Б.ЖАВХЛАН

 

Өвөл бүр утааны асуудал яригддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд шахмал түлш хэрэглэн утааг тодорхой хэмжээнд бууруулсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 62 тогтоолыг баталсан. Үүнд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургадугаар сарын  15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэсэн байдаг. 


Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн хоёр хоногт их байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан сайжруулах шахмал түлшний чанарын асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрбээр "Үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа. 


Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын яндангаас ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйлгүй гэдгийг баттай хэлье" гэсэн юм.  


Хэдхэн хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК, НАОБТГ-тай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг хэлж байв. Мөн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг хэлж байсан юм. Мөн сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн бөгөөд шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчсөн гэж дүгнэсэн юм. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэлд 91 мянган өрх шахмал түлш хэрэглэж амьдардаг юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)