Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг парламент өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд баталж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Шинэ хуулиар дараах хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.  Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол, 21 нас хүрээгүй, жирэмсэн бол архи хэрэглэхийг хориглов. Мөн 28.2-т бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно”  хэмээн хуульчлав.   Мөн хуулийн 29.1-д Согтууруулах ундаатай холбоотой дараах үйл ажиллагааг хориглов. Үүнд 29.1.5-д согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулахыг хуулиар хориглосон.  Мөн Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг 29.2 дахь заалтаар хоригложээ.  Энэ нь  архины хэрэглээний шинэ соёлыг хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулсан заалт болжээ. 


Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Архины хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн. 2013 онд нэг хүнд ногдох архины хэмжээ 3.1 литр байсан бол оргил үедээ буюу 2015 онд 15 литрт хүрч байжээ. Харин одоо 8.2 литр байна. Энэ бол дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт. ДЭМБ-аас тухайн улс орны нэг хүнд ногдох согтууруулах ундаа 8-9 литр байхад л үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсынх 8.2 литрт хүрсэн нь ҮАБ-д аюул учрах хэмжээнд хүрсэн гэдгийг илтгэнэ. Мөн архидан согтуурснаас үүдэлтэй нас барсан хүний тоогоор манай улс дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна.  Сүүлийн таван жилээр нь тоймлож харвал,  зөвхөн архины хордлогоор 1817 хүн нас баржээ. Ардын дайсан архидалт гэдгийг илтгэх дараагийн баримт нь залуучууд ид хийж бүтээх насаа торны цаана өнгөрүүлж байгаагийн ихэнх нь бас л архинаас үүдэлтэй. Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биедхалдсан тохиолдол өдөрт ес, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулжээ. Таван жилд 16634 хүн ажил хийж гэр бүлээ халамжлах, улс орондоо баялаг бүтээх цаг хугацаагаа хуулийн байгууллагын үүд сахиж өнгөрүүлсэн баримт байна. 


Тэгэхээр Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль нь цаг үеэ олсон хууль болж чадсан юм.  Мөн энэ удаа хууль санаачлагчид архи уухыг хориглохоос илүүтэй хэрэглээний соёлыг нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзжээ. 
Одоо хуулийг хэрэгжүүлэхдээ бие биеэрээ тоглоом шоглоом хийлгүй, заалт тус бүрийг нь нийгэмдээ, амьдрал дээр буулгаж, өгөх нь чухал байна.    Шинээр хэрэгжиж эхэлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас бусад онцлох заалтуудыг хүргэе. 

 

Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно

 

5.4.Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно. Харин уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 5.2-т заасан журмын дагуу хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно хэмээн 5.3-д тусгажээ.

 

Тусгай зөвшөөрлийн хугацаа 10 жил байна

8.1. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно. Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно. Хэрэв татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй талаар 8.5-д суулгажээ.

12.6. Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, нэг литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

 

18 хүртэлх хувийн хатуулагтай согтууруулах ундаагаар үйлчилж болно

 

16.3. Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.

16.2. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

16.2.1. 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;

16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх гэжээ. 

 

Үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ

 

24.3. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

24.5. Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна гэжээ. 

 

Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна
 

25.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.

25.2. Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой байна.
 

 

Согтууруулах ундааны талаарх мэдээллийг төлбөртэй авч болно
 

36.1. Төрийн эрх бүхий байгууллага согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, гаалийн хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төлбөртэй авч болно.

 

Тусгай зөвшөөрлийн тоог 2023 оны долдугаар сарын 1-ний дотор батална

 

40.4. Засгийн газар энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийн тоог 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална.

40.6. Энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэл хугацаанд шинээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заажээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 4 (6989)