тун таалагдаж. Тэндээс хүн бүр удам угсаагаа, овог сүүдрээ мэдэж авсан  юм гэдэг. Ө.Цэрэндоржийн архивт суух “алба” ковидын хоёр жилд л жаахан завсарласнаас биш өнөө ч саарсангүй. Одоо олж авснаа чулуу болгоно гэгчээр сумынхаа 100 жилийн ойн номыг бүтээх гэж суугаа юм билээ. Түүхийн тал өөрт чинь юугаараа сонин санагдав гэж түүнээс асуувал ёстой л  ихийг ярьж байналээ. Гайхмаар ч юм шиг.  Жинхэнэ түүхч хүн шиг ярих юм. Энэ хүний толгойд байгаа түүхэн баримтууд яг л компьютерийн “хард”-д хадгалаатай мэт байна дээ гэж бодогдсон. 
-Та үзэж харсан түүхийн сонин сайхнаас ярина уу гэхэд тэр уриалгахан аргагүй урсгаж өглөө надад
-Манжийн засаглалын үед аймгийн чуулган гэж байсан. Манай Засагтхан аймагт бол Бидэряа нуурын чуулган нэртэй байж. Уг чуулган хоёр аймгийн ажил хэргийг багтаан хэлэлцдэг. Зарим үед дөрвөн аймгийн чанартай чуулдаг байсан гэх. Тэр чуулганы материалууд бүрэн эхээрээ архивт байгааг Ө.Цэрэндорж үзсэн гэнэ. Тэр дотор Манжууд Монголыг эзэлж аваад умард, дунд, өмнөт замынх гэж хувааж, тэрний умартад нь Цогтоо вангийн хошуу багтдаг байж гээд.

МАХН-ын Төв хорооны Намын байгуулалтын хэлтсийнхэн. 1988.


Бас чуулганы гол хэлэлцдэг асуудал нь аймаг, хошууны дарга даамлыг томилохоос эхлээд өртөө улаа гээд хэлэлцэхгүй асуудал бараг байсангүй. Ноёдыг томилох нь тун томоохон үйл хэрэг байж. Ноёдыг заавал өөрийнх нь удам угсааны хүнийг олж томилдог залгамж чанартай байв. Бас томилолт олон шат дамжлагатай байсан гэнэ.
Ухаандаа ноёнд нэр дэвшигчийг аймгийн чуулганаар оруулаад цааш нь Бээжин дэх Монгол жургаан гэгдэх Монголын Хэргийг хамаарах яам юм даа. Тэнд мэдүүлж хянуулаад дараа нь Манжийн хаанд өргөн барина. Эцэст нь манжийн хаан тухайн ноёнд нэр заасан хүнийг биечлэн үзээд /өөрийг нь заавал харна гэсэн үг/ зөвшөөрдөг, зарлигаа гаргадаг байсан байна. Үүнийг түүх сонирхогч Ө.Цэрэндорж өөрийнхөө гэгдэх хошууны гурван ноёныг томилсон Манжийн хааны зарлигийг архивт суухдаа олж үзсэнээ ярьсан юм. Өнгийн том торгон дээр зарлигийг бичиглэн буулгаж тамга дарсан байдаг аж.
-Гурван зарлигийг тунгаан үзвэл бүгд залгаатай нийт дөрвөн метр 34 см хэмжээтэй саваа модонд хуйлчихсан байсан гэж тэр хэлнэ лээ.
Бас хошууны тайж нарын гэрээ бичиг гэж байдаг. Тэр нь ойлгуулж хэлэх юм бол угийн бичиг юмсанж.  Муутуу маягийн нимгэн цаасан дээрх тэр бичиг хар, улаан өнгөөр ялгасан бичээстэй. Тэр нь юу юм бэ гэвэл тухайн хүн амьд эсэхийн ялгааг харуулсан зүйл юм гэнэ.
За тэгээд хошуу тамгын газрынханы эрх үүрэг, чухам ямар асуудал хариуцдагийг  тодорхой заасан байдаг тухай материалыг Ө.Цэрэндорж тэмдэглэн авсан байгаа юм. Бас нэг сонин баримтын тухай ярьсаан. Хошуу тамгын газрын дээдчүүл нь ойгүй баян чинээлэг хүмүүс байсан гэдэг худал юм билээ. Монголын түүхэнд ч мөн л тэгэж тэмдэглэгдсэн байдаг гээд тухайн үед бараг л 100 гаруй толгой малтай айлыг баян гэдэг байв гэнэ.
Бүр тоймгүй баян гэгдэх нэгэн хүний мал гэхэд 450 толгой л байсан баримт байдаг гэнэ. Энэ түүхэн баримтыг өнөөтэй харьцуулаад үзэх юм бол өдөр шөнө шиг. Дээр үеийн монголчууд нэлэнхүйдээ ядуу байсан юм билээ.
Түүх бичлэгийн гажуудал л үүнийг нууж чадсан байлаа гэж зочин Ө.Цэрэндорж өгүүлнэ лээ.


