Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын зөвлөх, эрхзүйч Х.Номингэрэлтэй Зөвлөлдөх санал асуулгын талаар ярилцлаа.

 

-УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох,  шийдвэрлэх арга замыг иргэдтэй зөвлөлдөх зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар болсон. Энэ санал асуулга үр дүнтэй байж чадах болов уу? 
 -Зөвлөлдөх санал асуулга нь манай улсын хувьд төдийгүй олон улсад шинэ зүйл. Дэлхий дахинд ардчилсан тогтолцоотой орнууд төрийн тодорхой шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог илүү бодитойгоор хангахын тулд зөвлөлдөх санал асуулгын аргыг ашиглаж эхлээд байна. Зөвлөлдөх санал асуулгыг олон улсад хот, суурин,тосгоны түвшинд замыг хэрхэн төлөвлөхөөс эхлээд дэд бүтцийн асуудлууд дээр зохион байгуулдаг. Тодруулбал, маш тодорхой асуудлаар судлаачид ирж байр сууриа илэрхийлэн мэдээлэл өгсний дараа иргэд саналаа өгдөг систем юм.


Манай улс энэ санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэг удаа туршиж байсан. Зөвлөлдөх зөвлөл нь хуулинд зааснаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, асуултыг тодорхойлох маш их холбогдолтой бүрэлдэхүүн юм. Тус зөвлөл нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрэмбэлнэ, иргэдийн оролцоотой санал шийдэл гаргана гэсэн ерөнхий зорилготой. Гэхдээ энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар яг юу асуух нь одоогоор тодорхойгүй байна. Мөн хоёр сарын дотор улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ гэдэг төдийлөн үр дүнтэй байж чадахгүй болов уу.


-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 11 хүнийг сонгосон. Хүйсийн харьцаа, мэргэжлээс эхлээд нийгмийн олон талт байдлыг хангаж чадахгүй гэж зарим хүн шүүмжилж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?


-Төлөөллийг хангахдаа нэгдүгээрт, хүйсийн тэнцвэртэй байдлыг авч үздэг. 10 хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэсэн ч 140 орчим хүн бүртгүүлсэн байна. Эдгээрээс 11 хүнийг яаж шалгаруулах талаар хуулинд тусгаагүй. Нууц санал хураалт явуулж сонгосон гэж мэдээлсэн. Нууц санал хураалт явуулахдаа төлөөллийг хэрхэн хангах талаар нэмэлт арга зам бодож олоогүй. Тиймээс эрэгтэйчүүд давамгайлсан нэр дэвшигчид гарч ирсэн. Хоёр эмэгтэй нэр дэвшигчийг дахин сонгосон ч энэ нь хангалттай биш.


Хоёрдугаарт, ямар сэдвээр санал асуулгыг явуулах нь тодорхой байсан бол Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар мэргэжилтэй, аль салбарын хүнийг сонгохоо шийдвэрлэхэд хялбар байх юм. Тухайлбал, түгжрэлийн асуудлыг хэлэлцэнэ гэвэл энэ чиглэлийн хүмүүсийг зөвлөлдөх бүрэлдэхүүнд сонгох байсан. Гэтэл санал асуулгын хүрээ нь өргөн, яг ямар асуудал хэлэлцэх нь тодорхой биш. Тиймээс хүйсийн тэнцвэртэй байдлаас гадна залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх, орон нутгийн иргэд, малчид гэсэн бүх талын төлөөллийг хангаж байж үр дүнтэй санал асуулга болно.


-Санал асуулгын сэдэв тодорхой байхаас гадна үйл явц нь ил тод байх нь их чухал гэж бодож байна. Бусад улс оронд зөвлөлдөх санал асуулгыг ямар байдлаар явуулдаг вэ?


