"Зууны мэдээ" сонин, "ТВ9" телевиз 2022 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна.
"Зууны мэдээ" сонины сэтгүүлч Р.ОЮУН бичиж байна
2022 онд манай улсад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлд хэд хэдэн томоохон төсөл амжилттай хэрэгжлээ. Үүний нэг нь 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам юм. Монголчууд энэхүү төмөр замыг хамгийн богино хугацаанд барьж байгуулснаараа онцлог байв.
Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж байсан билээ. Сэтгүүлч миний бие энэхүү бүтээн байгуулалтын эхлэл болон төмөр замын нээлтэд оролцож анхны зорчигч нь болж сурвалжилсан билээ. 2022 оны онцлох бүтээн байгуулалтын гэрч болсондоо баярлаж сууна. Энэ төмөр зам нь Дорноговь аймгийн Зүүнбаян багаас Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумаар нийт 266.9 км үргэлжилсэн. Ханги боомтын талаас төмөр замын эхлэл 0 цэгээс Ханги өртөө хүртэл 14 км хэсэгт өргөн цариг мөн олон улсын 1422 мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн байгуулснаараа онцлогтой.
Энэ нь Монгол Улсын анхны гурван чиглэлийн төмөр замын уулзвар бөгөөд тээврийг зохион байгуулж ачааг шаардлагатай чиглэлд хуваарилах ач холбогдолтой. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ачаа тээвэрт 4000 вагон эргүүлнэ. Үүнээс 3000 нь задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай орчин үеийн шинэ загвартай. Энэ загварын зохиогч нь “Монголиантранс Лайн” болон “Монголиан Транс Ложистик” нэгдэл юм. Зүүнбаян-Ханги төмөр замын төслийн концесс гүйцэтгэгч “Монголиантранс лайн”, “Монголиан транс ложистик” нэгдэл Монголын төмөр замын салбарын 70 жилийн түүхэнд хувийн хөрөнгө оруулалтаар хоёр дахь төмөр замын суурь бүтцийг байгуулж буй нь энэ билээ.
Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээврийн коридоруудтай болж урд, хойд хөрш болон Ази, Европтой холбогдох нь чухал гэдгийг төр засгийн удирдлагууд онцлон хэлж байсан. Мөн Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлог байдалдаа тулгуурлан тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг дэвшүүлээд байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болно. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог юм. Бүтээн байгуулалтын ажилд ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн зургаан ангийн 1000 гаруй албан хаагч төмөр замын трассын дагуу 4.6 орчим сая шоо метр газар шорооны ажил, 63 байрлалд ус өнгөрүүлэх хоолой, 35 км дээд бүтэц тавих ажлыг хагас жил гаруй хугацаанд чанар, стандартын дагуу бүрэн гүйцэтгэсэн. Мөн энэ ажилд 120 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчин оролцож, 1300 байнгын ажлын байр шинээр бий болж байгаагийн 50-60 хувь нь орон нутгийн иргэд байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж тээврийг эхлүүлэхэд бэлэн болсон. Тус төмөр замаар нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр тээвэрлэх боломжтой. Цаашид Замын-Үүдийн боомттой ч холбогдоно. Манай улсын импортын барааны ихэнх хувь Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ирдэг. Тэгэхээр цаашид ачаа барааны бөөгнөрөл арилах бүрэн боломжтой. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн, нарийн царигийн гарцтай болсноороо онцлог. Энэ нь Хятадын талын нарийн болон өргөн царигийн төмөр замтай холбогдоход бэлэн гэсэн үг. Хэрэв Хятадын төр, засгаас зөвшөөрөл олгосон тохиолдолд тус улсын компани дутуу зайнд төмөр замыг нэг сарын хугацаанд барина гэдгээ урьдчилсан байдлаар мэдэгдсэн байна. Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ.
“Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусгаж болдгийг харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын нээлтийн үеэр онцолж байсан.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Ханги боомт нь газар зүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд чухал ач холбогдолтой юм. УБТЗ-ыг хос төмөр замтай мөн Дархан-Алтанбулаг, Налайх-Замын-Үүдийн авто замын хоёр урсгал дөрвөн эгнээтэй болсноор манай улсын төвийн бүсээр дайран өнгөрч буй эдийн засгийн коридор одоогийнхоос хоёр дахин өргөсөх ажээ. Мөн Ази, Европыг холбосон ачаа тээврийн хуурай боомтыг Монгол Улсад байгуулах асуудал ч яригдаж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд, Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид найман сарын дотор бүтээн байгуулж чадлаа. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх аж. Нэг үгээр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёр дахь Гашуунсухайт, хоёр дахь Замын-Үүд бий болно.
226.9 км төмөр замыг найман сарын хугацаанд хийж гүйцэтгэхдээ Монгол Улсад нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч төгрөгийн баталгаагүй, нэг тонн нүүрс авахгүйгээр өөрийн хөрөнгөөр, эдийн засагт ачаалал өгөлгүй бүх эрсдэлээ хувийн хэвшлийнхэн маань гаргаад санхүүгийн боломжтой бүх арга, хэрэгслийг ашиглаж барьж босголоо. Аравдугаар сарын статистикийн тоо гаргахад есдүгээр сард Монгол Улсын эдийн засаг 3.7 хувиар өссөн бол аравдугаар сард 3.9 хувиар өсөж 02 функтээр эдийн засгийн өсөлт сайжирсан байна. Энэ зам 20 сая тоннын хүчин чадалтай. Хэрэв автозамаар явбал 5-8 сая тонн ачаа тээвэрлэх ажээ. Энэ үйл явдал Монголын дотоодын компаниудын чадавхийг тодорхойлж чадлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)
Үргэлжлэл бий.