        
    *    *    *

 

-Танай Нөмрөг сум ямар онцлогтой сум юм бэ гэсэн асуултад Ө.Цэрэндоржийн юу ярьсныг товчлон толилуулбал
-Байдаг л нэг сум гэсэн. Харин энэ товчхон хариултаа задалж нутаг ус нь байгалийн алив сайхан цогцолсон газар. Уулс нь дээшээ тэнгэр тулсан гэдэг шиг л сүрлэг. Нөмрөг, Хөдрөгийн нуруу, Үхэр буюу их, бага хайрхан. Буга өндөр гэж бий. Мөн Тэлмэн, Холбоо, Тахилт, Тагийн Бүст гээд олон нуур, Хоолой, Нарийн Улаагчин, Ангирт, Шивэрт гээд голуудтай. Нөмрөгийн нуруу гэхэд л ам, салаа бүхэндээ горхи булаг ундарсан байдаг аж. Ийм л сайхан хангай болохоор Манжийн хаанд хүртэл нутаг сонгон өгч байсан баримт бий юм билээ.
Хүн зоны хувьд бас ихийг хэлнэ дээ гэж Ө.Цэрэндорж ахай мөн л түүх сөхөж ярьсан юм. Жалханз хутагт Дамдинбазараас эхлээд Дилав хутагт Жамсранжав ялгуусан хутагт Лувсанданзан, Арь гэгээн Дамдинчогдон гээд “бурхад”-аа дурсана. Бас төр, нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир сүүлийн үеийнхээс Гомбын Очирбат, Дэмчигжавын Моломжамц гээд л бахархан ярих нь Нөмрөгийнхний чихнээ алт адил сонсголонтой байдаг юм билээ. Ө.Цэрэндоржийн “Манай сум байдаг л нэг сум” гэж хэлснийг тодотгох юм бол өнөөгийн Нөмрөг сум одоо 80-аад мянган малтай 600 өрхтэй, хүн ам нь 2000 гаруй гэнэ лээ.

 

Ө.Цэрэндорж 1985 он.


Байгаль цаг уурын нөхцөл ширүүхэн болохоор мал өсөхөд бэрхшээл жаахан бийг дуулгав. 
-Танай сум сарлаг олонтой юу гэхэд үхэр сүрэг, сарлаг монголын холимогдоо гээд нэг сонин домог ярьсан юм.
Уг домогт юу өгүүлсэн бэ гэвэл Батмөнх даян хааны том хүү Гэрсэнзийн дөрөв, тав дахь үеийн нэг хурц зантай хэрцгий догшин нөхөр ноён болж. Нэр нь Лувсанрэнцэн гэх. Тэр Орос руу цэрэг хөдөлгөн довтолж байсан юм гэдэг баримт байдаг.
Тэр нөхрийн нэр хүнд муу учир орон нутагтаа жаахан хавчигдаж түүнийгээ өөрөө мэдрээд зугтаж одоогийн Увсын нутагт Тагнын нурууны ард нэг жил хэрээтэй болоод бас Ойрдын Галданбошигттой муудалцаж 1000 өрх дагуулан Хятадын Хөх нуурт очсон байдаг. Тэнд Манжийн хаанаас газар авч нэлээд сууршсан бөгөөд гүн цол хүртэл хүртсэн байна.
Тэгээд 1700-гаад онд Өвөрлөгч хошууны газар Манж, Ойрдын хооронд болсон тулалдаанд хүртэл оролцсон. Сүүлд нь Ар халхад тоймлон хэлбэл Налайхын цаадах “Зуун мод” гэдэг газар болсон тулаанд Манжийн талд явж байгаад шархдаж нас барсан гэдэг юм.
Үүний дараа уугуул нутаг, манай хошууныхан санаачилгаараа тэр хүний Хөх нуур руу аваачсан зарим айл өрхийг буцаан авчирсан тэгэхдээ мянган цагаан сарлаг авч ирсэн гэсэн домог байгаа юм.Зарим хууч ярианд түмэн сарлаг авчирсан гэж ч яригддаг. Энэ тухай Нандал номун хааныхан 1000 цагаан сарлаг авчирч Далавчийн өвөлжөөнд Далх бурхнаа тахиулав гэсэн байдаг ажээ. Үүнийг Нөмрөг уулын нутаг сарлагтай болсон тухай домог болов уу гэж Ө.Цэрэндорж эргэцүүлэлгүй хэлсэн юм. 