 -Иргэдийн оролцоог хангах механизм гэдэг утгаараа бүх үйл явц нь ил тод, ойлгомжтой, бүх талын төлөөллийг хангасан байх нь хамгийн чухал. Өмнө нь нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлэхдээ хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байсан. Эдгээрээс илүү их иргэдийн оролцоог хангахын тулд санал асуулгыг ахисан түвшинд хийх хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн бүх төлөөлөл, олон янз байдлыг тусгаж байж бүх нийтийн оролцоог бүрэн хангана. Үүнээс гадна санал асуулгаар юуг, яаж асуух нь маш чухал байдаг. Нэг дор өөр өөр сэдвийн олон асуулт асуувал иргэд бүрэн дүүрэн хариулж амжихгүй. Тиймээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс үл хамааран сэдвээ оновчтой тодорхойлохгүй бол энэ удаагийн санал асуулга бодитой үр дүнгээ өгч чадахгүй. Санал асуулгын зорилго хэт том учир ойлгомжгүй зүйл их байна. Олон улсын туршлагыг харахаар маш тодорхой асуудлуудыг дэвшүүлэн санал асуулгаа явуулж байна. Хэт нарийн бүтэцтэй эсвэл олон асуулт асуувал үр дүнгүй байх магадлал нь өндөр гэж үздэг. Санал асуулгыг илүү үр дүнтэй болгоё гэвэл тодорхой 1-2 асуулт асуух хэрэгтэй. Энэ хоёр асуултаа сайн судалж, мэдэх боломжийг иргэддээ олгоод дараа нь бодит санал асуулгаа явуулах хэрэгтэй. Олон сэдэв, хэт их мэдээллээр бөмбөгдвөл хуурамч жүжиг болно. Мөн хоёрдугаар сарын 20 буюу Цагаан сарын баяр давхацсан өдрөөр олон хүнд асуулт асуувал бодитой үр дүнд хүрч чадахгүй.


-Санал асуулгад оролцох иргэдийг түүврийн аргаар сонгоно гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэгэхээр бусад иргэдийн тухайд мэдээллийг хэрхэн авах нь оновчтой вэ?


 -Нийгэмд тулгамдаж байгаа бүх асуудлыг хэсэг хүн цуглаад нэг дор шийдвэрлэж чадахгүй учир шат дараалалтай үргэлжлэх ёстой. Үүнд мэдээллийн ил тод, шуурхай байдал чухал. Түүврийн аргаар санал асуулгад оролцох иргэдийг сонгоход эргэлзэхгүй байна. Хамгийн чухал нь эдгээр иргэддээ мэдээллийг хүртээмжтэй байдлаар хүргэх ёстой. Харин санал асуулгыг ажиглаж байгаа бусад иргэдэд МҮОНРТ юмуу эсвэл бусад мэдээллийн сувгийг ашиглаад тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Санал асуулгын бүх үйл явц, иргэддээ мэдээллийг хэрхэн хүргэж байгааг шууд дамжуулан хүргэдэг олон улсын жишиг бас бий.


-Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг нэгтгэн  УИХ-д хүргүүлнэ. Иргэдийн  дэвшүүлсэн асуудал эрх баригчдад очих эсэхийг хянах шаардлагатай болох нь гэж харж байна?


-Эхний удаа иргэд мэдээлэлгүй санал өгнө. Дараа нь эдгээрийн тал хувийг нь сольж өөр хүн оруулаад хоёр дахь удаа мэдээлэл өгсөн байдлаар санал авна. Тэгээд гарсан үр дүнгээр нь зөвлөмж боловсруулаад УИХ-д Зөвлөлдөх зөвлөл хүлээлгэн өгнө. Үр дүнг нь биежүүлэн цаасан дээр буулгах хүмүүс нь Зөвлөлдөх зөвлөл юм. Тухайлбал, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган УИХ-д танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд үүрэг болгосон. Тиймээс иргэд ямар асуудал дэвшүүлсэн тэр нь зөвлөмжинд багтаад УИХ-д очиж байгаа эсэхийг хянах үйл явц нь нээлттэй байх ёстой. Тухайн зөвлөмж нь иргэдийн дэвшүүлсэн, санал болгосон асуудлаас огт өөр байвал яах вэ. Мэдээлэлгүй байвал үүнийг бид хянаж чадахгүй.Иймээс ил тод байдал хамгаас чухал юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 6 (6991)