Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Дэлхий нийтээр хог хаягдлаа ангилж хаядаг хэв маягт шилжсээр байна. Энэ нь нийгмийн соёл болсон. Харин манайд энэ соёл нэвтрээгүй л байна. Бусад улс орнууд хогоо хэрхэн ангилж хаядаг талаар сонирхуулья. 

 

СОЛОНГОС: ХОГОО АНГИЛЖ ХАЯХГҮЙ БОЛ ТОРГОДОГ

 

Солонгосуудын хувьд хүнсний хог, лааз, шил, энгийн хог хаягдал, хувцас гэж ангилдаг байна. Энэ талаар тус улсад оршин суудаг Б.Өлзийжаргал “Хогоо тус тусад нь уутанд ангилж зориулалтын сав руу хийдэг. Хогоо буруу ялгах эсвэл буруу хогийн саванд хийвэл торгууль төлдөг. Ирээд удаагүй байхдаа буруу хогийн саванд хог хийж 80 мянган воноор торгуулж байсан. Ингэхдээ камер шүүгээд бичлэгийнх нь зургийг хэвлээд үнийн дүнтэй нь илгээдэг” гэв. Мөн хогийн цэг дээр хуучин тавилгаа хаях бол төлбөр төлдөг аж. 

 

ГЕРМАН: ШИЛ, ЛААЗ, ГЯЛГАР УУТАА ТУШААЖ МӨНГӨ АВДАГ

 

Германд олон үйлдвэрүүд байдаг учраас хог хаягдал ихээр гардаг байна. Мөн бохирдол ихтэй орны тоонд ордог. Иймд германчууд бүх хог хаягдлаа дахин боловсруулахыг зорьдог байна. 
Хогоо дөрөв ангилдаг. Цаасан, хүнсний гаралтай, дахин боловсруулж болохгүй болон пластик хог. Энэ тухай Герман улсад амьдардаг Д.Мөнх-Оюун “Цаасан хог хийх сав нь ногоон өнгөтэй байдаг. Цаасан хогоо жигнэж тушаан мөнгө авч болдог. Харин хоол хүнсний үлдэгдэл, цайны шаар, хогийн ургамал хаядаг хогийн сав нь бор өнгөтэй байдаг. Пластик хог хаягдалд ундааны хуванцар сав, шил, лааз, гялгар уут ордог. Мөн шингэн зүйлийг хоосолж байж савыг нь хаях ёстой. Энэ төрлийн хогийг худалдаж авдаг бөгөөд үйлдвэрлэлд дахин ашигладаг.
Дахин боловсруулж болохгүй хогийн саванд хүүхдийн живх, гоо сайхны хэрэглэсэн хөвөн, хуучин хувцас, гутал гээд янз бүрийн хог хаягдлыг хаядаг бөгөөд ийм хогийн сав нь хар өнгөтэй байдаг. Тиймээс ангиллын дагуу хогийн саванд нь хогоо хаядаг. Бас пластик савтай холбоотой нэг анхаарах зүйл бий. Зарим ундаа, уух зүйлийн сав нь Pfand гэдэг зүйлтэй байдаг. Энэ нь тухайн савны үнэ юм. Тухайлбал, дэлгүүрээс Кола худалдаж авлаа гэхэд ундааны үнээс гадна Pfand гэсэн нэмэлт 15-25 центийг нэмж  төлнө. Уусныхаа дараа савыг нь дэлгүүрт нь өгснөөр энэ мөнгөө буцааж авдаг. Иймд ундаа авах бол ийм бичиг байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй” гэв. 

 

ЯПОН: ЯРЬДАГ ХОГИЙН САВ АШИГЛАДАГ

 