    *    *    *


Түүх сонирхогч маань ярианыхаа төгсгөлд нэгэн зүйлийг түүхийн баримт түшин онцолж хэлсэн нь анхаарал татсан юм.
-Би зүгээр зөрүүдэлж байгаа юм биш. Түүхийн баримт нь тийм байгаа юм гэж тэр хэлээд Нөмрөг сум 100 жилийн ой тэмдэглэнэ гэдэгтэй би эсрэг саналтай явдаг юм. Түүхийн баримтаас үзвэл 1923 онд Хантайшир аймгийн Нөмрөг уулын хошуу гэж байгуулагдаж байжээ гэж. Тэгэхээр хошууны ой тэмдэглэх гээд байгаа юм шиг. Хэрэв тийм бол Яруу сумын хагас, Идрийн хойд тал, Түдэвтэй сумын зарим хэсэг мөн Хөвсгөлийн Цэцэрлэгийн зарим багийг оруулж байж ой хийх болж байгаа юм.
Нөгөө гэвэл эхэндээ Улаагчин сум гэж байсан Нөмрөг сум 1937 онд тулгаа тулсан байдаг. Ийм юмыг би хэлдэг ч нэгэнт л түүхийн бичээс үнэнээс гажигдсан болохоор ой болоод л өнгөрөх байх. Завхан аймаг ч ойгоо буруу л тэмдэглэж ирсэн. Мөн л түүхийн баримт түших  юм бол Завханых биш Хантайшир уулын аймгийн ой л болчихоод байгаа юм шүү дээ гэж Ө.Цэрэндорж хэлж байв.


Гэхдээ би сумынхаа түүхийн номыг бичиж л сууна л даа гэсэн юм. 
Ө.Цэрэндорж эрхмийг бичгийн хийгээд номын садан гэж хэлэхэд ононо байх. Тэр эдийн засгийн төлөвлөлт, Завхан нутгийн сайчуудын туршлага, сүүлийн үед түүхэн талын сэдэвтэй нийт 10 гаруй ном бүтээсэн хүн. Өнөө ч тэр бичиг цаастай нөхөрлөж түүхийн үнэнийг эргэцүүлж л суугаа.
Түүний бичсэн номын хамгийн шинэ нь "Монгол Улсын шастар болой" гэсэн нимгэвтэр шар ном байна. Уг номыг бичих болсны учир нь гэвэл нэг танилд нь Ардын засгийн эхэн үед хошуу, тамгын газарт бичээч, бага сургуулийн багш, сумын даргаар ажиллаж байсан эцгийнхээ өв хөрөнгөнөөс авч үлдсэн бэсрэгхэн хуучин монгол бичгийн судар ном байсныг олж үзжээ. Уг садарт Эзэн богд Чингисийн зохиосон "Оюунтүлхүүр" хэмээх сургааль, удаах нь хувилгаан Регидэнзэнгийн бүтээл "Сургааль үгсийн дээд Нарангэрэл хэмээгч оршвой" гэх нэртэй байсан бол гурав дахь нь Халхад бурхан шажин анх эхийг олсны буюу Монголын эхний гурван богдын намтар байсан ажээ. Үүнийг Ө.Цэрэндорж кирилл бичигт буулган ном болгож олноо толиулуулсан байна. Энэ түүхээ мэдэх, бас түмэнд мэдүүлэхийн төлөө хийсэн буян гэж хэлж болох биз ээ. Мөн хэн бүхэн очоод байж чаддаггүй тагнуулын байгууллагын архивт сууж багагүй олзтой байсан тухайгаа ярьсансан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)