Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд Бертольт Брехтийн “Счуаний сайн хүн” туульсын жүжгээр урын сангаа баяжуулсан билээ. Тэгвэл энэ онд тус театрынхан дахин шинэ уран бүтээлээр бэлэг барихаар бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиол манай театрын тайзнаа жүжиг болж ирэх нь ээ.
ВИКТОР ХЮГОГ БИД ТАНИНА
Францын зохиолч Виктор Хюгог бид бичсэн зохиол, тайзны жүжгүүдээр нь хэдийнэ таньдаг болсон. Учир нь түүний сонгодог бүтээлийн нэг болох “Парисын дарь эхийн сүм” жүжиг 2015 онд УДЭТ-ын тайзнаа тавигдсан юм. Тухайн үед найруулагчаар нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байв. Харин гал цогтой цыган бүсгүйн дүрийг жүжигчин Г.Отгонцэцэг амьдруулсан байдаг. Үүнээс ч өмнө найруулагч Н.Наранбаатар зохиолчийн “Инээмтгий хүн” зохиолыг жүжиг хэлбэрээр тайзнаа тавих хүсэлтэй гэдгээ хэвлэлд онцолж байсан удаатай. Тэгвэл энэ хүслээ биелүүлэх мөч нь энэ цаг үе ажээ.
ГЕНЕРАЛЫН ЗУРААЧ ХҮҮ
Виктор Хюго 1802 онд Францын зүүн хэсгийн Безансон хотод армийн генералын гэр бүлд төржээ. Багадаа эцэгээ дагаж Европын орнуудаар их аялажээ. Гэтэл 10 настайд нь эцэг эх нь салж, Хюго эхийнхээ гар дээр хүмүүжсэн байна. Тэрбээр хутагт Людовикийн лицей сургуульд сурч байхдаа шүлэг бичиж эхэлсэн гэдэг. Ингээд “Магтаал ба бусад шүлгүүд” хэмээх анхны номоо 1822 онд хэвлүүлжээ. Хюго олон роман, жүжиг, эсээ бичсэнээс гадна авьяаслаг зураач байв. Тэрбээр дүрслэх урлагийн 4000 орчим бүтээлийг туурвисан байдаг. Алдарт зураач Ван Гог ч түүний зургуудыг магтаж байсан тухай тэмдэглэл бий. Харин түүний зохиол бүтээлээс монгол хэлнээ “Шоовдор хүмүүс”, “Инээмтгий хүн”, “Зоригт далайчид”, “Парисын дарь эхийн сүм”, “Толгойлогч Жаргаль” зэрэг зохиол нь орчуулагдсан байдаг.
ЕВРОПОД АЛДАРТАЙ ЗОХИОЛ
“Инээмтгий хүн” зохиол Европод илүү алдартай ажээ. Нууцлаг үйл явдал, санаанд оромгүй эргэлтүүд нь уншигчдыг соронзон мэт татсаар ирсэн. Зохиол хадан цохиогоор нууцлагдсан далайн буланд хэдэн хүн харуй бүрийтэй уралдан усан онгоцонд бараа зөөж буйгаар үйл явдлаар эхэлдэг. Тэдний дунд 10 орчим настай нэгэн хүү байв. Тэрбээр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хүн бүхэнд туслахыг хүснэ. Гэвч хэн ч түүнд санаа тавихгүй ажээ. Хүү өнчин ажээ. Үйл явдал цааш хэрхэн үргэлжлэх бол.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)