Япон улсад хогийн савыг нэг дор гурав, дөрвөөр нь байрлуулдаг. Олноор нь байрлуулснаар хог бөөгнөрөх асуудлыг зохицуулж чаддаг байна. Түүгээр ч барахгүй хогийн саваа тус бүрт нь ангилж шатаагдах хог, пластик сав, лааз гэж  ангилдаг байна. 
Токиод хогоо аль ангилалд хийхээ мэдэхгүй байвал хогийн сав нь хэлж өгдөг байна. Энэхүү ярьдаг хогийн савыг Японы “Хараги” компани үйлдвэрлэжээ. Одоогоор Токиод 86 ширхгийг байрлуулсан байна. Японд хог гаргаж л байгаа бол түүнийхээ төлөө төлбөр төлөх ёстой гэсэн хатуу дүрэмтэй. Орон нутгийн айлууд нь захиргаанаасаа хог хийх уут худалдан авах үүрэгтэй. Энэ уут нь байгальд уусдаг технологиор хийсэн тусгай уут байдаг. Гаднах өнгөөрөө ялгагдах энэхүү уутыг худалдан авснаар хогийн мөнгөө төлсөнд тооцно. Пластик сав, хаягдлыг даваа гарагт, гал тогооны хог хаягдлыг мягмарт, дараагийн өдөр нь цаасан хог, цаашлаад шилэн лонх, лааз авна гэж мэдэгддэг байна.
Тухайн төрлийн хогийг тэр өдөртөө л тусгай таних тэмдэг бүхий төлбөрт уутанд хийснээр авдаг байна. Ундааны савны хаяг болох гялгар шошгыг хуулан авч, таглааг нь заавал салгаж хаях, цаасан хайрцагтай сүүний савыг угааж, дэлгэж хатааж хаях ёстой. Үүний үр дунд дахин боловсруулалтад цаг алдахгүй, түүнчлэн байгалиа хордуулахгүйгээр боловсруулдаг байна. Тояама, Китакюшюү зэрэг хотод хогийн үйлдвэр байрладаг. Эдгээр нь дэлхийд хамгийн том дахин боловсруулах үйлдвэр. Тояама хотын хог боловсруулах “BDF” компанийн үйлдвэрт хогийн ургамал, мод бургасыг боловсруулж ургамал амьтны гаралтай тосны хаягдлаар био түлш хийдэг байна. Ургамлын гаралтай тосноос гаргаж авдаг биодизель нь нүүрстөрөгчийн хийгүй. Тус үйлдвэр өдөрт 3800 литр түлш үйлдвэрлэн нэмэлт төлбөр гаргахгүйгээр хогийн машины түлшинд хэрэглэдэг байна. Япон нь дэлхийн хамгийн цэвэрхэн хот болсны зэрэгцээ хогоо шийдвэрлэж чадсан анхны улсаар тодорсон юм. Япон улс 2007 онд “Clear City” өргөмжлөлийг НҮБ-ын Цэвэр агаар байгууллагаас гардан авчээ.

 

МОНГОЛ: АНГИЛЖ ХАЯХ ХОГИЙН САВ БАЙДАГ Ч АНГИЛДАГГҮЙ

 

Манай улсын хувьд хогоо ангилж хаядаг соёл хараахан бүрэн нэвтэрч амжаагүй байна. Зарим орон сууцны хувьд хогоо ангилж хаях хогийн савыг байршуулсан байдаг. Гэхдээ картон цаас, ундааны сав гэж ангилж хаядаггүй. Ангилж хаялаа ч хогийн машин ирээд бүгдийг нь нийлүүлээд ачаад явдаг. Гэхдээ бидэнд хогоо ангилж хаях боломж бий. Тодруулбал, Орон сууц бүрт СӨХ гэж байдаг. Айл бүр СӨХ-ын мөнгө төлдөг. Тэгвэл ангилж хаясан хогийг нь тушаагаад СӨХ-ын мөнгөнөөс нь хасдаг бол хүн бүр хөнгөлүүлэхийг бодно. Тухайлбал, хог хаягдал дахин боловсруулдаг төв болох “Төвшин сайхан” төвд картон цаас нэг кг нь 600 төгрөг, ундааны сав кг нь 300 төгрөг байх жишээтэй. Түүнээс гадна дуудлагаар ирээд дахивар авдаг газрууд ч олон болсон. Тиймээс дэлхийн улсуудтай хөл нийлүүлэн хог хаях соёлд суралцах шаардлагатай байна.
“Алсын хараа 2050” зорилгодоо Монгол Улс ногоон хөгжлийг дэмжинэ гэсэн. Тиймээс зөвхөн зорилт дэвшүүлээд өнгөрөх биш ажил хэрэг болгох цаг болжээ. Ингэхийн тулд иргэд болон удирдлагууд санаа нэгтэйгээр дэмжиж ажиллах хэрэгтэй. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)