П.АМГАЛАНБАЯР


Аз жаргалтай дурсамжаараа хөглөгдөж, дахин нэг гайхалтай цаг хугацааг бүрдүүлдэг мөч бол гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх агшин байдаг. Сэтгэлээ шингээж зассан хоолны ширээний ард гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ ярилцан суух нь энгийн атлаа дэндүү үнэ цэнтэй. Энэ аз жаргалтай агшны амтат жорыг урлаж, ном болгон бүтээсэн UBS телевизийн Санхүү эрхэлсэн дэд захирал, мэргэшсэн нягтлан бодогч Б.Нармандахыг “Хобби” буландаа урилаа. Тэрбээр шинэ он солигдох мөчид “Ширээ засах урлаг: Баяр ёслол, зочдодоо зориулан ширээ засах санаанууд” номыг гаргасан юм.

 

-Номонд ширээ засалтын олон санааг багтаажээ. Яагаад энэ номыг гаргах болов?


-Би багаасаа дизайн, архитектурт их сонирхолтой байлаа. Хэдийгээр өөр мэргэжил эзэмшсэн ч хүүхэд насныхаа хүсэл, сонирхлыг орхилгүйгээр интерьер, тохижилтын ном, сэтгүүл, нэвтрүүлэг, интернэтээр энэ чиглэлийн блог, постуудыг тасралтгүй үзэж, сонирхож ирсэн. Үндсэн ажлын зэрэгцээ UBS телевиздээ айлын тохижилт, интерьер танилцуулдаг “Гоё айлууд” нэвтрүүлгийг хөтлөн хүргэлээ. Мөн энэхүү номыг гаргаж байгаа маань ч дизайны хүсэл, сонирхлоос үүдэлтэй. Пинтерест, инстаграмаар гадаадын интерьер дизайнер, алдартай блоггеруудыг дагаж, оруулсан зураг, нийтлэлийг нь харж байхад гоё ширээ засалтууд их тааралдана. Энэ үеэс ширээ засах урлагт илүү татагдах болсон. Эхлээд дандаа зураг харж кайф авдаг байгаад яваандаа өөрөө ширээ засдаг болсон. Ном унших дуртай болохоор өөрийнхөө сонирхлыг номоор дамжуулж бусадтай хуваалцая гэж бодсон юм. Ширээ засах урлаг XVII зуунаас Европын язгууртнуудаас үүсэлтэйгээр хөгжиж, дэлхий даяар тарж амьдралын хэв маяг, соёлын нэгэн том урсгал болсон. Гадаадад ширээ засалт урлаг болтлоо хөгжсөн байдаг учраас олон ном гарсан байдаг ч манайд энэ чиглэлээр дагнасан ном хараахан гараагүй байсан. Монголд ширээ засах соёлыг түгээж байгаа мэдрэмжтэй бүсгүйчүүд бий.  
Би ширээ засалтыг хоолны өмнөх хоол гэж боддог. Учир нь урьсан зочдоо гайхашруулж, тухайн цаг мөчийг мартагдашгүй болгох боломжтой. Гоё ширээний ард гоё уур амьсгал бүрдэж, гайхалтай яриа өрнөн сайхан дурсамж үлддэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд ширээ  засалтыг их сонирхдог болсон учраас ширээ засах соёлыг номоор дамжуулж түгээхийг зорьсон.  Номондоо баяр ёслол, улирлын, энгийн, өглөөний цайны ширээ засалт гэсэн чиглэл бүхий 65 төрлийг багтаасан. Мөн ширээ засахын суурь ойлголтын талаар бичсэн. Тиймээс суралцах хүсэлтэй хүмүүст анхан шатны сургалт, гарын авлага болно гэж найдаж байна. 

 


-Шинэ жилийн ширээ засалтын талаар хуваалцахгүй юу?


-Номонд шинэ жилийн 10 төрлийн ширээ засалтыг оруулсан. Шинэ жилийн ширээний уур амьсгалыг улаан, ногоон, мөнгөлөг, алтан шаргал, цагаан гэсэн үндсэн өнгөөр голлон бүрдүүлсэн байдаг. Гэвч хүн бүрийн өнгөний мэдрэмж, сонирхол, бүтээлч сэтгэлгээнээс хамааран ямар  ч байдлаар засаж болно. Шинэ жилийн ширээ засалтдаа гацуурын мөчир, сүлд модны тоглоом, лаа, цөмөөхэй, өвлийн өвгөн зэргийг оруулж өгвөл илүү тохиромжтой. Ширээний бүтээлэг, аяга таваг ямар ч өнгөтэйг сонгосон байсан. суурь тавгууд болон хундагаа ижил өнгөөр дагнахад зохимжтой харагддаг. Ширээ засахад ширээний төв хэсгийн чимэглэл чухал үүрэгтэй.  

-Ширээний төв хэсгийг хэрхэн чимэглэх нь тохиромжтой вэ?


-Нэг засалтыг жишээ авъя. Ширээнийхээ голоор гацуурны мөчрөө  дэлгэж тавиад дээр нь улаан, ногоон, алтан шаргал өнгийн шинэ жилийн тоглоомын бөмбөлөгүүдээ тавихад шинэ жилийн уур амьсгал орно.Мөн лаагаар ширээгээ чимэглэх нь гэрэл гэгээ өгч, халуун дулаан уур амьсгалтай болгодог. Миний хувьд гууль зэрэг метал лааны сууриар ширээгээ чимэглэх дуртай. Ширээний бүтээлэг, тавагны өнгөнөөс шалтгаалж лааны суурь, өнгийг сонгодог. Жишээлбэл, алтлаг ширээн дээр гуулин лааныхаа суурийг улаан, алтлаг, цагаан лаатай хослуулна. Мөн тавагны суурийг ширээндээ гоёл болгож оруулж өгдөг. Бүсгүйчүүд маань шинэ жилийн ширээгээ засахдаа заавал улаан ширээний бүтээлэг гэлгүй цагаан дээр улаан тавагны суурь эсвэл алчуурны бөгж хэрэглэвэл өнгөний зохицол гайхалтай харагдана. Ширээгээ засахдаа гэр бүлийн аз жаргалтай агшинг бүтээхийн тулд хүүхдүүдтэйгээ цаасаар гацуур хийх зэргээр өөрсдийн бүтээлээр чимэглэвэл дурсамжтай. Миний шинэ жилийн ширээний нэгэн гол чимэглэл гэхэд охины маань дөрвөн жилийн өмнө хичээл дээрээ хийж байсан цаасан байшин байдаг.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)