П.Амгаланбаяр

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Хан-Уул дүүргийн хэмжээнд хэдэн хорооны, хэчнээн хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа вэ?


-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь 25 хорооны 209.524 хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг 198 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үзүүлж байна. 


-Танай хамт олон энэ өдрүүдэд энэ оны ажлаа дүгнэж байгаа байх. 2022 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарав?
-Телемедициний тусламж үйлчилгээг шинээр бий болгосон. Ингэхдээ Улсын Гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нартай телемедицинээр харьцаж өвчтөний асуудлыг хамтран шийдвэрлэж байна. Мөн тавдугаар сараас ходоодны дурангийн кабинетыг ажиллуулж дурангийн оношилгоог хийдэг болсон. Уламжлалт, сэргээн засах кабинетэд өдрийн эмчилгээг шинээр нээж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмчилгээндээ тан, талх, үрэл эмнүүд, иллэг бариа, сам, соруул, зүү, хануур, төөнүүр, сэргээн засах эмчилгээг хавсруулсан. Гемодиалезийн тусламж үйлчилгээг өдөрт зургаан үйлчлүүлэгчид үзүүлдэг байсныг шинээр нэг аппарат нэмж суурилуулснаар өдөрт найман үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг үзүүлдэг боллоо.


-Танай дүүрэг харьцангуй олон хүн амтай, том дүүргийн нэг. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд зохион байгуулалтын ажил чухал байдаг уу?


-Хэвтэн эмчлүүлэх тасаг нь  дотор, мэдрэл, хими, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, хүлээн авахаас бүрдэнэ. Харин яаралтай тусламжийн тасаг нь эрчимт эмчилгээ, гемодиалез, хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байхаар хоёр тасаг болгон зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд хүний нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн жирэмсэн эхийн нэрийн хяналт, жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор энэ оны тавдугаар сараас эхлэн “Жирэмсэн эмэгтэйн хяналт, бүртгэлийн программ”-ыг нэвтрүүлсэн. Ингэснээр эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй эхчүүдийг бусад нарийн мэргэжлийн эмчтэй хамтран онцгойлон хянах боломж бүрдсэн.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2022 оныг "Эрүүл мэндийн тусламж үйчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулан эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнуудын дунд 14 хоног, нэг сарын хугацаатай таван удаагийн аян зарлаж дүгнэн эмч, мэргэжилтнүүдийг урамшуулсан. Түүнчлэн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан, Эрүүл мэндийн төвд сайн дурын ажилтан Японы сувилагч энэ оны долдугаар сараас нэг жилийн хугацаатай ажиллан, сувилагч нартай туршлага солилцож байна.


-Энэ онд нийслэл, дүүргээс ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн  бэ?


-Хан-Уул дүүргийн Тамгын газрын хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөл засварын ажлын хүрээнд 81 мкв талбай бүхий өргөтгөлийг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, дуусах шатандаа явж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар гемодиалезийн аппаратыг  шийдэж өгсөн. Мөн байгууллагын хөрөнгө оруулалтаар Молекул биологийн лабораторийн өрөө тасалгааг засварлан тоног төхөөрөмжийг суурилууллаа.


-Орон даяар хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог хийж байгаа. Танай дүүргийн хэмжээнд энэ үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?


-Манай дүүргийн хувьд хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны хүрээнд энэ оны тавдугаар сарын 1-нээс зохих ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, дүүргийн 209.524 хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна. Мөн дүүргийн  0-17 насны 80943 хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөр, 18-аас дээш насны 128581 хүн амыг эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, “Гэгээн-АрҮр”, “Клинико” эмнэлэг, “Санмедикал”, “ЭНЭҮТ-2” эмнэлэг  хуваарийн дагуу  эрт илрүүлэг  үзлэг, оношилгоо, шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар нийт 57003 иргэн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдаж 27.4 хувьтай явагдаж байна.  


-Хүйтэн сэрүүний улиралд хүн амын дунд амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Эмнэлгийн ачаалал хэр байгаа вэ?


-Улсын хэмжээнд 49 дэх долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 8.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын шинжилгээгээр томуугийн А, В хүрээний вирус, Sars-CoV-2, томуу төст өвчний үүсгэгч илэрсэн. Хүн амын дунд томуугийн А, В хүрээний вирус эргэлтэд орж ирсэнтэй холбоотой сүүлийн үед томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна.


Дүүргийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 13.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 77.3 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн төв дээр хүүхдийн томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг хүртэл бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл ажиллуулж тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд үзүүлж байгаагийн 60-70 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байна. Мөн 24 цагаар зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгч байгаа.


-Томуугийн өвчлөл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?


-Хамгийн энгийн зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэвшүүлэх нь чухал юм. Жишээлбэл,, амны хаалтыг тогтмол зүүж, гарын эрүүл ахуйг сайн сахиж хэвших, витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах хэрэгтэй. Мөн улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий заавал хэрэглэх. Бага насны хүүхдийг  олон нийтийн газраар авч явахгүй байх. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэгийг хийж байх. Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийж хэвших. Содатой болон давстай ус, тамидинаар хоолойгоо тогтмол зайлж хэвших хэрэгтэй.
-Ирэх онд тусламж үйлчилгээний чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Оношилгоо, шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтална. Молекул биологийн лабораторийн шинжилгээний төрлүүдийг нэмэгдүүлэх,  зүрхний ачаалалтай бичлэг, тархины доплер, цахилгаан бичлэг зэрэг оношилгоог  хийхээр төлөвлөж байна. Мөн Япон улсын хөрөнгө оруулалтаар нүдний өвчин судлалын тусламж үйлчилгээг өргөжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Цаашлаад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 247 (6979)