Ч.Гантулга 

 

Энэ жил манай улсын боловсролын салбарт нэгэн өөрчлөлт орсон нь ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болгохоор шийдвэрлэсэн явдал юм. Энэхүү шийдвэр гарсны дараа Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор шийдвэр гарсан. Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Тодруулбал, зургадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг тул нэмэлтээр арванхоёрдугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно” гэж байв. Тэгвэл манай улсад анх удаа ийнхүү өвлийн ЭЕШ-ыг энэ сарын 16-нд эхлүүлж, 19-нд дуусгавар болголоо. Энэ удаад нийслэлд таван байршилд шалгалт авсан ажээ. Төгсөгчид дахин шалгалт өгч байгаа нь олон талын давуу талтайг албаныхан болон сурагчид, эцэг эхчүүд онцолж байсан юм. 

 

“Зуны ЭЕШ-д хүссэн оноогоо авч чадаагүй”

 

Өвлийн ЭЕШ-д 7334 төгсөгч бүртгүүлжээ. Харин үүнээс 90 гаруй хувийн ирцтэйгээр шалгалт үргэлжилсэн байна.  Дахин шалгалт өгсөн Б.Оюунболор “Би энэ хавар нийслэлийн 67 дугаар сургуулийг төгссөн. Ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй. Гэвч зургадугаар сард эрүүл мэндийн шалтгаанаас болоод шалгалтаа өгч чадаагүй. Үнэндээ сэтгэлдээ өөртөө гутарч, дахиад нэг жил хүлээх нь гэсэн айдастай байсан. Харин өвлийн энэхүү хоёр дахь удаагийн ЭЕШ-ыг өгч амжлаа. Биологи, хими, нийгмийн ухаан, математик гэсэн хичээлээр шалгалт өгсөн. Ямар ч байсан өөрийн хүссэн сургуульдаа элсэх боломжтой болсондоо баяртай байна” гэсэн юм. Харин нийслэлийн 76 дугаар сургуулийг төгссөн Б.Баттүшиг “Би зургадугаар сард ЭЕШ өгсөн. Гэвч хүссэн оноогоо авч чадаагүй. Тиймээс сайн бэлдэж байгаад оноогоо ахиулах зорилготой хоёр дахь ээлжийн шалгалтад орлоо. Манай ангиас надаас гадна хоёр хүүхэд хамт шалгалт өгсөн. Би цахилгааны инженер болох хүсэлтэй. Энэ мэргэжлээр хамгийн сайн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль нь ШУТИС. Тиймээс энэ сургуулийн босго оноог давах нь надад чухал байна” гэсэн юм.   

 

 Шалгуулагчдын оноог блокчейн сүлжээнд байршуулна 

 

М.Наранцэцэг “Манай охин энэ жил ахлах сургуулиа Канадад төгссөн юм. Зуны ЭЕШ-ын үеэр эх орондоо ирж чадаагүй. Тиймээс хоёр дахь удаагийн шалгалтад хамрагдах хүсэлтээ гаргасан. Эх орондоо хоёр жил сураад гадны сургуулийн тэтгэлэг авах зорилготой” гэв.  "Өвлийн ЭЕШ-ын хувьд зөвхөн суурь боловсролын гэрчилгээтэй сурагчдыг бүртгэсэн ажээ. Үүнээс гадна дүн онооны нууцлалын байдлыг харгалзан шалгуулагчдын оноог блокчейн сүлжээнд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат онцолж байсан юм. Тэрбээр “Манай төв ЭЕШ өгөх гэж байгаа шалгуулагчдад зориулан шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зөвлөгөө үйлчилгээ тогтмол үзүүлсэн. Мөн энэ удаад дүн оноог блокчейн системд байршуулснаар илүү найдвартай хадгалагдана гэсэн үг” гэв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 247 (6979)