Сүрнээгийн УЯНГА

 

Монголчууд уг нь цахим гарын үсэг хэрэглэх боломж бүрдээд арав гаруй жил болсон. Гэвч 2012 оноос хойш тоон гарын үсгийг ярьсан ч бодит хэрэглээнд оруулаагүй. Харин Цахим гарын үсгийн хуулийг баталж, өнгөрсөн оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснээр Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд таван жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг олгож эхэлсэн юм. Энэ дагуу 2.2 сая иргэнийг тоон гарын үсэгтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 531383 иргэнд олгосон байна.

 

Tоон гарын үсгийг дахин авах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй

 

Товчхондоо, иргэн тоон гарын үсгээрээ төрийн болон бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах, гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх зэрэгт ашигласнаар цаг хугацаа, зардал хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, хурууны хээгээр биш тоон гарын үсгээрээ цахим орчинд өөрийгөө бүрэн таниулах боломж бүрдэж байна. 


16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хүсэлт гаргаснаар авах бөгөөд засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас гар утасны аппликейшнаар дамжуулахаас гадна цахим гарын үсэг олгох “Киоск” машиныг оны өмнөөс 37 байршилд байрлуулж эхэлжээ. Иргэд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Төв шуудан зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад байрлуулсан Киоск машинаас иргэний үнэмлэхээрээ цахим гарын үсгээ авч болох юм. Иргэний үнэмлэхээ зааврын дагуу уншуулахад цахим гарын үсгийг баталгаажуулсан лавлагаа гарч ирэх бөгөөд таны гар утсанд тусгай код илгээнэ. Энэхүү тусгай кодоо цаашид тогтмол ашигтай ёстой гэдгийг бүртгэлийн ажилтан хэллээ. Харин он гарснаар Тоон гарын үсэг олгоход ямар нэг өөрчлөлт орох, тэр дундаа төлбөр мөнгөтэй болох уу гэсэн эргэлзээ төрсөн. Тэгвэл ямар нэг өөрчлөлт орохгүй. 16 насанд хүрсэн л бол нэг удаа үнэгүй олгох журам үйлчлэх юм байна. 
Иргэн тоон гарын үсгээ авсны дараа түүний нууцлал, аюулгүй байдлыг өөрөө хангасан байх шаардлагатай. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чипэнд эсхүл гар утасны апп-аар дамжуулан авах боломжтой.


Харин УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан манай сонинд ярилцлага өгөхдөө “Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх дээр олгож байгаа нь үйлчилгээний байгууллагуудад зориулсан хэлбэр бол гар утасны аппликейшнаар дамжуулснаар илүү өргөн хэрэглэх боломж нээгдлээ. Нэг ёсондоо, тоон гарын үсэг бол бүхий л мэдээллийн санд нэвтрэх түлхүүр. Тэр нь улсын бүртгэл, боловсрол, эрүүл мэнд, даатгал гээд төрөлжсөн байх учиртай. Үүнийг “амь” оруулж байгаа хамгийн том платформ бол “E-mongolia” болж хувирч байна. Тоон гарын үсэг хамгийн өндөр нууцлалын түвшинтэй, итгэж болох технологи учраас хэрэглээг нэвтрүүлэх нь хөгжлийн зөв чиг хандлага. Нэг хүндрэл байна. Иргэндээ тоон гарын үсгийг улсын бүртгэл олгоод байдаг, харин бусад байгууллагууд хэрэглээнд оруулах асуудал бий. Иргэн ч мөн адил, гол нь хэрэглэх. Заавал хэрэглэж байж үр дүн, үр шимийг хүртэнэ. Ямар ч байсан эхний алхмаа тавилаа. Улсын бүртгэлийн байгууллага ухаалаг ТҮЦ машинаараа дамжуулаад тоон гарын үсгээр тодорхой төрлийн лавлагаа олгож байна. Мөн “E-mongolia” руу тоон гарын үсгээр нэвтрэх шийдлийг бий болголоо. Бидний ирээдүйд харж буй зүйл бол баталгаажуулалт. Зайнаас гэрээ хийх, нотариатын үйлчилгээнээс эхлээд итгэмжлэл олгох зэргээр олон төрлөөр нь ашиглаж болж байна. Нийгмийн маш олон төрлийн харилцаанд орохдоо гарын үсгээр өөрийгөө баталгаажуулах явцыг тоон гарын үсэг гүйцэтгэнэ” гэлээ.


Улсын бүртгэлийн байгууллагаас авсан тоон гарын үсгээ мартсан, бусдад алдсан, гээгдүүлсэн, хүчингүй болгосон зэрэг шалтгаанаар тоон гарын үсгийг дахин авах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй.
Харин тоон гарын үсгээр УБЕГ-ын дөрвөн төрлийн үйлчилгээг авах боломжгүй. Тодруулбал, гэрлэлт бүртгэх, цуцлах, хэрэв хуулийн байгууллагаас тухайн иргэнд хориг тавьсан бол, Монгол Улсын иргэний харьяалалд орох, харьяаллаас гарах, мөн хурууны хээний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахад өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очих аж.

 

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ШИНЭ ЗАГВАРААР СОЛИУЛАХ ШААРДЛАГАГҮЙ 

 

Парламент өнгөрсөн зун Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр  хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болох шинэ зохицуулалт үйлчилж эхэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 10 гаруй хоногийн өмнөөс улсын бүртгэлийн байгууллага шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү иргэний үнэмлэхийг шинэ загвараар хэвлэж эхэлснээр иргэдийн дунд иргэний үнэмлэхээ солих шаардлагатай боллоо гэсэн ойлголт түгээд байгаа. Тэгвэл иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болох юм байна. Түүнчлэн 16 насанд хүрээд шинээр захиалах, 25, 45 насанд сунгуулах, хаяж үрэгдүүлсэн үед иргэний үнэмлэх захиалдаг. Энэ тохиолдолд шинэ загварын иргэний үнэмлэх олгох юм. 


Иргэний үнэмлэх шинэ загвартай болсноор үнэ өөрчлөгдөөгүй буюу 30 мянган төгрөг хэвээрээ байх юм. Харин хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ дээр Зөрчлийн хуульд заасны дагуу торгуулийн мөнгө нэмэгддэг. Иргэний бүртгэлийн 12 оронтой тоо E-mongolia системд орсон. Тиймээс бусад байгууллагаас үйлчилгээ авахдаа иргэний бүртгэлийн 12 оронтой дугаараа түлхүү ашиглахыг улсын бүртгэлийн байцаагч зөвлөлөө. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)