С.УЯНГА

 

Томуу, томуу төст өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх орны ачааллын талаар ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаагаас тодрууллаа. 

 

-Томуугийн нөхцөл байдал, тэр дундаа хүүхдийн өвчлөл ямар байна вэ? 


-Улирлын томуугийн оргил ачааллын үе аравдугаар сараас гуравдугаар сар дуустал үргэлжилдэг. Бид наймдугаар сар гэхэд эмийн нөөцөө бэлтгэж, есдүгээр сарын дундаас эрсдэлтэй бүлгийн хүмүүстээ томуугийн вакцин хийж эхэлдэг. Цаг агаарын нөхцөл байдал, вирусын төрөл зүйлтэй холбоотойгоор ачаалал, хүнд хөнгөн тусах зэргээр онцлогтой. Энэ жилийн хувьд бага насныхан хүндрэх, хатгалгаа авах эрсдэлтэй байгаа учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад хэвтэх ачаалал нэмэгдэж байна. Оны эцсийн байдлаар улирлын томуу өмнөхөөс 7.2 хувиар өссөн ч тархалтын түвшин бүх нийтийг хамраагүй. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн. 


Хүүхдийн хэвтэх, эмчлэгдэх хугацаа дунджаар 5-6 хоног байдаг бол энэ жил арав хүртэлх хоногоор уртсах байдал ажиглагдсанаас орны эргэлт бага зэрэг удааширч байна. Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлээд насанд хүрэгчдийн зарим эмчилгээний хэсгийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх байдлаар зохицуулж байна. Тэр дундаа аль болох хүүхдүүдийг коридорт хэвтүүлэхгүйгээр ор дэлгэх, нэмж авах зохицуулалт хийж байгаа. Одоогоор орны дүүргэлт 92 хувьтай. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдүүдэд нөөц ор гаргаж өгч байна. 


-Коридорт хэвтүүлж байгаа тохиолдол бий юу?  


-Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёр шуурхай ажлын хэсэг гарч томуу, томуугийн дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ болон эмийн зохицуулалтыг хянаж дүүргүүдэд ажиллаж байна. Эмнэлэг бүрт 5-10 нөөц ор бий. Яаралтай тусламжаар оройн цагаар хандаж байгаа тохиолдол их байна. Тусламж үйлчилгээг зохицуулах үүднээс өрхийн эмнэлэг, дүүргийн ЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж хүүхдүүдийг хүлээн авч байна. Гэртээ эмчлүүлэх, өдрийн эмчилгээ хийлгээд буцаж байгаа бол эмч нар гэрийн эргэлтээр хянаж байгаа. Ор түр хүлээгдэх үед хүүхдийг тусгаарлах өрөөнд хэвтүүлж байгаад шилжүүлэх тохиолдол хааяа гардаг. Үүнийг эцэг, эхчүүд ойлгож дэмжиж ажиллаасай. 


-Сошиалд коридорт хэвтсэн зураг тавьсан байсан? 


-Бид шалгаж үзсэн. 3-4 жилийн өмнөх хуучин зурагнууд байсан. Бага наснаас гадна өсвөр насны хүүхдүүд ханиад нь хүндрэх хандлага ажиглагдаж байгаа учраас анхаараасай гэж зөвлөе. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 7 (6992)